МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Г.Дамдинням: Олимпийн медальтнууд ял авсан ч насан туршид нь цалин олгох журам үйлчилж байна
2021.11.03
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Г.Дамдинням: Олимпийн медальтнууд ял авсан ч насан туршид нь цалин олгох журам үйлчилж байна

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ТӨМӨР ЗАМЫГ АЛЬ БОЛОХ ОЛОН ТАВИХ ЁСТОЙ-

-Намрын чуулган үргэлжилж байна. Таны хувьд яг ямар хуулийн төслүүд боловсруулж, ажиллаж байна вэ?

-Намрын чуулганаар улсын төсөв хэлэлцээд явж байна. Би боловсрол болон уул уурхайн чиглэлийн мэргэжилтэй хүн. Мэддэг, чаддаг хоёр сэдвээрээ идэвхитэй ажиллаж байна. БСШУС-ын байнгын хорооны хуралдаанаар Боловсролын тухай багц хууль хэлэлцэж байна. Энэ хуулиудын ажлын хэсгүүдэд ажиллаж байна. Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар, байнгын хорооны даргын хувьд таван хуулиа хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг хүлээсэн. УИХ-ын Хяналт шалгалтын тухай хууль гэж анхдагч хууль хэлэлцэж байна.

-Боловсролын тухай багц хуулийн төслийн Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль анхаарал татаж байна. Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй байхаар хуульчилж байгаа гэсэн. Энэ нь ээжүүдийн ажил эрхлэлтэд сөргөөр нөлөөлөх юм биш үү?

-Төр нийгмийн бүхий л хэсэгт үйлчилгээ үзүүлж байх ёстой. Боловсролын сайд саяхан мэдээлэл хийсэн. Хоёр, гурван настай хүүхдүүдээ удахгүй цэцэрлэгт аваад эхэлнэ гэсэн. Манай боловсролын тухай багц хуулиудад олон зөрчилтэй асуудал байна. Нийгмийн бүх оролцогч талуудыг хамруулах, тэдгээрийн дуу хоолойг сонсох, тэгж байж шийдвэр гаргах асуудлууд бий. Тэдний нэг нь хоёр, гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах асуудал. Мөн Ерөнхий суурь боловсролыг 12 жилээр тооцох, англи хэлний асуудал, олон улсын хөтөлбөрийг зөвшөөрөхгүй тухай гэх мэт. Нийгмийн бүхий л талын оролцоог хангасан өргөн дэлгэр хэлэлцүүлэг хийх ёстой.

-Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг танай намын бүлэг хаалттай хэлэлцсэн. Энэ асуудлаарх таны байр суурь ямар байгаа вэ?

-Төмөр замыг аль болох тавих хэрэгтэй. Өөртөө байгаа түүхий эдүүдээ зарж, маш их их хэмжээний орлого олох ёстой. Олсон орлогоороо тогтвортой хөгжийн чиг баримжаатай хөрөнгө оруулалтууд хийх ёстой. Арабын улсуудыг ярьдаг. Дараагийн түвшний хөгжил рүү оччихлоо. Аялал жуулчлал руу чиглэчихлээ. Манай улс эхлээд юугаар ч хөгжиж болох байх. IT-гаар хөгжиж болно. Монгол толгойгоор хөгжиж болно. Юу ч байж болно. Хамгийн гол нь хөрөнгө оруулалт, мөнгө хэрэгтэй. Техник, дэд бүтцийн асуудал байна. Тиймээс аль болох олон төмөр замын сувгууд тавих ёстой. Дэлхий нийтэд түүхий эдийн үнэ түүхэндээ байгаагүйгээр өндөр үнэтэй болчихоод байна. Гэтэл бид гаргаж зарж чаддаггүй. Коронавирусийн үед төмөр зам л гацаагүй явж байна. Тиймээс ямар ч үед саадгүй, хамгийн найдвартай, их хэмжээгээр тээвэр хийж болдог сувгаа дэмжих ёстой.

-Монгол улс төмөр замын асуудлаар хоёр хөршийнхөө хооронд хавчигдмал байдал орчихоод байна уу. Хоёр хөрш манайхыг алгасаад хоорондоо учраа олоод, төмөр замаа тавих асуудлууд сонсогддог?

-Би гадаад харицааны мэдргэжилтэн биш. Энгийн логикоор, надад байгаа мэдээллээр бодоод үэхэд өмнөд хөршийн гангийн хэрэгцээ өсөлтэй байгаа. Дараагийн жилүүдэд 4 дахин өсөх магадлалтай байна. Тэгэхээр орон сууцжуулах, ард иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах чиглэлээр хэрэглээнийх нь сууриар манай түүхий эд хэрэгтэй. Тиймээс борлуулах, зам сувгаа л нээх ёстой.

-БИ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙГ НУГАЧИН ДАРАХ БОДОЛТОЙ ХҮН БИШ-

-Өнгөрсөн долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар Хувь хүний нууц хадгалах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болсон. Энэ хуулийн төслөөр бол сошиал хуудастаа хэн нэгний тухай бичихдээ заавал өөрөөс нь асуусан байх ёстой гэдэг заалт орсон байгаа гэж байна. Энэ үнэн үү. Яг хуулийн концепц нь юу юм бэ?

-Тэр бол сошиалын буруу мэдээлэл болов уу. Өндөр түвшинд хөгжсөн улсуудад хэн нэгний тухай ямарваа нэг асуудал яригдлаа гэхэд эх сурвалжаас тодруулаад, дараа нь өөрөөс нь заавал асуух ёстой. Эрх чөлөөтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол тал талын байр суурийг хангаж, дүгнэлт хийх эрхийг иргэдэд үлдээж байх ёстой. Мэдээллийг тэгш, хүртээмжтэй хүргэнэ гэдэг бол ёс зүйтэй сэтгүүлзүй. Та нар дэлхийн хэвлэлүүдээс үлгэр дууриалал авдаг бол бүгд ёс зүйн кодтой ажилладаг.

-Гэхдээ энэ хуулийн төсөл сэтгүүлчдэд биш иргэдэд зориулсан биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Иргэд ардилсан нийгэмд хардах эрхтэй. Гэхдээ хүний нэр төр, алдар хүндэд халдах бол хориотой. Ардчилсан улсын үндсэн зарим бол миний эрх чиний эрхээр хязгаарлагдах тухай асуудал. Улс төрчид өөрийгөө хамгалах гэж байна гэсэн буруу сурталчилгаа яваад байна гэж ойлгосон. Бид бүгд тэгш орших ёстой. Төр нь, иргэд нь ч тэнцүү байж үнэ цэнэ нь оршино.

-Хэрвээ та нэг асуудалд холбогдлоо. Сэтгүүлчид баримт байлаа. Гэхдээ баримттай материалаа гаргаж тавихаас өмнө өөрөөс чинь тодруулвал мэдээж та үгүйсгэнэ биз дээ?

-Дүгнэлт хийх эрх нь уншигч, үзэгчдэд байх ёстой. Та нарын сэтгүүлчийн ёс зүйн дүрэмд байдаг биз дээ. Ямар нэг мэдээллийг баримт нотолгоонд суурилж мэдээлнэ гэдэг. Дүгнэлт хийх эрх нь ард түмнийх. Гадны хэвлэлүүд ийм мэдээлэл гарлаа, тэр этгээдээс мэдээлэл авах гэхэд хариу тайлбар өгсөнгүй гэдэг. Үнхээр баримттай мэдээлэл байвал дуугарч чадахгүй шүү дээ. Харин гүтгэлийн шинж чанартай байвал тайлбараа өгнө, эсвэл буруугаа хүлээнэ. Хагмийн гол нь тал талын байр суурийг илэрхийлнэ гэдэг бол хэвлэл мэдээллийн том зарчим. Тиймээс олон улсынхаа жишиг, хүний эрхийн байр суурийг тал талаас нь харуулах нь манай сэтгүүлчид хөгжих үндэс болох болов уу.

-Таны талаар хэвлэлүүдээр мэдээлэл гарахад та ямар хариу урвал үзүүлдэг вэ?

-Улайм цайм гүтгэсэн байвал хуулийн байгууллагад хандана. Түүнээс биш хэвлэл мэдээллийн хэрэгслийг нугачин дарах бодолтой хүн биш. Би чинь ардчилал гарахад долоон настай байсан. Миний хүмүүжил, төлөвшил ардчилсан үнэт зүйлээр явдаг. Хэвлэлийн эрх чөлөө заавал байх ёстой. Манай нийгмийн зөв бурууг илэрхийлж байх ёстой зүйл чөлөөт сэтгүүл зүй байх ёстой. Гэхдээ сэтгүүл зүй өөрөө ёс зүйтэй байх ёстой. Тэгж байж нийгэм зөв болно шүү дээ.

-Л.ХАЛТАР САЙДААС ӨӨР ХЭНЭЭС ХАРИУЦЛАГА НЭХЭХ ВЭ-

-Танай намын нэг гишүүнийг хүчингийн хэргийн яллагдагчаар татах тогтоол прокуророос гаргачихаад байна. Гэтэл энэ хүн төрийн ордондоо байсаар байна. Энэ байж болох уу?

-Аливаа ардчилсан улсад хүнийг гэм буруутай эсэхийг шүүх эцэслэдэг. Шүүхийн шийдвэр гартал хэн нэгний талаар байр суурь илэрхийлмээргүй байна.

-Дарханы зам таны хамгийн их анхаардаг асуудал. Энэ ажил ахисан зүйлгүй байх шиг байна. Яг юу нь болохгүй байна вэ?

-Дарханы замын ажил өнгөрсөн нэг жилийн хугацаанд ахисан. Гэхдээ санаанд хүрэхгүй байна. Маш товчхондоо энэ замын ажил гурван жил болж байна. Би гишүүн болоод нэг жил болж байна. Хамгийн идэвхитэй ажиллаж, баригдсан хугацаа нь өнгөрсөн нэг жил. Өөртөө нааж байгаа юм биш, тал талаас шахаж ажилласны үр дүн. Сэтгэл дундуур байгаа зүйл нь нийт ажлын явц төлөвлөснөөс 40 хувь хоцрогдолтой байна. Ашиглалтад орох хугацаа нь төдий чинээ хоцорно гэсэн үг.

-Ямар шалтгаанаар хоцроод байна вэ?

-ЗТХЯ-наас тайлбарлаж байгаагаар гурван шалтгаан хэлдэг. Нэгдүгээрт коронавирусийн нөхцөл байдлаас болж удааширсан гэдэг. Дэлхий даяар болж байгаа үйл явдал. Энэ эрсдлийг тойрч гарна гэж А ба Б төлөвлөгөө боловсруулж ажиллах ёстой. Энэ бол төрийн үүрэг. ЗТХЯ бол захиалагч байгууллага.

Хоёрудгаарт цаг уурын асуудал гэдэг. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Гэхдээ нэг тоонд итгэж өгөхгүй байна. 70-90 хоног бороо орсон гээд байгаа юм. Ус цаг уурын газраас асуухаар үнэн гээд байх юм. Тэгэхээр үүнийг зөвшөөрөхөөс өөр аргагүй болж байна.

Гурав дахь нь менежментийн алдаа. Үүнийг огт хүлээн зөвшөөрч болохгүй. Чадваргүй, хүн хүчгүй, тоног төхөөрөмжгүй, туршлагаггүй хятад компанийг Азийн хөгжлийн банкны хоёр тэрбумын багц дээр шалгаруулсан явдал. Тэд нарт төлбөр өгөөд явуулчихсан байгаа байдал. Хоёр жил ажил хийгүй байж байгаад гэрээгээ цуцлаад мөнгөө аваад явчихсан. Европын сэргээн босголтын банкны урсгалын санхүүжилтийг хийгээд явж байна. Төслийн дэмжих нэгж байгуулах ёстой. Гэтэл байгуулж чадахгүй хоёр сар орчим болоод нөгөө банк нь мөнгөө өгөхгүй гацаачихсан. Ингээд Дарханы замын ажил удааширсан. Сангийн сайд нэг удаагийн санхүүжилт олгооч гэж гуйж түүсний эцэст санхүүжилтээ олгоод ажил нь эрчимжсэн байдалтай байна. Ийм алдаанууд байна.

-Таны хувьд ЗТХЯ-ны сайд Л.Халтарыг нэлээд буруутгаж байгаа юм билээ. Сайдтай 100 хувь хамааралтай юу. Сайд солиод асуудал шийдэгдэх болов уу?

-Хамааралтай байлгүй яах вэ. Энэ салбарыг бүхэлд нь удирддаг энэ хүнийг хариуцлага хүлээ гээд томилчихсон байгаа шүү дээ. Дарханы зам эхэлснээс хойш одоо хүртэл энэ хүн ЗТХЯ-ыг удирдалцаж байгаа хүн шүү дээ. Дэд сайд нь байсан. Анхнаас нь Дарханы замыг хариуцаж байсан. Одоо сайд нь болсон. Тэгэхээр өөр хэнээс хариуцлага нэхэх вэ. Ард түмэн нэхэх ёстой шүү дээ. Ард түмнийг төлөөлөөд сууж байгаа би хариуцлага нэхэх ёстой. Гүйцэтгэх засаглалыг шахах, ажиллуулах ёстой. Би ажлаа хийж байна. Сүүлдээ ямар тайлбар тавьж байна вэ гэхээр Дарханы замыг явуулахгүй байх сонирхолтой бүлэг этгээд байна гэж байгаа юм.Нэг л их бүлэглэл ярьдаг хүмүүс болчихсон. Өөрийнхөө чадахгүй байгаа зүйлсийг ямар нэг байдлаар бултуулахыг оролддог. Ийм төрийн сайд гэж байж болохгүй. Ажлаа хийх ёстой л доо. Ажлаа хийгээд байвал маш сайн дэмжинэ. Ажлаа хийхгүй бол шахна.

-Сүүлийн хугацаа нь хэзээ ашиглалтад оруулахаар байгаа вэ?

-ЗТХЯ-ныхны хэлж байгаагаар ирэх оны аравдугаар сард л гээд байгаа юм. Би итгэхгүй байгаа. Дахиад 70 хоног бороо орсон гээд зогсож байж магадгүй улсууд. Ирэх онд хөдөлгөөн нээнэ л гээд байгаа. Гэрээний хугацаа бол 2023 оны аравдугаар сард дуусна. Арван багц ажил. Гурван багц нь дуусах шатандаа орсон. Долоон багц нь яагаа ч үгүй байна.

-Засгийн газрын сайд нарын дөрөв нь л давхар дээлтэй. Тэгэхээр сайдууд парламентаас биш гаднаас орж ирэхээр хариуцлага муутай ажиллаад байна уу?

-Ний нуугүй хэлэхэд шүүмлжлэлтэй зүйлүүд байдаг. УИХ дээр асуудлаа оруулж ирээд танилцуулах, бодлогоо авч гарах, хамгаалах зангараг гэж нэг юм байна шүү дээ. Ийм юм дутагдаж байгаа харагддаг.

-ТАМИРЧИД ЭРҮҮГИЙН ХЭРГЭЭР ЯЛ АВСАН Ч САР БҮР УРАМШУУЛАЛ АВДАГ ХЭВЭЭР БАЙХ ЖУРМЫГ ӨӨРЧИЛНӨ-

-Тамирчдыг нийгэмд үзүүлж байгаа үлгэр дууриаллаар нь шагнаж урамшуулж, цалин хөлс өгөх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн байсан. Тамирчдыг урамшуулах журамд өөрчлөлт оруулахаар болсон гэсэн үнэн үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлиг гараад олимп, дэлхийн тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдад насаар нь цалин олгодог болсон. Үүнийг нь Засгийн газар журам болгоод гаргасан байдаг. Ний нуугүй ярихад эрүүгийн гэмт хэрэгт шалгуулаад явж буй олимпийн медальтнууд байна. Гэтэл тэдэнд өгч буй мөнгө татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Тэр журамд зааснаар дээрх цалин урамшууллыг зогсоох ганц л заалт байна. Тэр нь допингтой орооцолдсон тохиолдолд гэж байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг нь шүүхээр тогтоогдоод, ял авчихсан байсан ч насанд туршид нь цалин урамшуулал олгох нь. Шударга бус байгаа биз дээ. Нийгэмд үзүүлж буй соён гэгээрэл, үлгэр дууриаллыг нь үнэлж өгч байгаа цалин. Гэтэл нийгмийн үйл ажиллагаанд оролцдоггүй. Тиймээс энэ журамд өөрчлөлт оруулж, сардаа тодорхой тооны соён гэрээрүүлэх сургалт сурталчилгаа хийх, мөн өөрийнхөө нэр төр, алдар хүндийг хайрладаг, хамгаалдаг шалгууртай байх ёстой.

Зөвхөн олимпийн төрлийн тэмцээнд амжилт үзүүлсэн хүмүүст олгоно гэдэг нь учир дутагдалтай. Олон тэмцээн уралдаан байна. Тэр хүмүүс ч гэсэн хөдөлмөрлөж байна. Манай бодибилдингийнхэн гэх мэт. Энэ хүмүүс амьдралаа зориулаад амжилтанд хүрч байна. Тиймээс энэ чиглэлээр ч журмыг өөрчлөх ёстой.

Олимп, дэлхийн тэмцээнд амжилт гаргалаа гэхэд давхардуулж цалин олгодог. Нийлүүлвэл нэг хүн сардаа 9.5 саяын цалин авч байна. 1000 хүн ажиллуулдаг компанийн гүйцэтгэх захирлаас илүү цалин аваад байна. Хамгийн өндөр авсан шагналынх нь тоогоор дараачийн олипийн цикль хүртэл олгоод, дараа нь тэтгэвэрт гарсных нь дараа үргэлжлүүлээд олгодог зохицуулалт хийж болно шүү дээ. Тиймээс иймэрхүү зохицуулалт хий гэдэг чиглэлийг Боловсрол, соёл, спорт шинжлэх ухааны байнгын хорооноос тогтоол гаргаж Биеийн тамир спортын улсын хороонд өгсөн. 2022 оны хоёрдугаар сард байнгын хороогоор хэлэлцүүлэх ёстой.

-Танай намын Ерөнхий нарийн бичгийн дарга сошиал хуудсаараа дамжуулан үе үе мэдэгдэл хийдэг. Энэ үеэрээ ҮХНӨ хийх талаар дурдаад байгаа. Уг нь найман жил гар хүрэхгүй гэсэн биш бил үү. Таны бодлыг сонсмоор байна?

-Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд найман жил гар хүрэхгүй гэж заасан. Үүнийг өөрчлөх эсэх нь парламентын бүрэн эрхийн асуудал. Үндсэн хуулийн өөрчлөлт байх ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дутуу хийсэн. Гүйцээх ёстой. Жишээ нь Дархан, Эрдэнэт хотыг улсын зэрэглэлтэй хот болгох тогтоол гарчихсан. Тэгсэн мөртлөө энэ хоёр хот үндсэн хуулиар нэгж биш. Тиймээс сая өөрчилсөн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн давуу тал энэ хоёр хотод ирэхгүй байна. Одоо Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Дархан, Эрдэнэт хотуудыг нэгж болгож бүртгэдэг болох ёстой. Ингэж байж улсын зэрэглэлтэй хотуудаа бодит утгаар нь хөгжүүлэх суурь тавигдана. Зөвхөн энэ утгаар нь харахад л Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой.

-Үндсэн хуулийг өөрчлөх гэдэг бол ард иргэдийн дэмжлэгтэй хийх ёстой зүйл. Гэтэл улс төрийн олонх болсон хүчин хүч түрээд өөрчилчихөж болдог юм уу?

-Хүч түрсэн асуудал ердөө ч биш. Энэ чинь нам биш УИХ. Ард түмэн сонгосон, найм дахь ардчилсан сонгуулиар энэ парламентыг сонгосон. Мэдээж Үндсэн хуульд дахин өөрчлөлт орох ёстой гэж үзвэл ард түмнээ, бүх талын оролцоог сонсох ёстой. Жишээ нь Дарханчууд, Эрдэнэтчүүд саяны миний ярьсныг шууд дэмжинэ.

-ЧУУЛГАНЫ ТАНХИМД ЗУРАГ ДАРУУЛСАН ҮЙЛДЛЭЭС ХЭН ХОХИРЧИХОВ-

-УИХ-ын гишүүн болоод та нэг жил боллоо. Ажил хэр урагштай явж байна вэ?

-УИХ-ын гишүүн үндсэндээ гурван үүрэгтэй. Хууль санаачилж батлуулах, хуулийн хэрэгжитийг шалгах, төсөв батлах. Гүйцэтгэх засаглалын ажилд оролцохгүй. Шахна, шаардана. Асууна, тодруулна. Асар их ярьдаг хүмүүс. Гэхдээ бодлогын түвшинд ажиллана. Өнгөрсөн нэг жилийн миний хувийн туршлагаас харахад хэрвээ барьж аваад хөөцөлдөж чадвал, идэвхи санаачлагатай ажиллавал дуусашгүй их ажил. Зүгээр суугаад байвал бас зүгээр суугаад байдаг л ажил юм байна даа гэж харагдсан. Миний төрж өссөн Дархан-Уул аймгийн иргэдийн итгэл надад байгаа учраас ерөөсөө зүгээр суудаггүй. Энэ дөрвөн жилийн хугацаанд уул уурхай, боловсролын салбарын хууль дүрмүүдэд томоохон өөрчлөлтүүд оруулна даа гэж зорьж байна. Өнгөрсөн чуулганаар соёлын салбарын гурван хуулийн төсөлд нэлээд анхаарч, хүчин чармайлт гаргаж батлуулж чадсан.

-УИХ-ын залуу гишүүд нийлж нэлээд хэдэн лобби бүлэг байгуулсан. Яг ямар лобби бүлэгт ажиллаж, юу хийж байна?

-Би гурван лобби бүлэгт байна. Нэгдүгээрт хүчирхийлийн эсрэг лобби бүлэг. Баярсайхан гишүүн ахалж байна. Өнгөрсөн пүрэв гарагийн өглөө гэхэд бид Эмэгтэйчүүдийн холбооныхонтой уулзлаа. Хүний эрхийн тухай хуулиуд дээр онцгой анхаараад ажиллаж байна. Боловсролын багц хуулиудад хүний эрхийн асуудлыг тусгуулахаар яриад, хөөцөлдөж байна. Хоёрдугаарт олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад нутагшуулахыг дэмжих лобби бүлгийн даргаар ажилладаг. БСШУ-ны байнгын хорооны даргын хувьд яг энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногоос томоохон хэлэлцүүлэг хийгээд явж байна. Олон улсад хийсэн шинэчлэлүүдийг Монгол Улсад турших туршлагуудаас авах ёстойг нь бид авах ёстой. Үүнийгээ хуулийн төслүүдэд шингээнэ. Гуравдугаарт Уул уурхайг дэмжих лобби бүлгийн даргаар ажилладаг. Ер нь мэддэг, мэдддэггүй олон сэдвүүд рүү үсчиж ороод байх дургүй. Нийтлэг үнэт зүйлтэй холбоотой асуудлууд дээр дуу хоолойгоо илэрхийлнэ.

-Таны хувьд хэлье гэснээ шууд хэлчихдэг, шүүмжлэх сэтгэхүйтэй хүн гэж харагддаг. Тэр утгаараа олон нийт дунд поп гишүүн гэж хэлэгддэг болсон байна. Чуулганы нээлт дээр зурагчныг дуудаад зургаа даруулж байгаа бичлэг тань бас сошиалд од болов?

-Бүх гишүүд тэгдэг. Би камерт л өртчихсөн юм байлгүй. Тэр үйлдлээс хэн хохирчихов. Ер нь Боловролын, Ашигт малтмалын, Хүний эрхийн тухай, УИХ-ын хяналт шалгалтын тухай, Соёлын тухай хуулиуд, эсвэл дарханы замын асуудлаар ярьж байгаа зүйлсийг минь анхаарвал та нарын амьдралд арай илүү хэрэгтэй байх болов уу даа. Ээж, ах эгч нар маань нэг гоё зураг авахуулаад өгөөч. Гэртээ угаалгаад тавьчихъя гэж хэлдэг учраас хааяа зургаа авахуулдаг. Мэдээж постер энэ тэр хийхэд хэрэгтэй байдаг.

Поп гэж хэлдэгийн тухайд бол намайг юу ч гэж нэрлэсэн хамаа алга. Тэртэй тэргүй олон нийтийн итгэл, хувь заяаг тээсэн миний хувьд гомдоод байх зүйл байхгүй. Ард иргэдийн сонголт болсондоо талархаж явдаг. Ажлаа хийх ёстой. Ажлаа хийгээд л явж байна. Юу ч гэж нэрлэсэн боловсролын салбарт цогц шинэчлэл үлдэх ёстой. Миний зорилго. Ашигт малтмалын салбарт хууль эрхзүйн өөрчлөлт орох ёстой. Түүнчлэн Дарханы зам ашиглалтад орох ёстой. Дархан-Уул хүн амьдрахад хамгийн таатай хот гэдэг концепцоо улам бататгах ёстой. Удахгүй хэвлэлийнхнийг цуглуулаад Дарханыг цаашид ямар хот байх талаар танилцуулга хийе гэж бодож байна.

Хууль тогтоох ажил хийхээр асар олон хүний эрх ашиг дундуур туучдаг. Тэр хүмүүс жижиг жижиг юмаар өөлж, муулах гэж оролддог байх. Харамсалтай гэх үү, хөгжилтэй гэх үү манай сошиал хэрэглэгчид нэг өдрийн, эсвэл нэг долоо хоногийн мундаг хүн болох гэж жижиг юм өөлж байгаа нь, анхаарал тавиад байгаа нь хувь хүмүүсийн сонголтынх нь асуудал байх л даа. Шүүмжилж л байг. Хэн нэгнийг хохироогоогүй бол боллоо шүү дээ.

ШИНЭ МЭДЭЭ