МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ
2021.07.01
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.07.01) 10 цаг 20 минутад эхэлж, дараах асуудлыг хэлэлцлээ.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хуулийн төслийн танилцуулыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хийв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, 2021 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасан. Хуулийн төсөл 8 бүлэг, 43 зүйлтэй байхаар боловсруулагдсан бөгөөд зарчмын шинжтэй болон шинэлэг зохицуулалтыг танилцуулбал:

  • Сургалтын байгууллага ажил, мэргэжлийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт, мэргэшлийн түвшин бүрд нийцүүлсэн сургалтын хөтөлбөрөө өөсрдөө боловсруулах, тасралтгүй сайжруулах, хөтөлбөрөөрөө өрсөлдөх боломжийг бий болгосон.
  • Сургалтын байгууллагын бие даасан байдлыг хангаж, удирдах зөвлөл болон захирлын эрх, үүргийг нэмэгдүүлж, чанар, гүйцэтгэл, үр дүнд суурилсан удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоог нэвтрүүлэх, мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан нэг суралцагчид ногдох хувьсах зардлын төлбөрийн аргаар санхүүжих шинэ зохицуулалтыг тусгасан. Удирдах зөвлөл төрийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжтой нийцүүлэн сургалтын байгууллагыг хөгжүүлэх стратеги, төлөвлөгөө батлах, төсвийн төслийг хэлэлцэх, төсвийн хуваарийг батлах, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох, захиралтай байгуулсан гэрээг дүгнэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих зэрэг үүргийг хүлээх зохицуулалтуудыг тусгасан.
  • Суралцагч үйлдвэрлэлийн дадлага хийхдээ гурван талт гэрээ байгуулж, цалин хөлс авах, сургалтын орчны болон мэдээллийн үйлчилгээгээр хангагдах, эцэг эх хүүхдийнхэ сурах боломжийг хангах, аж ахуйн нэгж байгууллага стандарт, сургалтын хөтөлбөр боловсруулах, төгсөгчдийг үнэлэхэд оролцох, гэрээний дагуу үйлдвэрлэлийн дадлагыг сургалтын байгууллага, багштай хамтран зохион байгуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах, удирдах зөвлөлд гишүүнээр ажиллах сургалтын байгууллагыг удирдах, хөгжүүлэхэд оролцох зохицуулалтууд тусгагдсан.
  • Хуулийн төсөл батлагдсанаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээнд нийцсэн, хөдөлмөрийн болон харилцааны соёлтой, олон улсад өрсөлдөх мэргэшлийн өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшүүлэхэд ахиц өөрчлөлт гарч, мэргэжлийн боловсрол, сургалтын удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоо бүрдэнэ. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал буурах, эдийн засгийн өсөлт, үр ашгийг дээшлүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг хэрэгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж буйгаа танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Б.Баярсайхан, Б.Жаргалмаа, Ц.Мөнх-Оргил нар уг хууль боловсролын тухай хуультай нийцсэн эсэх болон бусад асуудлаар асуулт асууж, уг хуулийн төслийг Улсын Их Хурлын харьяа Байнгын хороо болон Боловсролын яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулах санал хэлж байв.

Ингээд Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76,9 хувийн саналаар дэмжигдлээ. Байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

ШИНЭ МЭДЭЭ