"Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ"
2021.09.30
Хууль, эрх зүй

"Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ"

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр "Ерөнхий сайдын захирамжаар Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байнгын үйл ажиллагаатай ажиллаж, Засгийн газрын ээлжит хуралдаан бүрд тайлангаа тавьж байгаа. 

Манай ажлын хэсэг гурван үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Нэгдүгээрт, Авлигатай тэмцэх чиглэлээр хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох бөгөөд энэ хүрээнд аравдугаар сард Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ. Ингээд дэмжигдсэн тохиолдолд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх юм. 

Хоёрдугаарт, төрийн үйл ажиллагааг цахимжуулах, бүтцийг боловсронгуй болгох, төрөөс олгодог зөвшөөрөл, лицензийг бууруулах чиглэлд ажиллаж байна. Энэ хүрээнд хамгийн эхэнд хийгдэж буй ажил нь аравдугаар сарын 1-нээс газрын гэрчилгээг цахимаар хэвлэж авах боломжоор хангаж байна. Иргэд газрын гэрчилгээгээ авахаар сум, дүүргийн газрын албанд очих шаардлагагүй гэсэн үг. Хэрэв хүсвэл газрын албанд хандаж үнэт цаасаар хэвлүүлж авч болно. Цахимаар хэвлэж авсан QR кодтой гэрчилгээ үнэт цаасан дээр хэвлэлсэн гэрчилгээтэй адил хүчин төгөлдөр байх юм. Иргэдийн өмчилж авах 0.07 га газраас бусад хэлбэрээр газар авах тохиолдолд зөвхөн цахим дуудлага худалдаагаар авах өөрчлөлтийг хийж байгаа. 

Гуравдугаарт, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллаж байна. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойших хоёр сар гаруйн хугацаанд 700 гаруй дуудлага, мэдээлэл ирсэн. 

Засгийн газрын тэргүүний хувьд авлигын индексийг бууруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийг зорьж байгаа учраас Ажлын хэсгийг байнгын ажиллагаатай байлгахаар болсон. 

Төрөөс олгодог бүх төрлийн зөвшөөрөл, лицензийг цахимаар олгодог болоход чиглэн ажиллаж байгаа. Хэн нэг хүний оролцоогүйгээр зөвшөөрөл, лицензүүдийг олгох тогтолцоо руу шилжинэ гэсэн үг" хэмээн ярилаа. 

 

ШИНЭ МЭДЭЭ