Х.Нямбаатар “Рио Тинто”-гийн үйлдэлд сэтгэл дундуур буйгаа илэрхийлжээ
2021.10.07
Уул уурхай, Ашигт малтмал

Х.Нямбаатар “Рио Тинто”-гийн үйлдэлд сэтгэл дундуур буйгаа илэрхийлжээ

“Оюу толгой” төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийх Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон ажлын хэсгийн гишүүд “Рио Тинто” компанийн төлөөлөлтэй 2021 оны аравдугаар сарын 6-ны өдөр цахим уулзалт хийлээ.

Ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбогдуулж “Рио Тинто” компани хангалттай хэмжээнд тайлбар ирүүлэхгүй байгаад сэтгэл дундуур буйгаа илэрхийлж, цаашид харилцан итгэлцэлд суурилсан үр ашигтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд “Рио Тинто” компани илүү ил тод байж, сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу “Оюу толгой” ХХК дотоодоос эрчим хүч худалдаж авах үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай яриа хэлэлцээнд ахиц гаргахад “Рио Тинто” компани анхаарч, гэрээний төслийг эцэслэх ажлыг түргэвчлэх асуудлыг хөндлөө. “Оюу толгой” ХХК нь эрчим хүчний нэгдсэн сүлжээтэй цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг байгуулахаар яриа хэлэлцээ үргэлжилж байгаа юм.

“Оюу толгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллар буюу дөрвөн их наяд гаруй төгрөгөөр нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хоёр жилээр хойшилсон шалтгааны талаар гаргасан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд хариу өгсөн албан бичгийг “Рио Тинто” компанийн Марк Дэвийс гэх хүнээс 2021 оны есдүгээр сарын 24-ний өдөр Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хаяглан ирүүлсэн байна.

Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр төслийн хугацаа хойшилж, хөрөнгө оруулалтын зардал даруй 30 гаруй хувиар нэмэгдсэн нь төслийн менежментийн ажлын уялдаагүй байдал, менежментийн баг ур чадвар, туршлагагүй байснаас голлон шалтгаалсан гэж дүгнэсэн. Харин Рио Тинто компани урьдчилан харах боломжгүй хөрсний чулуулаг буюу геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалж зардал хэтэрч, хугацаа хойшилсон гэсэн тайлбарыг өгөөд байсан юм.

Ийнхүү зөрүүтэй дүгнэлт гарч байгаад тайлбар хийх шаардлагыг Ажлын хэсгийн зүгээс тавьсны дагуу “Рио Тинто” компаниас ирүүлсэн албан бичигт хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд тусгасан асуудалд тодорхой хариулт ирүүлээгүй бөгөөд монгол ажилтнууд төсөлд оролцож ажилласнаар хугацаа хойшилж, зардал нэмэгдэхэд нөлөөлсөн, ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалсан гэсэн ерөнхий зүйлсийг дурджээ. Цаашид “Рио Тинто” компани хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд бодитой, тодорхой хариулт өгөх шаардлагатай гэж Ажлын хэсэг үзэж буй бөгөөд 2021 оны аравдугаар сарын 4-ний өдөр энэ талаар тодорхой шаардлагуудыг тусгасан албан бичгийг “Рио Тинто” компанид хүргүүлжээ.

ШИНЭ МЭДЭЭ