МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ч.Ундрам: Ирэх онд боловсролын салбарт 13 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн
2021.10.19
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ч.Ундрам: Ирэх онд боловсролын салбарт 13 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн

УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.

-УИХ-аар ирэх оны төсвийн төслийг хэлэлцүүлж эхэлсэн. Эдийн засгаа сэргээж, дэд бүтцийн ажилдаа анхаарна гэдгийг Засгийн газар мэдэгдээд байгаа. Энэ жилийн төсөв өмнөх онуудаас ялгаатай, эдийн засагтаа анхаарсан төсөв болж чадсан уу?


-Анх удаа Монгол Улсын түүхэнд 18.1 их наяд төгрөгийн зарлагатай төсөв орж ирсэн байна. Үүнийг Засгийн газар боловсруулахдаа үндэслэлтэй боловсруулсан байж таарна. Цар тахлын үе буюу сүүлийн хоёр жилд манай эдийн засаг гэлтгүй дэлхий нийтэд амаргүй цаг үе байлаа. Ирэх жил энэ хямрал харьцангуй гайгүй байх болов уу гэсэн төсөөлөл байна. Тодруулбал, Дэлхий банк зэрэг олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн өсөлтийг 4.8-5 хувьд хүрнэ гэж үзсэн. Харин Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд эдийн засгийн өсөлтийг таван хувьд хүрнэ гэж тооцоолсон байна. Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх гол хүчин зүйл нь түүхий эдийн үнийн өсөлт нөлөөлнө гэж тооцоолсон байгаа юм.

2021 оны эхний найман сарын байдлаар алт, зэс, төмрийн хүдэр, нүүрсний үнэ өссөн байна. Жишээлбэл, зэсийн үнэ энэ онд 9177 ам.доллар байна. Зэсийн үнийг ирэх онд 8915 ам.долларт хүрнэ гэж тооцоолсон байна. Харин нэг унц алт одоо 1803 ам.доллар байгаа. Ирэх жил 1821 ам.долларт хүрнэ гэсэн тооцоо бий. Төмрийн хүдэр 184 ам.доллар байсан бол 140-160 ам.доллар, нүүрс 152 ам.доллар байгаа бол ирэх жил 140 орчим ам.доллар болно гэсэн төсөөлөл байгаа юм. Эндээс харахад бид түүхий эдийн экспортоосоо орлогоо бүрдүүлэх боломж харагдаж байна. Үндсэндээ төсвийн орлогыг 16 их наяд гэж үзсэн. Тэгэхээр хоёр их наядын алдагдалтай төсөв боловсруулсан гэсэн үг. Гэхдээ энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчихгүй гэсэн үг.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчөөгүй гэдэг зүйлийг та хэллээ. Гэхдээ энэ хууль өөрөө тогтвортой байж чадаж байна уу?

-Энэ хуулийн дагуу бид ирэх оны төсвөө баталдаг. Дээрх хуулийг анх 2010 онд УИХ-аар хэлэлцүүлэн баталсан байдаг. Үндсэндээ энэ хуулийг мөрдөөд 11 жил болсон. Харамсалтай нь, энэ хуулиа бид тогтвортой мөрдөж ирээгүй. Төсвөө өргөн барихаас өмнө энэ хуулиа өөрчилчихдөг сул талтай. 2020, 2021 онд цар тахлын нөхцөл амаргүй байсан учраас бид хуульд өөрчлөлт оруулж болох байсан. Үүнээс өмнөх жилүүдэд өөрчлөлт оруулах шаардлага байсан уу, үгүй юү гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа дагаж мөрдөх шаардлагатай.

-Ирэх онд шүүмжлэл дагуулаад байдаг хөрөнгө оруулалтуудын үр өгөөжийг нэмэгдүүлж, төрийн байгууллагуудын урсгал зардлыг хэмнэнэ гэж байгаа. Үнэхээр ийм боломж манайд байна уу. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газар халамжаас хөдөлмөрт гэсэн зорилтыг дэвшүүлж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, халамжийн бодлогыг цэгцэлж, залуусыг хөдөлмөр эрхлэх боломжоор хангана гэдгээ мэдэгдээд байгаа. Энэ саналыг би маш зөв гэж харж байна. Манайд сард нэг өрх сая төгрөгийн халамж авдаг тоон мэдээлэл хүртэл гарсан байна лээ. Тэгэхээр халамжийн бодлогыг зорилт бүлэгт нь чиглүүлэх нь зүйтэй. Түүнчлэн ирэх онд том төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж, дэд бүтцээ сайжруулахад анхаарна гэж байгаа. Том төслүүдээ явуулж байж жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлнэ.

Мөн дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр тусгасан байна. Энэ нь эдийн засгийн чухал ач холбогдолтой. Ирэх онд хэмнэлтийн горимд шилжиж байгаа. Тодруулбал, төрийн албаны урсгал зардлыг танах, гаднын томилолтын зардлыг төсөвт суулгахгүй байхаар төсөл боловсруулсан байсан. Үүнтэй уялдуулаад бий аудитын чухал баримтыг дурдъя. Шаардлагад нийцэхгүй 346 автомашин байна. Энэ нь 13 яам 32 агентлагт байгаа юм. Үүнээс эрсдэл өндөртэй 119 автомашин түүвэрлэн авч үзэхэд 2020 онд шатахууны зардал 361.6 сая төгрөг, сэлбэг, тос бусад зардалд 271.6 сая, дулаан зогсоолын зардал 61.9 сая төгрөг, жолоочийн зардал гээд нийт 1.7 тэрбум төгрөгийн урсгал зардал гарсан байгаа юм. Тэгэхээр ирэх жил энэ мэт урсгал зардлуудыг хэмнэж болох нь.


"Манайд сард нэг өрх сая төгрөгийн халамж авдаг тоон мэдээлэл хүртэл гарсан"


-Цар тахлын нөхцөл бүрэн арилчихаагүй, амаргүй цаг үе байна. Төсвийн орлогоо маш өөдрөгөөр төсөөлөөд байх шиг. Тухайлбал, 37.6 сая тонн нүүрс экспортолно гэж байгаа. Өнөөдөр манай гол экспортлогч орон хилээ хаачихсан байна шүү дээ. Цаашид ч ийм нөхцөл байдал гарахыг үгүйсгэхгүй. Энэ тухайд?

-Энэ асуудлыг ч гишүүд хөндөж байгаа. Бид төмөр замтай болчихсон. Хоёр улсын хил дээр замын царгийн асуудал байгаа энэ асуудлаа шийдчихээр ажиллаж байгаа юм билээ. Сангийн сайд ч нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийн төлөө бүх хүчээ дайлан ажиллана гэж байгаа.

-Төсвийн төсөлд тусгаснаар энэ жил боловсролын салбарт шинэчлэл хийхээр төсвийг нь өмнөх жилүүдээс нэмсэн харагдсан. Таны тухайд боловсролын салбараас орж ирсэн гишүүн. Энэ ажлыг үр дүнтэй эхлүүлж чадах болов уу?

-Энэ намрын чуулганаар Боловсролын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Би Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг хэсгийг ахалж байгаа. Манайх төсвийн зарлагын 13 их наяд төгрөгийг боловсролын салбарт заруулах юм. Энэ нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 4.4 хувьтай тэнцэж байгаа юм. Боловсролын салбарт тэргүүлдэг хөгжингүй орны төсөвт манайх дүйцэж очиж байна гэж ойлгож болно. Гэхдээ үүнийг зөв зүйлд зарцуулах ёстой.

Бүх хүүхдэд төсвийн зардлыг тэгш хүртээх ёстой гэсэн зарчим баримталж байна. Түүнчлэн ирэх жил багш нарын цалин, урамшууллыг нэмэх асуудлыг ярьж байгаа. Ингэхдээ сайн ажилласан ажилчдыг урамшуулдаг байдлаар олгох нь зүйтэй гэж үзсэн.

-Урсгал зардлаа танаж байна гэж байгаа ч хэмнэлтийн горимд шилжиж чадах уу гэдэг эргэлзээ бий. Таны бодлоор өөр хэмнэж болох өөр ямар урсгал зардал байх байсан бол?

-Миний харж байгаагаар байгалийн баялгаас орж ирж байгаа АМНАТ-ын татвар буюу уул уурхайн орлогыг ойрын хэдэн жил 30, 30 хувийг нь шууд эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулмаар байгаа юм. Энэ нь хамгийн зөв халамж. Одоо хадгаламжтай хүүхэд гэдэг зүйл ярьж байгаа. Гэхдээ хадгаламжтай боловсролгүй хүүхэд, эсвэл хадгаламжтай хэр нь эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй байвал болохгүй. Халамжаас хөдөлмөрт гэсэн бодлого хэрэгжээд үр дүнгээ өгчихвөл маш олон залуус ажлын байртай болж, орлого нэмэгдэнэ. Хамгийн том шийдэх асуудал нь төрийн өмчит үйлдвэрийн газруудыг цэгцэлнэ. Хэдий энэ удаагийн төсөвт төрийн өмчит үйлдвэрийн газруудыг цэгцэлнэ гэж байгаа ч цаашид хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай.

-Халамжийн бодлогоо цэгцэлнэ гэдэг. Гэтэл халамжаар амьдарч байгаа олон өрх бий. Эдгээр өрх ядууралд өртөх вий гэдэг болгоомжлол байгаа шүү дээ?

-Ковидтой үеийн харвал халамж хангалттай сайн байсан. Харин цар тахал хуваариа хөдөлмөр эрхэлдэг, дунд давхаргын хүмүүст хүндээр нөлөөлсөн. Халамжаар амьдардаг давхаргыг ажлын байранд зуучлах зэрэгт анхаарч байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гишүүд төсөвт оролцож, тойрогтоо мөнгө татдаг байдлыг хязгаарлалаа гэсэн. Гэтэл энэ жил гишүүд дөрвөн тэрбум төгрөг хуваарилсан байна. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Тойргийн төсвүүд өөр өөр байгаа. Бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлаас шалтгаалж, жигд биш байгаа.

-Та тойрогтоо хуваарилах дөрвөн тэрбум төгрөгөөр юу хийхээр төлөвлөж байгаа бол?

-Манай тойрогт дэд бүтэцтэй холбоотой хоёр том төсөв байгаа. Нэгдүгээрт, Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас Зэлтэрийн боомт хүртэл хатуу хучилттай зам тавих, баруун сумдын газар тариалангийн сумдад автозам барих ажил бий. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгуудад шинэчлэл хийх ажил байна. Мөн Алтанбулаг сумыг сайн сум болгоход дөрвөн тэрбум төгрөг төсөвлөсөн. Бид сонгуульд нэр дэвшихдээ тодорхой амлалт өгдөг. Ингээд төсөвт аймагт хийх ямар ажлууд байна гэдэг санал аваад бид аймааг орон нутгаас хийх ажлыг жагсаалт гаргаж, шаардлагатай хөрөнгийг нь өгдөг.

-Засгийн газар хоёр том дэд бүтцийн ажилд зээлийн батлан даалт гаргах юм билээ. Энэ тухайд ямар саналтай байна вэ?

-Том төслүүдээ урагшлуулахад зоригтой ажиллах ёстой. Манайд сэргээгдэх эрчим хүчний нөөц байсаар байтал ОХУ-аас эрчим хүчээ импортолж байна.

-Ирэх онд манайх эдийн засгаа сэргээж чадах уу?

-Би боломжтой гэж харж байна. Том төсөл хөтөлбөрүүдээ эхлүүлчихвэл ажлын байр бий болно. Ингээд том төслөө дагаж, ЖДҮ хөгжинө.

ШИНЭ МЭДЭЭ