МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Санал, дүгнэлтээ дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо
2021.06.30
Эдийн засаг, Худалдаа

Санал, дүгнэлтээ дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.06.30) хуралдаан 11 цаг 08 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсэн юм.  

Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл зэрэг төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч, холбогдох албан тушаалтнууд болон Сангийн яамны ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Төрийн аудитын тухай хуульд заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат цахимаар танилцуулсан юм.

Төрийн аудитын байгууллага тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 8 байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагчдын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ. Аудитад хамрагдсан Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлийг “Зөрчилгүй” гэж дүгнэжээ. Мөн аудитын дүгнэлтээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөлийн  2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл “Зөрчилгүй” гэсэн дүнтэй гарсан байна. Харин Монгол Улсын Шадар сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай” гэсэн дүгнэлт өгчээ. Түүнчлэн аудитын түүвэрт хамруулсан санхүүгийн тайлангуудад хийсэн аудитаар илэрсэн алдаа, зөрчлүүдэд акт тогтоож, зөрчлийг арилгуулах, дахин давтахгүй байх талаар албан шаардлага, зөвлөмж өгсөн байна.

Аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Ж.Мөнхбат нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ