Б.Энхбаяр: Ерөнхийлөгч шүүгчдийг томилох эрхээсээ татгалзах боломжгүй
2021.09.06
Хууль, эрх зүй

Б.Энхбаяр: Ерөнхийлөгч шүүгчдийг томилох эрхээсээ татгалзах боломжгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчдийг томилох, хариуцлага тооцох болон АТГ-ын даргыг томилдог эрхээсээ татгалзаж байгаа талаар ЕрөнхийлөгчийнТамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. 

Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэ нь боломжгүй тухай өөрийн цахим хуудастаа бичжээ.

Тэрбээр "Хэвлэлээр явж буй нэг мэдээлэлд залруулга хийхэд, Шүүхийн шинэ хуулиар Ерөнхийлөгчийн бүх шатны шүүгчдийг томилох бүрэн эрхийг хөндөөгүй бөгөөд тиймд шүүгчдийг томилох эрхээсээ Ерөнхийлөгч татгалзах боломжгүй юм. Энэ нь Үндсэн хуульчлагдсан Ерөнхийлөгчийн онцгой бүрэн эрх юм шүү" гэсэн байна.

Ерөнхийлөгчийн бүрэн эрх, хэрэгжүүлдэг чиг үүрэг болон хариуцлагын талаар Ерөнхийлөгчийн тухай болон Үндсэн хуульд хэрхэн тусгасныг өмнө нь мэдээлж байсан. Ерөнхийлөгчийн бүрэн эрх чиг үүргийг Үндсэн хуулиас гадна Ерөнхийлөгчийн тухай хуульд тусгасан байдаг.

Ерөнхийлөгч ямар бүрэн эрхтэй вэ?
  • УИХ-ын анхдугаар чуулганыг товлон зарлах, улс орны чанартай хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр УИХ-ын ээлжит бус чуулган чуулахыг санаачилна.
  • Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай Ерөнхий сайдаас тавьсан саналын талаар түүнтэй зөвшилцөнө.
  • Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах талаар Ерөнхий сайдаас ирүүлсэн саналтай танилцана.
  • Үндсэн хууль бусад хуульд нийцүүлэн зарлиг, захирамж гаргана.
  • Хууль санаачлах, хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ.
  • УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина.
  • УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож, төрийн бодлогын аливаа асуудлаар УИХ-д санал оруулах зэрэг бүрэн эрх Ерөнхийлөгчид бий.

Ерөнхийлөгч хэнийг томилдог вэ?

  • Бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу томилно.
  • ЗХЖШ-ын даргыг УИХ-тай зөвшилцөж томилно.
  • Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг томилох тухай саналаа УИХ-д оруулна. УИХ уг саналыг татгалзсан бол өөр хүнийг санал болгоно.
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө.

ШИНЭ МЭДЭЭ