МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2021.06.29
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.06.29) 10 цаг 05 минутад эхэлж, Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Жаргалмаа хийв.

Тэрээр, нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу төслийн 9 дүгээр зүйлийн зарим заалтыг дахин найруулж, 9.2 дахь хэсэгт Кино урлагийн зөвлөлийн хараат бусаар ажиллах зарчмыг, 9.3-т уран бүтээлч, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулахаар тусгасан. Холбогдох журмын дагуу мэргэжлийн төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн иргэнийг зөвлөлийн гишүүнээр томилох асуудлыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталгаажуулна гэдэг агуулгаар цаашид Засгийн газар журмаар зохицуулаад явах болсон.

Түүнчлэн төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн төслийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т заасан “хүртэлх” гэдгийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ саналыг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу Байнгын хорооны гишүүдийн гуравны хоёр нь дэмжих ёстой. Мөн Кино урлагийг дэмжих тухай хуулийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байгаа. Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2021 оны намрын ээлжит чуулган эхлэхээс өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Кино урлагийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болох хугацаанаас өмнө батлуулахыг Засгийн газарт даалгасан “Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бэлтгэн танилцуулж байна гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Б.Баярсайхан, Н.Учрал нар ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, төслийн 9.2, 9.3 дахь хэсэгт заасан Кино урлагийн зөвлөлийн гишүүн, уран бүтээлчийг ямар шалгуураар хэн сонгох талаар тодруулав.

Ажлын хэсгээс хийсэн тайлбарт, зөвлөлийн гишүүний 30-аас доошгүй хувь нь соёл, оюуны өмч, төсөв, санхүүгийн салбарын төрийн байгууллагын, бусад гишүүд нь кино үйллдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа уран бүтээлч, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл байна. Мэргэжлийн төрийн бус байгууллага нь кино урлагийн чиглэлээр мэрэгшсэн, таваас доошгүй жил ажилласан туршлагатай иргэнийг нэр дэвшүүлнэ.

Албан тушаалтан, иргэнийг Зөвлөлийн гишүүнээр соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө. Зөвлөлийн дарга нь төрийн албан хаагч байх бөгөөд түүнийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө. Зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 3 жил байна. Энэ хугацааг нэг удаа сунгаж болно гэсэн танилцуулга хийв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж дууссаны дараа Байнгын хорооны дарга Г.Дамдинням Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтын дагуу /гүйцээн боловсруулах/ Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тусгаж, санал хураалт явуулав. Тухайлбал, төслийн 9 дүгээр зүйлд заасан “… Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө” гэснийг “… Засгийн газрын гишүүн батламжилж, чөлөөлнө” гэж өөрчлөхийг 76,5 хувиар саналаар дэмжигдэв.

Түүнчлэн, “Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлая гэсэн горимын санал хуралдаанд оролцсон гишүүдийн 76,5 хувийн саналаар дэмжигдсэн. Ийнхүү Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Жаргалмаа нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

ШИНЭ МЭДЭЭ