УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тойрогтоо ажиллаж байна
2021.05.27
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тойрогтоо ажиллаж байна

Сум дундын хадлан, тэжээлийн цэг байгуулах төслийг цогцоор нь харж санхүүжилтийг тусгасан.

Хөвсгөл аймгийн Галт сумын Нүхт, Зүрх, Хужирт багийн иргэдтэй уулзалт хийлээ. Малын үржил селекц, үүлдэр угсааг сайжруулах, бэлчээр сэргээх, малын тэжээл тариалах чиглэлээр мэргэжлийн эрдэмтэн докторууд сургалт явууллаа. 

Яг үнэндээ тойргийн гишүүд тэр бүр мал аж ахуйн сэдвээр салбарын хүн шиг нарийн сайн ойлголт өгч чадахгүй. Харин эрдэмтэн малчин хоёрын яриа чамгүй сайхан нийлж байна. Маш анхааралтай сонсож, харилцан ярилцаж байна. Сонсож, хүн бүр оролцож байж бэлчээрээ сэргээнэ. Малаа чанаржуулна.

Сумдад хадлан тэжээлийн трактор, тоног төхөөрөмж олгоод орхих ёсгүй. Дээр нь бэлчээрээ хөцөөлөх, малын тэжээлийн сайн үрээр хангах, сумаас тэжээл тарих газрыг нь шийдэж өгөх зэргээр асуудлыг цогцоор харж, хөрөнгө оруулалтыг шийдэх ёстой юм байна. Энэ жилээс аймгийнхаа бүс бүрийн 6 цэгт хадлан тэжээлийн цогц төслийг 900 сая төгрөгөөр хэрэгжүүлнэ.

Ажил үйлсээрээ манлайлж Монгол Улсын аварга малчин өрхөөр шалгарсан Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баянзүрх багийн малчин Сандавын Ган-Эрдэнэ, гэргий Б.Бадамханд нарт УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХИЙН шагналыг гардууллаа. Мал сүргийн буян хишиг тогтож, малчин түмний минь үйлс өөдөө байх болтугай.

 

Хөдөөгийн залуусыг хөдөлмөр эрхлэх боломжоор дэмжье...

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдтэй уулзалт хийлээ. 2016-2020 онд тус сумын зам, нэгдсэн халаалт, дэд бүтэц, гар утасны сүлжээ, соёлын төв, спорт, цэцэрлэг гээд шаардлагатай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын олон ажлыг хийж гүйцэтгэжээ. 

Сүүлийн жилүүдэд өвөлжилт, хаваржилт хүндэрдэг, ихэнх малчид өөр аймаг, сумын нутагт отор хийдэг болсон. Энэ байдал малчидад хүнд тусдаг. Үхэр мал нэхдэг, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөөд энэ нутагт буу гэдэг. Сумын захиргаа давхар төлбөр нэхдэг зэрэг хүндрэл байна. Эрх зүйн талаас нь зохицуулах зайлшгүй шаардлага байна.

Миний зүгээс 30-50 га газарт малын тэжээл тариалах сайн үр, 7-8 төрлийн хадлан тэжээлийн тоног төхөөрөмж олгоё. Сумандаа тэжээлийн фондтой, өөрийн малчиддаа зах зээлийн үнээс 50 хувь хямдруулдаг, бүр хүндэрсэн үед 100 хувь тэжээлээ гаргадаг болох суурийг тавьж өгнө.

Ер нь сумын төвийн залуучуудыг халамжаар биш ажлын байраар дэмиж чиглэлд ажиллана. Малын түүхий эд, сүү боловсруулах чиглэлд дэмжих бодол байна.

Хүн ам, хүүхдийн тооноос хамаарч хийгдсэн боловсролын салбарын хөрөнгө оруулалт улсын төсвийн үргүй зардлыг хэмнэх болно ...

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа, чанарын суурь үзүүлэлтүүд сайжирч, аймгийн хэмжээнд дээгүүр байранд ордог болжээ. Хамгийн олон хүн амтай том сумын тулгамдсан асуудал бол сургуулийн дотуур байр, хичээлийн байрны хүрэлцээ хангамж, нэг ангид суралцах хүүхдийн тоо, 3 ээлжээр хичээллэдэг байдал юм.  

Аймгийн төвийн ойролцоо сум, эсвэл 1000 гаран хүн амтай суманд шинэ сургууль барьдаг. Анги дүүргэлт байдаггүй нь улсын төсвийг үргүй зарж байгаагийн жишээ юм. Энэ байдлыг үе үеийн УИХ-ын гишүүд бид л бий болгосон. Тойрогтоо хөрөнгө оруулалт татах уралдааны үр дүн нь төсвийн алдаатай бодлого болж хувирсан. 

Тиймээс хүн амын тоо, байршилд тулгуурлан шаардлагатай хөрөнгө оруулалтыг хаана хийх ёстой вэ гэдэг программ нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Ямар ч хүн тус программыг суулгаж аппаар орж хараад энд хэдэн суудалтай хүүхдийн цэцэрлэг, сургууль хэрэгтэй вэ, эсвэл огт барих шаардлагагүй юу гэдгийг харчихдаг болно. Жалгын нэг сургууль, цэцэрлэг баригддаг байдал үгүй болно оо гэж бодож байгаа. 

Яг үүний бодит жишээ нь Жаргалант сумын хүн ам, хүүхдийн тоотой харьцуулахад хичээлийн барилгын насжилт, 3 ээлжийн ачаалал, танхимын хүрэлцээ хангамж муу байгаагаас харж болно. Тиймээс энэ нөхцөл харгалзан 640 хүүхийн хичээлийн байр барих санхүүжилтийг 2022 оны Улсын төсөвт тусгуулж шийдвэрлэхээр боллоо.

Цэцүүхийн малчдыг зам дагуу сүү, цагаан идээгээ борлуулах боломжоор хангана ...

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн иргэдтэйгээ уулзалт хийлээ. Энэ хавар малчид ноолуураа 120-130 мянган төгрөгөөр борлуулж чадсан. Энэ бол цар тахалтай хүнд үед амьдралд маш том жийрэг болж байгаа. Цэцүүх багийн хувьд Солонготын даваа Завханы Их-Уулын хатуу хучилттай замаас сумын төв хүртэлх 27 км сайжруулсан зам ашиглалтад орох тун дөхжээ. 

Эхлүүлсэн ажлууд урагштай явахад урам авдаг. Замын ажлаас гадна Юнителийн 3 жи сүлжээ ашиглалтанд орж холбоо харилцаа, сошиал мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн. Зам бүрэн орохоор Цэцүүх багийн малчиддаа замаа түшиглэн сүү цагаан идээгээ борлуулах тохилог худалдааны төв байгуулж өгөх бодол байна. 

Хамгийн тулгамдсан асуудал бол отор нүүдлийн зохицуулалтыг хууль, эрх зүйн түвшинд хийж өгөх зайлшүй шаардлага гарчээ. Энэ жилээс малчид малын хөлийн татвар төлөхөөр болсон ч дургуйцсэн малчин алга. Харин отор нүүдлийн үед давхардуулж татвар нэхэх цоорхой байгаа юм. Малын хөлийн татварыг суманд нь үлдээж бэлчээрээ сайжруулах, худаг ус гаргах, малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлд зарцуулах бүрэн боломжтой болсон.

Хөвсгөл аймгийн Галт сумын төвийн иргэдтэй уулзалт хийлээ. Өнгөрсөн 4 жилд сумын төвийн нэгдсэн халаалт, спорт заал, цэцэрлэг, хүн эмнэлгийн өргөтгөл, хөдөөгийн багуудад үүрэн холбооны Юнителийн сүлжээ, Зүрх багт Бага сургууль, цэцэрлэгийн байр, багийн эмнэлэг зэрэг олон ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэжээ.

Банкны 3 хувийн хүүтэй зээл, малчны зээл авах хүсэл их байдаг боловч барьц хөрөнгө дээр асуудал үүсдэг, банкны тавьж байгаа шалгуур хэт өндөр байгааг иргэд хэллээ. Залуу гэр бүл, хөдөөгийн аж ахуй нэгжүүдэд зээлийн хэрэгцээ маш их байна. Хотод очоод зээлийн асуудлыг хөндөж ажиллана. Зөв бичгийн дүрмийг олон дахин өөрчилмөөргүй байна. Эцэг эх нь, сурагч нь, багш нь нэг үгийг өөрөөр бичдэг боллоо гэдэг шүүмжлэл уулзалтын үед гарсан.

Энэ асуудлаар ажлын хэсэг гаргасан. Ерөнхийлөгчийн хүрээнд ажилладаг эх хэлний зөвлөлтэй хамтрах шаардлагатай байгаа.
Хүн ам ихтэй тус сумын сургууль 3 ээлжээр хичээллэдэг, хичээлийн байр эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон тул 2022 онд 640 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн дотуур байрыг 2022 оны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэнэ. Дотуур байрын хувьд 1979 онд баригдсан. Тухайн барилгад халуун усны өрөө байгуулсан нь нөлөөлж мөгөөнцөр үүссэн байна.

ШИНЭ МЭДЭЭ