Баянхонгор аймгийн нутагт орших Их Богд хайрхны тэнгэрийг тайх анхны төрийн тахилгын ёслол боллоо
2021.06.02
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Баянхонгор аймгийн нутагт орших Их Богд хайрхны тэнгэрийг тайх анхны төрийн тахилгын ёслол боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны аравдугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн нутагт орших Их Богд хайрхан уулыг төрийн тахилгатай болгох тухай 131 дүгээр зарлигийг гаргасан.

Зарлигийн дагуу Их Богд хайрхны тэнгэрийг тайх анхны төрийн тахилгын ёслолыг Арван долоодугаар жарны Цагаагчин үхэр жилийн зуны эхэн харагчин могой сарын шинийн арван есний бэлгэт сайн шар барс өдөр /2021.05.30/ үйлдлээ.

Их Богд хайрхны тэнгэрийг тайх анхны төрийн тахилгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нарын албан ёсны төлөөлөгчид, Ламын гэгээн Данзанжамбалчойжишинэн тэргүүтэй лам хуврагууд, нутгийн ард иргэд оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирснээр Их Богд хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол эхэлсэн юм.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч “Ганжуур” их хөлгөн судраас адис авч ёслоход хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Өрнийн элч сүлд, Баянхонгор аймгийн далбааг тахилгын талбайн хоёр талд, Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилгын талбайн голд залав.

Тахилгын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Ламын гэгээн Данзанжамбалчойжишинэн нар үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Баянхонгорчууд аа,

Ард иргэд ээ,

Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг Их Богд хайрхны төрийн тахилгад хүрэлцэн ирсэн бүх хүмүүст мэнд дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Баянхонгор аймгийн иргэдийн хүсэлт, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг дэмжиж, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Их Богд хайрхан уулыг төрийн тахилгатай болгох тухай” 131 дүгээр зарлигийг гаргасан билээ. Үүний дагуу өнөөдөр энэ бэлгэт сайн өдөр Их Богд хайрхнаа тахиж байна.

Уул овооны тайлга тахилга бол мухар сүсэг, улирсан ёс заншил огт биш. Энэ бол үеийн үед байгалиа дээдэлж, зохицон амьдрахыг чухалчилж ирсэн нүүдэлчин ард түмнээс үр хойчдоо нутаг усаа хайрлан хамгаалахыг сургаж, ухааруулах, дадал болгох агуулгатай уламжлалт ухаан юм. Сав шим ертөнцийн жам зохилдлогыг танин барьж, зохирон аж төрдөг монголчууд байгалийг сөрөх, дийлэх гэж муйхарлах бус жам ёсыг нь танин зохицож, ээл ивээлд биширч, дээдлэл хүндэтгэлээ үзүүлэн элбэрэл даатгалыг хүсэн талбидаг уламжлалт зан үйл нь уул усны тахилга билээ.

Энэ бол байгаль, эх нутгаа хайрлан хүндэтгэх, хамгаалахыг үеэс үед сануулж, төрийн санах ой, бодлого болгон дамжуулж байдаг цогц үйл ажиллагаа юм.

Өнөөдөр Та бидний тахиж, тайж буй Их Богд уул нь далайн түвшнээс 3,957 метр өндөрт, 262 мянга 856 га талбайг эзлэн оршдог. УИХ-ын 2008 оны 5 тоот тогтоолоор Байгалийн цогцолборт газрын ангилалд оруулж, улсын тусгай хамгаалалтад авсан нутаг юм. Хайрхны ургамлын зүйл гэхэд ойн хэлбэртэн, бүрхүүл үртний 51 овог, 218 төрөл, 500 гаруй зүйл бүртгэгдсэн. Энд Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн зүйлийн 25 хувь нь идээшин амьдардаг. Дэлхийд ховордож дархлагдсан аргаль, янгир, ирвэс зэрэг ан амьтад амьдарч, вансэмбэрүү, алтан гагнуур, лидэр зэрэг ховор эмийн ургамлууд ургадаг ариун дагшин газар юм. Хамгаалахгүй, тахихгүй байхын аргагүй өгөөжтэй уул, сүрлэг сайхан хайрхан билээ.

Тэнгэр газарт шүтэж, уул усаа түшиж ирсэн монгол заншил, урьдын журмыг баримтлан, төрт ёс, түүхэн уламжлалын дагуу Арван долоодугаар жарны Цагаагчин үхэр жилийн зуны эхэн харагчин могой сарын шинийн арван есний бэлгэт сайн шар барс өдөр Их Богд хайрхны анхны төрийн тахилгыг үйлдэж байна.

Ард иргэд ээ,

Баянхонгорчууд аа,

Их Богд хайрхныг төрийн тахилгат уул болгож, тахиж буй энэ ёслолын агуулгыг хүүхэд залуучуудад ойлгуулж, өдөр бүр уул усаа хайрлан хамгаалж, сүслэн дээдэлж заншихыг уриалж байна. Нутаг усаа бохирдуулах, эвдэн сүйтгэх, байгалийн баялаг, ан амьтныг устгах, олз ашгийн золиосонд үрэгдүүлэх зэрэг зохисгүй зүйлсээс сэрэмжилж, нүдний цэцгий мэт хайрлах сэтгэхүйг нийт иргэд өөртөө болон үр хүүхдэдээ суулгах нь байгаль орчинтойгоо зохицож, өнө удаан, өнөр жаргалтай амьдрахын үндэс болохыг үргэлж санаж явагтун.

Өвөг дээдсийн авшиг, буян заяаг оршоосон, өргөн түмний минь бишрэл хүндлэл шингэсэн өгөөмөр баян Их Богд хайрхан минь монгол биднийгээ ивээн, нүд сэтгэлийг баясган ашид амгалан оршиг ээ.

Мөнх тэнгэрийн хүчин дор монгол түмэн уул усаа дээдлэн, байгаль эхтэйгээ зохирон төвшрөн жаргах болтугай.

Хурай, хурай, хурай” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлсний дараа Их Богд хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир дуудан сонсгож, эх хувийг аймгийн музейд дурсгал болгон хадгалуулав.

Тахилгын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх сумыг хуяг дуулга бүхий мэргэн харваачид өгөв. Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат, аймгийн Шүүхийн шинжилгээний газрын дэд дарга, аймгийн мэргэн, хурандаа Б.Мөнх-Эрдэнэ дуут сумыг тэнгэрт илгээлээ.

Үүний дараа лам хуврагууд “Морины сэтэр” номыг унших үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч морь сэтэрлэх ёс үйлдэж, дэлэнд нь хадаг уялаа. Сэтэрлэсэн цагаан морийг Баянхонгор аймгийн Богд сумын Алтай 3 дугаар багийн малчин Д.Энх-Эрдэнийн адуун сүргээс сонгожээ.

Ийнхүү Монгол Улсын төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Өрнийн элч сүлд, Баянхонгор аймгийн далбааг тахилгын талбайн хоёр талд, Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилгын буцаан залснаар төрийн тахилгын ёслол өндөрлөв.

Тахилгын ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Их Богд хайрхан уулын Гэгээн овоонд гарч, хүндэтгэл үзүүлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ