МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Г.Дамдинням: Дарханы замын ажлын гол түгжээ 2, 4-р багцын асуудал шийдэгдэх шатандаа орлоо
2021.06.15
Зам, Тээвэр

Г.Дамдинням: Дарханы замын ажлын гол түгжээ 2, 4-р багцын асуудал шийдэгдэх шатандаа орлоо

Дарханы замын ажил ахицтай урагшилж байна

Энэ хавраас эхлэн Дарханы замын бүтээн байгуулалтын ажил урагштай ахисаар байгаа. Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хувьд  Дарханы замын асуудалд байнга анхаарал тавьж хөл хорио тавигдсанаас хойш Ерөнхий сайдтай болон ганцаарчлан очиж ажлыг нь шалгаж, хяналт тавин ажилласаар байна. Дарханы замын төсөл анх Азийн Хөгжлийн банк (АХБ) -ны санхүүжилттэй таван багц ажил хийгдэж байсан бол энэ хавраас эхлэн Европын сэргээн босголт банк (ЕБСХБ)-ны санхүүжилттэйгээр хоёр урсгал шинээр нэмж хийхээр болж, нийт арван багцын ажил энэ хавраас харьцангуй эрчимтэй явж эхэлсэн.

Харин АХБ-ны таван багц ажлаас 2,4 гэсэн хоёр багц ажлыг авч, тендерт шалгарсан компанийн ажил урагшлахгүй байсныг талууд авч хэлэлцэн гэрээг цуцлах хүртэл хэмжээнд асуудлыг шийдвэрлэжээ.

Гүйцэтгэгч БНХАУ-ын "Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг Групп” гэх уг компани гэрээгээ цуцлахыг зөвшөөрсөн боловч нөхөн төлбөрийн асуудал үүсгэснээр дараагийн компанийг сонгон шалгаруулахад багагүй хугацаа алдсан байна. Харин энэ асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг гарч, тухайн компанийн гүйцэтгэсэн ажлынх нь бодит хэмжилтийг хийн үнийг тооцож, хяналт үнэлгээ хийж эхэлсэн таатай мэдээ байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням 

“Дарханчууд намайг замаа хурдан дуусгаарай гэсэн захиас даалгавартай сонгосон. ЕСБХБ-ны шинэ таван багц болон АХБ-ны гурван багцын ажил сайн, эрчтэй явж байгаа. Харин ажил нь зогссон, эдийн засагт маш их хор нөлөө учруулж, олон аймгийн ард иргэдийг хохироож байгаа АХБ-ны 2,4-р багцын асуудлыг шуурхай шийдэх хэрэгтэй байгаа. Анхнаасаа уг хоёр багц ажлыг хамтад нь тухайн үеийн ЗТЯ ямар ч туршлагагүй БНХАУ-ын "Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг Групп" гэдэг компанид өгсөн явдлыг шалгах ёстой. Харин одоо энэ компанийн асуудал үндсэндээ шийдэгдэж байгааг дуулгахад баяртай байна. Холбогдох талууд газар дээр нь хяналт үнэлгээ хийх ажлыг эхлүүлсэн. Үнэлгээ дуусмагц гэрээ цуцлагдаж дараагийн гүйцэтгэгч ажилдаа орох боломж нээгдэнэ. Одоо өмнөх гэрээг цуцалж, туршлага, чадавхитай компанийг сонгон шалгаруулж яаралтай ажилд нь оруулах нь хамгийн чухал байна” гэлээ.

АХБ-ны бусад багцын хучилтууд долдугаар сарын нэгэн гэхэд дуусаж, ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа аж.

ШИНЭ МЭДЭЭ