ХЗБХ: Хаврын ээлжит чуулганы хугацаанд Өршөөл үзүүлэх тухай хууль болон зохиогчийн эрх, патент, оюуны бүтээл, хүний эрхийг хамгаалсан хуулиудыг батлуулжээ
2021.07.21
Хууль, эрх зүй

ХЗБХ: Хаврын ээлжит чуулганы хугацаанд Өршөөл үзүүлэх тухай хууль болон зохиогчийн эрх, патент, оюуны бүтээл, хүний эрхийг хамгаалсан хуулиудыг батлуулжээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлан болон 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд батлуулахаар төлөвлөж байгаа хуулийн төслийн талаар танилцуулах хэвлэлийн бага хурлыг өнөөдөр (2021.07.20) хийлээ.

    Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийт 23 удаа хуралдсан байна. Үндсэн хууль, Монгол Улсын эрх зүйн бодлого, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд 170 асуудлыг хэлэлцэн, Өршөөл үзүүлэх тухай, зохиогчийн эрх, патент, оюуны бүтээл, хүний эрхийг хамгаалсан хуулиудыг батлуулсан болохыг Байнгын хорооны дарга С.Бямбацогт мэдээлж, зарим хуулийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуулийн амин сүнс нь ардчилал, хүний эрхийг баталгаажуулах явдал бөгөөд энэ хаврын чуулганаар эрх зүйн хувьсгалыг эрчимжүүлэх, хүний эрхийг дээдэлсэн, эрх зүйт төрийг төлөвшүүлэх ажлыг төгөлдөршүүлэх төдийгүй хаврын чуулган нь ардчилал, хүний эрхийн чуулган байгаасай гэж хүсэж байна” гэж онцлон тэмдэглэсэн юм.

    Улсын Их Хурлаас 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Ингэснээр Монгол Улс Ази тивд анх удаа хүний эрх хамгаалагч гэж хэнийг хэлэх, хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдвөл хэрхэн хамгаалах талаар эрх зүйн зохицуулалттай улс болон бусад улсыг түүчээлсэн байна. Тус хуулиар хүний эрх хамгаалагч гэж хэн болох, хүний эрх хамгаалагч нь хүний эрх, эрх чөлөө, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах болон хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг хувийн ашиг сонирхолд ашиглахыг хориглосон зэрэг хоёр гол асуудлыг зохицуулсан гэв.

    Тодруулбал, ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа, түүнд оролцож байгаа хүнийг Хүний эрх хамгаалагч гэж тодорхойлсон бөгөөд хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн эсрэг хүчирхийллийн бус, тайван аргаар үзэл бодлоо илэрхийлж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг хүндэтгэж, аливаа хэлбэрээр хүний эрхийг хамгаалахыг “хүний эрх хамгаалах үйл ажиллагаа” гэж тодорхойлсон байна.

Нөгөөтэйгүүр, хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг ашиглан бусдыг сүрдүүлэх тэргүүтэй эрсдлүүдийг тооцож тухайн хүн нь хүний эрх хамгаалагч мөн эсэх, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулснаас шалтгаалан эрх нь зөрчигдсэн эсэхийг тогтоодог, зөрчигдсөн эрхийг нь хамгаалах үйл ажиллагаа явуулдаг Хүний эрх хамгаалагчийн хороо байх бөгөөд тус хороонд хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл давамгайлсан байхаар хуульчилжээ. Хороо нь хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, гомдол, мэдээллийн талаар нотолгоо, баримт, мэдээлэл цуглуулах, хүний эрх хамгаалагчийг хамгаалах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн гаргасан дүгнэлтийг Комисст хүргүүлэх зэргээр хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах юм.

Үргэлжлүүлэн тэрбээр зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулах Өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд өршөөл үзүүлэх онцгой бүрэн эрхийг зөвхөн Улсын Их Хурал хэрэгжүүлэхээр заасан бөгөөд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгыг Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан байдаг.

  Манай улс шинэ Үндсэн хуулиа батласнаас хойш 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онд буюу нийт 6 удаа Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргасан бөгөөд 2015 оны анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар зарим этгээдийг захиргааны буюу зөрчлийн шийтгэлээс чөлөөлж байсан юм.

    Эрүүгийн хуульд зааснаар Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

    Энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар Улсын Их Хурал авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүний амь насыг санаатайгаар бусниулсан; бусдын бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, хүүхдийн эсрэг үйлдсэн; эдийн засгийн эсрэг аливаа гэмт хэрэг; өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан хэдий ч дахин гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн тохиолдлуудыг өршөөлд хамруулахгүй байх зарчим баримталсан болохыг С.Бямбацогт дарга тэмдэглэн хэлэв. Мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, тэдгээрийг нийгэмдээ хөлөө олон ажил хөдөлмөр эрхлэх, учруулсан хохирлоо нөхөн төлөх боломжийг олгож байгаа юм байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн суурь зарчмыг баримтлахын зэрэгцээ тус хуулийн зохицуулалтад хамрагдан суллагдсан аливаа этгээд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо заавал нөхөн төлөх ёстой гэдгийг онцолсон.

    Дээр дурдсан долоон зарчмыг баримтлан Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хянан үзсэн бөгөөд Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг зарим гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүн өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдаж ял хасахаар байсныг өршөөлд хамааруулахгүй байх, эдийн засгийн эсрэг зарим гэмт хэргийг өршөөлийн хуулийн үйлчлэлд хамаарч ялгүй болох байсныг өршөөлийн хуулийн үйлчлэлд хамаарахгүй байхаар, мөн хохирлын хэмжээ нь их хэмжээний бус гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ажил хийж хөдөлмөрлөн хохирлоо нөхөн төлөх боломжийг олгох үүднээс зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зөв гэж хууль тогтоогчид үзсэн байна.

    Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр нийт ял эдэлж байгаа 4175 хоргидлын 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 371 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, 188 хоригдлын хорих ялаас 2 жилийг хасаж, өсвөр насны 25 хүн, нийт 709 хоригдол хорих ялаас чөлөөлөгдөж нийт 16.7 орчим хувийг өршөөлд хамааруулах тооцоо байсан бол Улсын Их Хурлаас дээр дурдсан зарчмыг баримтлан 1841 хоригдлыг буюу нийт 46 хувийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулахаар Улсын Их Хурлаас шийдвэрлэлээ.

    Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн 3669 ялтан хяналтад байгаагаас 3347 ялтны ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлэхээр тогтлоо.

    Энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хууль нь дараах байдлаар хэрэгжих юм байна. Нэгдүгээрт: Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх. Энэ нь өршөөлд хамруулахгүй байхаар зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шууд суллана гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангид ял эдэлж байгаа нийт 139 эрэгтэй, 3 эмэгтэй нийт 142 хүнийг шууд суллахаар байна.

Хоёрдугаарт: Ялаас өршөөн хасах. Энэ нь зарим гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна. Өнөөдрийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангид ял эдэлж байгаа нийт 168 эрэгтэй, 16 эмэгтэй, өсвөр насны 1, нийт 184 хоригдол эдлээгүй үлдсэн ялаа хасуулж суллагдах юм байна.

Гуравдугаарт: Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих. Энэ нь хорих ял эдэлж байгаа ялтнуудын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж хорих ангиас суллахаар Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан тодорхой гэмт хэргүүдэд хамаарна. Өнөөдрийн байдлаар 1086 эрэгтэй, 39 эмэгтэй, өсвөр насны 3 нийт 1128 ялтны хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.

    Зөрчлийн тухай хуулийг батлан гаргаснаас хойш гарч байгаа зөрчлийн 90 гаруй хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг хууль тогтоомжийн зөрчил эзэлж байна. Иймд иргэддээ боломж олгож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөх юм байна. Харин энэ хугацаанд зөрчлийн торгуулиа төлөөгүй тохиолдолд бүрэн төлүүлэх арга хэмжээг авах болно гэлээ. Цаашид торгуулийг тухай бүрд нь төлүүлэх шаардлага бий тул Улсын Их Хурал 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн баталж торгууль хуримтлуулдаг асуудлыг нэг мөр шийдвэрлэхээр төлөвлөсөн талаар Хууль зүйн байнгын хорооны дарга мэдээлсэн.

Үргэлжлүүлэн тэрбээр “Өршөөл үзүүлэх тухай хууль бол тухайн хүнийг суллаад, тавиад явуулж байгаа зүйл огт биш харин алдсан, эндсэн хүмүүсийг нийгэмдээ хөл нийлүүлэн ажиллаж амьдрах, ажил хийж учруулсан хохирлоо барагдуулах боломжийг олгож байгаа энэрэнгүй ёсны зарчмын үүднээс Улсын Их Хурал хууль гаргаж байна гэдгийг олон нийтэд зөв ойлголт төрүүлж өгөхийг хүсье. Ийм ч учраас урд өмнө боломж олгосоор байтал дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ өршөөлийн хуульд хамруулахгүй байх нь зүйн хэрэг гэж хууль тогтоогчид үзсэн болно” хэмээн цохон тэмдэглэв.

    Шүүх засаглал хараат бус, шударга байх Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэн иргэдийнхээ шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай хангах, шүүгч зөвхөн хуульд захирагдаж шийдвэр гаргадаг байх, шүүгч алдаа гаргасан бол хариуцлага зайлшгүй байх тогтолцоог бий болгох зорилгоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийг баталсан. Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангахаар Шүүхийн сахилгын хорооны 5 гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 5 гишүүнийг Улсын Их Хурал олон нийтэд нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байсан ч Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 3 дугаар дүгнэлтээр сонгон шалгаруулалттай холбоотой бүх зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр гарах хүртэл ажлын хэсгийн үйл ажиллагаа түдгэлзээд байгаа гэдгийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлсэн. Үндсэн хуулийн цэцийн энэ талаарх шийдвэр гарсан даруйд шүүхийн хараат бус үйл ажиллагааг хангах, шударгаар ажиллах бололцоог бүрдүүлэх дээрх  сонгон шалгаруулалтыг зохион байгуулна гэлээ.

Хууль зүйн байнгын хороо анх удаа томилгооны сонсгол зохион байгуулсан гэдгийг тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон. Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу тус байгууллагын дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор томилгооны сонсголд оролцуулж байж томилох эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм.

    Авлигатай тэмцэх ажлыг нэр төртэй, ур чадвартай хийж чадах хүнийг санал болгосныг иргэд, олон нийтэд танилцуулах зорилго бүхий томилгооны сонсгол нь Улсын Их Хурлын шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох иргэдийн дуу хоолойг хүргэх шинэ алхам болсон төдийгүй, Улсын Их Хурал тухайн нэр дэвшигчийг олон нийтэд таниулах, нэр дэвшигчийг санал болгож байгаа байгууллага нь гагцхүү хуулийн шаардлага хангасан мэдлэг, ур чадвартай хүнийг нэр дэвшүүлэн Улсын Их Хурлын болон иргэд олон нийтийн шүүлтүүрээр оруулах үүдийг нээсэн ач холбогдолтой болсон хэмээн Хууль зүйн байнгын хорооны дарга хэллээ.

    Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 19, 20 дахь илтгэлийг ээлжит чуулганы үеэр хэлэлцээд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр тодорхой үүрэг чиглэлийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан Улсын Их Хурлын тогтоолыг баталсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм.

    Үргэлжлүүлэн тэрбээр Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Зөрчлийн хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа талаар танилцуулсан.

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ний өдөр төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, “цэргийн дэг” нэрийн дор хугацаат цэргийн алба хаагчдыг дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүд удаа дараа гарч байгаа асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулсан бөгөөд зэвсэгт хүчин дэх дүрмийн бус харилцааг таслан зогсоох, шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцох агуулга бүхий тогтоол баталсан талаар Ц.Мөнхцэцэг гишүүн мэдээлсэн.

Хууль зүйн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд эдийн засгийн болон хүний эрхтэй холбоотой томоохон эрх зүйн өөрчлөлтийг бүрдүүлсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг онцлоод, Зохиогчийн эрхийн тухай, Патентын тухай, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрбээр дээрх хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм.

Улсын Их Хурал анх 2006 онд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталсан бөгөөд нийгмийн хөгжлийн чиг хандлага, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн харилцааг боловсронгуй болгох, хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй зөрчил, дутагдлыг арилгах болон Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн хамгаалалтын олон улсын гэрээ, конвенц, Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмж болон бусад улс орны нийтлэг зохицуулалт, чиг хандлага, өөрийн орны онцлогийг харгалзан хуулийг шинэчлэн баталсан байна. Эдийн засгийн болон технологийн хөгжлийн явцад үүссэн, өнөөдрийг хүртэл зохицуулалтгүй явж ирсэн олон асуудлыг шийдвэрлэх зохицуулалтууд хуульчлагдсан гэв.

Зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацааг зохиогч, эрх эзэмшигч, уран бүтээлчийн саналын дагуу туурвисан, эсхүл нийтэлсэн өдрөөс эхлэн 50 дахь жилийн арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байна гэж, хавсарга урлагийн бүтээл ашиглах онцгой эрх нь уг бүтээлийг туурвиснаас хойш 25 дахь жилийн арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байхаар хуульд тусгасан. Энэ зохицуулалт нь цаашид өв залгамжлагч ашиг олох, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг эрх тэгш, боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлэх юм байна.

Бүтээлийн төрлийг илүү дэлгэрэнгүй болгож, график урлагийн бүх төрлийн бүтээл, тэдгээрийн зураг төсөл, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, цогцолбор, кино урлаг, компьютерын программ болон мэдээллийн сан зэргийг хамруулахаар хуульчилжээ. Түүнчлэн фото зураг, дүрслэх урлагийн бүтээлтэй холбоотой онцлох зохицуулалтыг дурдаж байв.  Уран зураг, уран баримал зэрэг дүрслэх урлагийн бүтээлийн зохиогч бусдад бүтээлийн эрхийг өмчлөх, эрхийг шилжүүлэх тохиолдолд бүтээлийг нийтэд дэлгэж үзүүлэх эрхээс бусад бүтээл ашиглах онцгой эрх нь уг бүтээлийн шинэ өмчлөгчид шилжихгүй байх, бүтээл ашиглах бусад онцгой эрхийг зохиогч, зохиогчийн эрхийг энэ хуульд заасан журмын дагуу зохиогчийн эрх эзэмшигчээс авах үүрэгтэй, бүтээлийг худалдан авсан этгээд дахин худалдах тохиолдолд уг бүтээлийн зохиогчид худалдсан үнийн дүнгийн 5-аас багагүй хувийг төлөх үүрэгтэй байх зохицуулалтыг шинээр тусгасан хэмээн Ц.Мөнхцэцэг гишүүн онцлон мэдээллээ.

 Энэхүү эрх зүйн орчин бүрдсэнээр Монгол Улсын уран бүтээлчид, эрдэмтэд, судлаач, технологийн инженерүүд, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүд, тус салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, хамгаалах боломж бүрдэж байгааг тэмдэглэсэн.

Улсын Их Хурлаас Патентын тухай хуулийг анх 1993 онд баталсан бөгөөд 1996, 1999 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2006 онд шинэчлэн баталсан бөгөөд 15 жилийн дараа дахин шинэчлэн баталж байгааг мэдээллээ. Ингэснээр олон улсын зах зээл дээр Монголын бараа, бүтээгдэхүүнүүдийг гаргах, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой эрх зүйн шинэ орчин бүрдэж байгаа юм байна.

Даяаршлын өнөө цагт үндэсний бараа, бүтээгдэхүүнийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, дотооддоо болон бүс нутгийн хэмжээнд Монголын бараа бүтээгдэхүүнүүдийг хүлээн зөвшөөрүүлэх, үүссэн гомдол, хохирлыг барагдуулах эрх зүйн шинэ зохицуулалтыг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан байна.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг “Зохиогчийн эрхийн тухай, Патентын тухай, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталж, эрх зүйн орчныг сайжруулснаар уран бүтээлчдийг дэмжих, хамгаалах, эдийн засгийн шинэ салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд чухал ач холбогдолтой” хэмээн тэмдэглэлээ.

Ийнхүү Хууль зүйн байнгын хорооноос 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлан болон 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд батлуулахаар төлөвлөж байгаа хуулийн төслийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв

ШИНЭ МЭДЭЭ