http 105

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Ганхуяг: Одоогийн хөрөнгө оруулалтын хууль уул уурхайд зориулагдсан юм шиг хардлага төрүүлж байна
2021.10.15
Эдийн засаг, Худалдаа

Х.Ганхуяг: Одоогийн хөрөнгө оруулалтын хууль уул уурхайд зориулагдсан юм шиг хардлага төрүүлж байна

УИХ-ын гишүүд болон нийгмийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртөж, олны анхаарлын төвд ороод буй Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль санаачлагч УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягтай ярилцлаа.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт өнгөрсөн өдрүүдийн гол сэдэв байлаа. Хуулийн төслийн гол концепцоосоо хоёулаа яриагаа эхэлье?

-Хоёр юм байна гэж би хувьдаа ойлгоод байна. Нэгдүгээрт, Монгол руу хийж буй хөрөнгө оруулалтад ямар нэгэн босгогүй болгож байгаа хуулийн үндсэн агуулгатай санал нийлж байна гэж ойлгосон. Яагаад гэвэл энэ чиглэлд ямар нэгэн дайралт шүүмж ирсэнгүй. Сүүлийн нэг жил гаруй хугацаанд судалгаа, хэлэлцүүлэг зохион байгуулсны үндсэн дээр уг хуулийг өргөн барьсан. Харин үүнтэй холбоогүй хууль буюу Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуультай холбож тайлбарлах гээд байх шиг байна. Тэр бол энэ хуулийн зүйл заалттай огт хамааралгүй зүйл. Хоёр хуулийг хооронд нь хольж хутгаад байна.

Босгогүй болгочихоор гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж гэдэг томьёолол байхгүй болчихож байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг хуучин томьёоллоор бол 25-аас дээш хувийг нь гадаадын иргэн эзэмшээд, 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гээд босго тавьдаг байсан. Босгогүй болчихоод бүгдээрээ л ХХК болж байна гэж ойлгох хэрэгтэй. Гадаад ч байна уу, дотоод байна уу хэн нэгэнд нь илүү эрх, хөнгөлөлт олгохгүй, хэн илүү хөрөнгө оруулалт хийнэ, түүнд нь тулгуурлаж хөнгөлөлт үзүүлнэ гэж үндсэн концепстэйгээр анх бичигдсэн хууль. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалт гэж байхгүй болохоор гадаадын хөрөнгө оруулагч гэдэг юм нь цаана үлдэнэ. Нэгэнт Монголд хөрөнгө оруулчихсан хүн ирж очих асуудал үүснэ. Шаардлагатай бол Монгол Улсад ирж амьдрах шаардлага үүснэ. Үүнийг нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар Засгийн газрын бүрэн эрхийн дагуу Гадаадын иргэн харьяатын газраас өгдөг.

-Таны санаачилж өргөн барьсан хуулийг өөр хуультай холбож тайлбарлах, улмаар сошиал орчинд цахим bully хийх хүртлээ хэний эрх ашиг хөндөгдсөн бэ?

-Хэний эрх ашиг хөндөгдсөн бэ гэвэл хамгийн түрүүнд визний ченжүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм. Солонгос, АНУ, Австралийн визний ченж гэж байдаг бол Монголын визний ченж гэдэг зүйл бий болжээ. 100 мянган ам.долларыг нь дансанд байршуулаад оршин суух визийг нь 20-30 сая төгрөгийн ханштай төлбөр авдаг юм байна. Манай улсын бүх юм ченжүүдийн гарт орчихжээ. Махны үнэ яагаад буурдаггүй, яагаад нүүрс дэлхийн зах зээл дээр 450 ам.доллартай байхад манайх 100 ам.доллараар гаргаад байгаа юм бэ. Энэ бүгд дунд нь дамлаад байгаа ченжүүдтэй л холбоотой.

Маш их мөнгө зарж дайралт явуулаад байгаа нь 4-5 хоногт ажиглагдлаа. ЗГ-аас ирүүлсэн саналдаа гадаадын хөрөнгө оруулалттай компани хөрөнгийн эх үүсвэрээ нотлохгүй, дансанд байршуулсан мөнгөө виз даруулсны дараагаар буцаан татдаг, хөрөнгө оруулалт нь бодитой бус болдог зэрэг нөхцөл байдал үүсдэг нь учир дутагдалтай явж ирлээ гэсэн юм.

Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хөрөнгө оруулалт хийгээгүй хэрнээ дансанд 100 мянган ам.доллар байршуулаад виз авчихаад нөгөө мөнгөө данснаасаа гаргаж авч хэрэглээд үндсэн хөрөнгө оруулалтын ажлаа хийхгүй байна гэсэн үг. Манай хууль энэ хүмүүсийн эрх ашигт нийцэхгүй болчихсон. Яагаад гэвэл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 50 ам.доллар болж мөнгөн дүн нь буурсан ч гэсэн хөрөнгө оруулалт хийсэн нь татвар, нийгмийн даатгалаар хуулиар нотлогдох ёстой. Хоёроос доошгүй ажлын байрыг бий болгоно гэх зэрэг зохицуулалт орсон нь хуучин гардаг нугалааг байхгүй болгож буй юм. Манай хуулийн гол зорилго бодит хөрөнгө оруулалт хийх хүмүүсийг ялгаж салгах, тэдэнд зориулсан эрх зүйн орчныг нь нээлттэй болгож эерэг мессеж өгөх зорилготой.

-Гадаадын хөрөнгө оруулалт, гадныхан гэхээр л манайхан танк орж ирнэ, вакцинаар чип суулгана гэдэг их эмзэг ард түмэн. Хөрөнгө оруулалт бидэнд ер нь хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу гэдэг дээрээ УИХ-ын гишүүд нь ядаж нэг талдаа гарчихвал?

-Цаашаа энэ асуудлыг бүр дэлгэрэнгүй ярих нөхцөл байдал бидэнд үүсч, анхаарлын төвд орчихлоо. Ер нь хөрөнгө оруулалт Монголд хэрэгтэй юм уу, үгүй юу гэдгээ бодох хэрэгтэй. Иргэд шинэ гишүүдийг сонгохдоо өөрчлөлтийг хүсч сонголт хийсэн. Сүүлийн арван жилд ДНБ 4000 ам.доллар дээрээ байсаар байна. Арван жилийн дараа хүн амын тоо нэмэгдээд ирэхээр ДНБ 3000 ам.доллар руу орно. Бид хөрөнгө оруулалтаа хааж, хаалгаа цоожилчихоод зээлээр авсаар л ирлээ. Цаашдаа энэ хэвээрээ зээл аваад өр нэмээд л яваад байх юм уу гэдгээ сонгох хүртэл шаардлага үүснэ. Гэтэл дэлхийн улс орнууд хөрөнгө оруулалтын орчноо таатай болгох гээд бүгд зүтгэж байна шүү дээ. Манайх дэлхийтэй чаддаггүй юм аа гэхэд тойрсон хэдэн улсуудтайгаа өрсөлдөх хэрэгтэй биз дээ.

Гэтэл хуулийн төслийг мушгин гуйвуулаад байх юм. Гадаадын хөрөнгө оруулалт гэдгийг виз ч юм шиг, машин, орон сууц ч юм шиг байдлаар буруу тайлбарлалаа. Миний хувьд ченж гэдгээсээ гадна өөр юм давхар яваад биш үү гэж дотроо хардаж л байна.

-Давхар өөр юм гэж та яг юуг хэлэв?

-Шууд хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ хуулийг маш нарийн ярих шаардлага үүслээ.

-Хөрөнгө оруулалтын хуучин хууль нь гадаадын хөрөнгө оруулалтын дэмжээгүй, харин ч боомилсон гэж хэллээ. Энэ талаараа дэлгэрэнгүй тайлбарлавал?

-25-аас дээш хувийг нь гадны эргэн эзэмшээд 100 мянган ам.доллараас багагүй хөрөнгө оруулна гээд заачихаар чи гадаадын хүнтэй хамтрах болвол үлдсэн хувьдаа тааруулаад 300 мянган ам.доллар гаргах шаардлага үүснэ. Олон хүмүүстэй хамтармаар байвал тэр хэрээр их мөнгө гаргах болчихоод байгаа юм. Том компани л биш бол энэ мөнгийг гаргаад бизнесээ эхлэх ямар ч боломжгүй тул дотоод, гадаадын бизнес эрхлэгчдийг нэгэн зэрэг боомилж байгаа юм. Үнэнийг хэлэхэд хөрөнгө оруулалтын хуучин зөвхөн уул уурхайд л зориулчихсан хууль юм шиг хардлага төрүүлж байгаа. Уул уурхай зэрэг уламжлалт бизнест хөрөнгө оруулахыг л дэмжсэн өнгө аястай. Гэтэл одоо хөрөнгө оруулагчид уул уурхай биш цахим, мэдээлэл технологийн салбарт хөрөнгө оруулалт хийхээр сонирхоод байна шүү дээ. Мөн түрүүн хэлсэн визээр бизнес хийдэг байдлыг хуулийн замаар хяналтын тогтолцоонд оруулчихаж буй юм. Мөнгөн дүн багасгаад илүү их гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулах юм байна гэж хүлээж авч болохгүй. Харин ч Засгийн газрын хэлсэн шиг бодитой хөрөнгө оруулагчдыг бий болгоно.

-Хоёр гишүүн нь татгалзсан учраас дэгийн тухай хуулиар буцаан татагдах магадлалтай, энэ хуулийн төслийг анхааралтай хэлэлцэх ёстой гэдэг байр суурийг танай бүлгийн дарга илэрхийлж байна лээ. Энэ хууль цаашаа явах уу?

-Би явуулна гэж бодож байгаа. Дэгийн тухай хуулиа юу ч гэсэн харъя. Нөгөө хоёр гишүүнтэйгээ ч гэсэн ярилцаж үзнэ гэж бодож сууна. Ер нь энэ хууль Засгийн газар, УИХ гадны хөрөнгө оруулалтыг дэмжих үү, эсвэл зээл тусламжаа аваад яваад байх уу гэдгээ шийдэх гэх зэрэг олон зүйлд хариулт өгөхөөр дээсэн дөрөөн дээр ирлээ. Миний хувьд илүү сайн мэдээлэл өгч, тайлбарлаад явах шаардлага үүслээ.

-Б.Анужин, Д.Өнөрболор гишүүд таныг хуулиа танилцуулахгүй өргөн барьчихсан гэж мэдэгдээд ажлын хэсгээс гарахаа мэдэгдсэн. Та хуулиа танилцуулаагүй юм уу, нууцаар зүйл заалт нэмээд хуулийн хулгай хийчихсэн хэрэг үү?

-Би үүнийг гайхаад байгаа юм. Ийм боломж байдаг бол УИХ маш хэцүү байдалд орно доо. Энэ нэмэлт өөрчлөлт нь өөрөө гурван зүйл заалттай, ажлын хэсгийн гишүүд нь дөрөвхөн. Би нөгөө хоёр гишүүнээс яг юу нэмэгдэж хасагдсан гэж үзээд байгаа юм бэ гэдгийг л асуух гээд байна л даа. Хуулийн төслийг өнгөрсөн зургаадугаар сарын 21-нд өргөн барьсан. Тэр өдрөө parliament.mn вэб сайтад бүрэн эхээрээ тавигддаг. Үүнийг засч, өөрчлөх ямар ч боломжгүй. Нээлттэй тавигдсан цагаас хойш гишүүд болон олон нийт хуулийн төслийг үзэж, танилцах бүрэн боломжтой.

-Тэгээд яагаад хамтарч санаачилсан гишүүд чинь ийм зүйл яриад нийгэмд буруу ойлголт өгөөд байгаа юм бол?

-Би сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ чуулганы маргааш нэгэн зэрэг дүүжилж байгаа, буудаж байгаа болон урвагч гэсэн бичигтэй 10 гаруй постер, зургуудыг нэгэн сошиалд цацаад маш их дайралт ирсэн. Нөгөө инфльюнсерүүд нь гарч ирээд манай Монгол Улсыг худалдах гээд байна гээд л эхэлсэн. Магадгүй улстөржилттай холбоотой байж болзошгүй. Заналхийлсэн мессеж тоймоо алдсан. Ялангуяа над руу ирсэн дайралт маш чанга байсан. Хэрвээ миний амссан тэр дайралт, гүтгэлэг, доромжлолыг манай гишүүд амссан бол эмэгтэй хүмүүс тэсч гарахад үнэхээр хүнд. Би энэ талаас нь бас ойлгож, гишүүдийн үйлдлийг хүмүүст тайлбарлаад байгаа юм. Хэн ч оролдож болохгүй, улстөржүүлж болохгүй үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол гэдэг зүйлээр манайхан их хамаагүй тоглож, бас улстөржүүлж байна даа.

-Үндэсний аюулгүй байдал гэснээс уг хуулийг хаалттай хэлэлцэх саналыг зарим гишүүд хэлж байна лээ. Хаалттай хэлэлцэх ёстой байсан уу, одоо бол харин ч нээлттэй хэлэлцэх шаардлага үүссэн байх?

-Чуулганаар хэлэлцэхэд хаалттай хэлэлцэх хүсэлт тавиад би өөрөө ч энэ саналыг дэмжсэн. Яагаад гэвэл мушгивал эрсдэлтэй юм байна гэдэг өнцгөөс харж байсан. Гэвч нээлттэй хэлэлцээд тэрийг нь хүмүүс мушгичихлаа.

-Хөрөнгө оруулалтын хуульд хамгийн ач холбогдол өгч эрх зүйн орчинд нь ажиллах хүмүүс бол бизнесийнхэн. Энэ хүмүүс ямар байр суурьтай уг хуулийн төсөлд хандаж байна вэ?

-Сүүлийн нэг жил гаруй хугацаанд судалгаа хийж, маш олон уулзалтууд зохион байгуулж байгаад энэ хуулийг төслийг боловсруулж өргөн барьсан. Танхимаар дамжуулаад хамтарч ажилладаг бизнесийн төлөөллүүдтэй уулзсан. Roundtable гээд чуулга уулзалтыг зохион байгуулж нээлттэй хэлэлцэж, ярилцсан. Тэд маань монгол аж ахуйн нэгжүүд гадаад руу бараа, бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй байна. Ямар нэгэн байдлаар хамтарч хэрэгтэй байна, үүнийг эрх зүйн хувьд зөв зүйтэй зохицуулсан хуулийг батлуулж өгөөч гэдэг хүсэлтийг тавьж байсан.

-Та хуулиа явуулах сонирхолтой байна. Хэрвээ хууль батлагдвал 1.3 хувь болтлоо унаад байгаа гадаадын хөрөнгө оруулалт хэрхэн сэргэнэ гэж төсөөлж байна вэ. Хуулиасаа ямар үр дүн хүлээж байна?

-Таамаг судалгааг ковидын нөхцөл байдалд гаргах боломжгүй. Гэхдээ аж ахуйн нэгжээ байгуулах үйл ажиллагааг нь хялбаршуулчихсан болохоор илүү боломж үүснэ гэж хүлээж байна. Миний хувьд цахим, мэдээлэл технологийн салбарт гадны хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэх байх гэсэн бодолтой сууна.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг ярихад жижиг дунд бизнесийг үнэгүйдүүлэх, хүчийг нь сулруулах магадлалтай гэж үзэх тохиолдол бий. Энэ зүйл дээр та ямар бодолтой байна вэ?

-Жижиг дунд бизнесийг хаах, тэдэнд боломж болгохгүй байна гэж үзвэл Засгийн газраас журам гаргаад хөрөнгө оруулалт хийж болохгүй салбаруудыг жагсаалтыг гаргачихдаг юм.

Тэгээд үүнийгээ хөрөнгө оруулагчиддаа нээлттэй, ил тод зарлачихаар ийм асуудал үүсэхгүй. Бид аль болох үүд хаалгаа нээгээд гадны хөрөнгө оруулалтыг зөв зүйтэй татах ёстой шүү дээ.

-Ц.Даваасүрэн гишүүн хамгийн их шүүмжилсэн гишүүдийн нэг. Та уулзаж үзэв үү?

-Оюутолгойтой холбоотой асуудал энэ жил нэлээд яригдлаа. Би гишүүн болсноосоо хойш Оюутолгойн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар манайх ийм асуудлууд дээр алдаад, оноод байна гэдэг санал дүгнэлтүүд хүргүүлж байсан. Яг энэ хуультай холбоотойгоор ямар нэгэн байдлаар ярилцаж байсангүй. Гэв гэнэт дайраад л ороод ирсэн.

Г.Лхагвадорж

ШИНЭ МЭДЭЭ