МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу холбогдох яамдын сайд нарт албан тоот хүргүүллээ
2021.09.07
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу холбогдох яамдын сайд нарт албан тоот хүргүүллээ

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Говь-Алтай аймгийн иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу холбогдох яамдын сайд нарт албан тоот хүргүүлжээ. 

Бугат сумын Тахийн тал дахь “Биж” багийг эрчим хүчээр хангах шаардлагатай нарны станцын 360 ширхэг батарейг иж бүрэн шинэчлэх талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд,

Хөхморьт, Жаргалан сумдын нутагт орших Сангийн далай, Эрээн нуурын экологийн тэнцвэртэй байдлыг хангах, нууранд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлүүдийг арилгах чиглэлд дорвитой шийдэл гаргаж, шуурхай арга хэмжээ авах талаар Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нарт албан тоот хүргүүллээ.

Тахийн тал дахь суурьшлын бүсэд 42 айл өрхийн 40 хүүхэд бага сургуульд, 25 хүүхэд цэцэрлэгт хүмүүжиж, эмнэлэг, багийн төв, Говийн Их Дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагууд цахилгаан эрчим хүч ашиглаж байна.

Цээл суманд 2007 онд ашиглалтад оруулсан 30 кВт станцыг 2014 оны 07 дугаар сард Тахийн тал дахь Биж багт шилжүүлэн 60 кВт чадалтай болгон өргөтгөн суурилуулж, 2021 онд Баянтоорой багийн ашиглаж байсан 240 ширхэг батарейг 06 дугаар сард шилжүүлэн авчирч суурилуулсан бодовч эдгээр нь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа юм.

Эрээн нуур нь Завхан голоор тэжээгддэг ба үргэлжилсэн ган болон Тайширын усан цахилгаан станцын ажлаас үүдэлтэй сөрөг нөлөөлөл үүсээд байна. Ус татрах үеийн ургамлын үлдэгдэл, бусад орчны органик хаягдал, шуудуу татахад үүссэн бохирдол, элсний нүүдэл зэргээс хамааран нуурын биогений элементүүдийн агууламж нэмэгдэн намагших байдал нуурийн нийт хэсгийн 40 хувийг эзэлж эхэлсэн байна.

Иймд экологийн тэнцвэрт байдлыг хангахад онцгой анхаарал хандуулах ёстой. Эрээн нуур, Хүнхэр, Гэгээн нуур бол Говь-Алтай аймгийн аялал жуулчлалын “А” зэрэглэлийн хамгийн үзэмжит бүс, чухал ач холбогдол бүхий газар нутаг болно.

ШИНЭ МЭДЭЭ