МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Батлут: Орон нутагт анх удаа эдийн засгийн зохих эрх мэдлийг олгосон нь маш чухал зохицуулалт болсон
2021.04.14
Орон нутгийн хөгжил

Д.Батлут: Орон нутагт анх удаа эдийн засгийн зохих эрх мэдлийг олгосон нь маш чухал зохицуулалт болсон

2020 оны арванхоёрдугаар сард батлагдсан “МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ” хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Уг хуульд орсон чухал зохицуулалтын талаар УИХ-ын гишүүн Д.Батлуттай ярилцлаа.


Монгол Улс сүүлийн 30 жилийн хугацаанд бүсчилсэн хөгжлийг бий болгохоор хичээсэн ч хүн амын төвлөрөл нийслэл рүү чиглэн хөдөө, орон нутаг эзгүйрэх шинжтэй болсон. Үүний гол шалтгааныг та юу гэж харж байна вэ?

Бүсчилсэн хөгжлийг бий болгоход юуны өмнө тухайн орон нутгийн бие даасан байдлыг бий болгох, нийгэм, эдийн засгийн хувьд биеэ даасан байх, баг, хорооны эрх зүйн байдлыг тодорхой болгох гээд олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байлаа. Энэ асуудал тодорхой хязгаарлагдмал байсан учраас л иргэд хот бараадан шилжин суурьшсан. Шилжиж байгаа иргэдийг буруутгах аргагүй. Орхон аймагт л гэхэд жилд дунджаар 2500 хүн шилжин ирж мөн тооны хүн Улаанбаатар болон бусад аймаг, орон нутаг руу шилжсэн байдаг. Тэд ажилд орох, амьдралынхаа нөхцөлийг сайжруулах, сайн боловсрол эзэмших, эрүүл мэндийн илүү чанартай, олон төрлийн тусламж үйлчилгээ авах, гэр бүлийн гишүүдээ дэмжих, садан төрлөө бараадахаар шилжсэн байдаг. Хүн амын төвлөрөл нийслэл рүү чиглэхэд хүчээр хязгаарлах биш орон нутгийг хөгжүүлсэн төрийн оновчтой зөв бодлогыг тууштай, үе шаттай хэрэгжүүлж байж энэ урсгалыг буцаан, зөв удирдах боломж бүрдэнэ. Иймд орон нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мах сүү, арьс ширийг нь боловсруулах үйлдвэр байгуулах, тухайн орон нутгийн баялгийн ашгийн орлогыг нутгийн иргэд нь түлхүү хүртдэг байх мөн хотод төвлөрөөд буй их дээд сургууль, цэргийн анги зэргийг орон нутагт тараан байршуулж нутаг дэвсгэрийн жигд хөгжлийг дэмжих асуудлуудыг хамтад нь цогцоор нь шийдвэрлэх ёстой гэж харж байна.

Орон нутагт төсөв, санхүү, өмч, татварын эрх мэдэлтэй, бие даасан байдал байх ёстой. Гэтэл аймаг, хотууд Засгийн газраасаа төсөв санхүү, татвар, удирдлагын хувьд хэт хамааралтай байна. Орон нутгийн бие даасан байдлыг хангах чиглэлд хуульд орсон зохицуулалт юу байна вэ?

Хамгийн гол нь удирдлагын босоо тогтолцоо хэт давамгайлсан, эрх мэдлийн төвлөрөл ихэссэнээс орон нутгийн бие даасан байдал алдагдсан. Тэгвэл хуулийн шинэчилсэн найруулгад орон нутагт анх удаа төсвийн болон эдийн засгийн зохих эрх мэдлийг олгосон нь маш чухал зохицуулалт болсон. Хуульд иргэдэд хамгийн ойр нэгж болох баг, хорооны эрх зүйн байдлыг тодорхой болгож, Үндсэн хуульд заасан зарчмын хүрээнд өдөр тутмынхаа тулгамдсан асуудлыг өөрсдөө бие дааж шийдвэрлэхээр хуульчилсан. Мөн сум, дүүрэг нь орон нутгийн өөрийн удирдлагын бие даасан суурь нэгж байж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн зорилтыг шийдвэрлэх чиг үүрэг, бүрэн эрхтэй байхаар зохицуулж өгсөн нь үнэхээр сайн тал болсон гэж хэлж болно. Харин аймаг нь сумдын нийтлэг эрх ашгийн төлөөлөл болохын зэрэгцээ Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, сум хоорондын асуудлыг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналт тавих чиг үүрэгтэй байхаар тодорхойлсон. Одоо эдгээр зохицуулалтууд амьдрал дээр зөв, зүйтэйгээр амь орж биелэлээ олж хэрэгжих л маш чухал болоод байна. Мөн тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх, хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг орон нутаг өөрөө тогтоож улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад боломжид түшиглэн хөгжих, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас тухайн нэгжийн хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээ, эдийн засгийн чадавхыг харгалзан хөрөнгө хуваарилах, хуульд заасан үндэслэл, журмын дагуу концесс болон үнэт цаас гаргах асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэхээр уг хуульд туссан. Ингэснээр орон нутаг өөрийн төсөв, санхүү, өмч, татварын эрх мэдэл, бие даасан байдлаа хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм. 

Та төрийн байгууллагад 10 гаруй жил ажилласан. Орхон аймгийн Засаг даргаар 2016-2020 он хүртэл ажилласан. Таны хувьд энэ хууль орон нутагт бие даан хөгжих боломжийг нээж өгч чадсан гэж бодож байна уу?

Маш том өөрчлөлтийг бий болгож чадна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хуулиар “орон нутгийн чиг үүргийг” төрийн чиг үүргээс ялган зааглаж өгсөнд байгаа юм. Орон нутгийн иргэд өөрсдөө анх удаа бие даан шийдэж болох эрх мэдлийг олгосон. Үүгээрээ өмнөх эрх мэдлийн төвлөрлийн зарим асуудлыг доод түвшинд шилжүүлж чадсан. Шууд утгаар нь хэлбэл, энэ хуулиар орон нутаг өөрийн чиг үүрэгт хамаарах нийгэм, эдийн засгийн асуудалд нийцүүлэн төсвөө өөрөө батлах, ярилцах, хэлэлцэх бодит боломж бүрдэж чадсан гэж хэлж болно. 

УИХ-ын гишүүн Д.Батлут

Шинэ хуулиар ИТХ-ын төлөөлөгчдийн хариуцлагыг нэмэгдүүлсэн. Энэ зохицуулалтын талаар таны бодол ямар байна вэ?

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг улс төрөөс ангид байлгах зорилгоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үйл ажиллагаагаа намын бүлгээр бус Байнгын болон Түр хороо, Ажлын баг зэрэг өөрийн дотоод зохион байгуулалтын бүтэц, арга хэлбэрээр явуулах зохицуулалтыг оруулсан нь их чухал болсон. Сумын Хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй байх, мөн бусад хурлын хувьд нэр дэвшүүлсэн нам нь төлөөлөгчөөр сонгогдсон гишүүндээ үүрэг хүлээлгэхгүй байхаар зохицуулсан. ИТХ-ын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн гэж тодорхойлж өгсөн. Улмаар “Иргэдийн төлөөллийн байгууллагын чиг үүргийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлнэ”, мөн “Нутгийн өөрийн удирдлагад иргэн дараах хэлбэрээр шууд оролцоно” гээд иргэд шууд оролцох 3 хэлбэрийг хуульчилж өгсөн. Ингэж тодорхойлж өгсөнтэй холбоотойгоор Иргэдийн төлөөлөгчдийн хурлын чөлөөт цагт түүний тэргүүлэгчид эрх, үүргийг хэрэгжүүлэх ойлголт байхгүй болсон. Харин “Хурлын төлөөлөгч нь хуралдааны чөлөөт цагт Хурлын хорооны үйл ажиллагаанд оролцож, төлөөлөгчийн хувьд хийсэн ажлынхаа талаарх мэдээллийг Хурлын цахим хуудсаар болон бусад хэлбэрээр сонгогчдод мэдээлнэ” гэж зохицуулсан.

ИТХ-ын төлөөлөгчид сонгуулиар харагдчихаад нийслэлд ирээд суучихдаг тохиолдол цөөнгүй байсан. Энэ байдлыг өөрчилж төлөөлөгчийн үүргээ хангалтгүй биелүүлсэн бол иргэдийн саналаар эргүүлэн татах зохицуулалт оруулсан нь зөв санагдсан. 

Төлөөлөгчийн хариуцлагыг нэмэгдүүлсэн нь маш зөв. Иргэдээ төлөөлөх үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхгүй бол сонгогчдын саналаар эгүүлэн татах зохицуулалт бий болсон нь төлөөлөгчдийг улам хариуцлагажуулсан. Төлөөлөгчийн эргүүлэн татахдаа нэгд, Төлөөлөгчийн үүргээ биелүүлэхгүй байгаа бол, хоёрдугаарт, тухайн тойргийн сонгогчдын олонхын саналаар гэсэн 2 үндсэн нөхцөлийг харгалзан үзнэ.

ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖИЙГ ӨӨРЧЛӨХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХДЭЭ ИРГЭДИЙН САНАЛЫГ АВНА

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэлээр нутгийн өөрийн удирдлагад иргэний оролцох оролцоо, эрхийг тодотгож өгсөн. Энэ заалт хэр оновчтой гэж та үзэж байна вэ?

Нутгийн өөрийн удирдлагад иргэдийн оролцоог хангана гэдэг маш чухал юм. Тухайлбал, “Сум, баг, дүүрэг, хорооны тулгамдсан асуудлыг хэлэлцэх, зөвлөмж гаргах зорилгоор сонгуулийн эрх бүхий иргэд сайн дураараа хамтарч үзэл бодол, хүсэл зоригоо илэрхийлэх эрхтэй” гэж иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг орон нутгийн өөрөө удирдах удирдлагын тогтолцоотой холбон тодорхой илэрхийлж хуульчлан суулгаж өгсөн. Бас нэгэн чухал зохицуулалт бол “Иргэн сум, дүүргийн эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар нэг удаагийн, эсхүл хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахыг санаачлах эрхтэй. Энэ санаачилгыг сумын сонгуулийн эрх бүхий иргэдийн 10-аас доошгүй, дүүргийн сонгуулийн эрх бүхий иргэдийн таваас доошгүй хувь нь дэмжиж, гарын үсэг зурсан тохиолдолд сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэх үүрэгтэй” гэж тухайн нутаг дэвсгэрийн нийгмийн амьдралд үгүйлэгдэж байгаа асуудлыг иргэд өөрсдөө санаачлах, хэлэлцэж шийдвэр гаргуулахаар хандах эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн. Энэ бол үнэхээр дэвшилттэй шинэлэг зохицуулалт болсон. Үүний ач холбогдлыг иргэд бодит амьдрал дээр хүртэхийн тулд энэ эрх зүйн орчинг бүрэн ашиглаж өөрсдөө идэвх, санаачлагатайгаар оролцох хэрэгтэй юм.

Орон нутагт нутаг, дэвсгэрийн нэгжийн статус, хилийн цэсийг тогтоох асуудал ихээхэн маргаан үүсгэдэг. Хуулиар энэ байдлыг шийдвэрлэж чадсан уу?

Аймаг, сум, дүүргийг өөрчлөх асуудал бол хуульд заасан тодорхой нөхцөлүүдийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэдэг асуудал юм. Энэ талаарх үндсэн зохицуулалт хэвээр зохицуулагдсан байгаа. Харин энэ хэсэгт бага зэрэг ялгаатай зүйл нь “Тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг үндэслэн” гэж заасан нөхцөл нь “Тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдийн саналыг үндэслэн” гэж өөрчлөгдсөн. Аймаг, сум, дүүргийг өөрчлөх асуудлыг Засгийн газар санаачилна гэж “Санаачлах этгээд”-ийг тодорхой болгож өгсөн. Хамгийн гол нь шинээр батлагдсан хуульд “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн нэгжийн иргэдийн саналыг авсан байна. Санал авах ажлыг харьяалах иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хариуцан зохион байгуулах бөгөөд санал авах журмыг Улсын Их Хурал тогтооно. Санал хураалтад сонгуулийн эрх бүхий иргэдийн олонх оролцсон бол уг санал авах ажлын дүнг хүчинтэйд тооцно” гэж хуульчлан зааж өгсөн. Энэ нь нэгд, тухайн нэгжийн иргэдийн саналын авсан байх шаардлагыг илүү тодорой болгож өгсөн, хоёрт, санал авах ажлыг зохион байгуулах этгээдийг шууд заан өгч ойлгомжтой болгосон, гуравт, санал авах журмыг Улсын Их Хурлаас тогтоож өгөхөөр хуульчилсан. Энэ нь өөрөө маш чухал буюу тодорхой тогтоосон журмыг баримтлан тухайн нэгжийн иргэдийн саналыг авах ажиллагааг явуулахаар хуульчилсан. Дөрөвт, тухайн нэгжийн иргэдээс авсан санал нь сонгуулийн эрх бүхий иргэдийн олонх оролцсон тохиолдолд хүчинтэй гэж үзэх нөхцөлийг тодорхой болгосон. Өөрөөр хэлбэл, эдгээр асуудлуудыг шууд тодорхой хуульчлан зааж өгснөөр маргаан үүсэх нөхцөлийг бий болгоод байсан зүйлүүд болон ойлгомжгүй байсан асуудлууд нэг мөр тодорхой болсон гэж хэлж болно.

УИХ-ын гишүүн Д.Батлут

Эцэст нь хэлэхэд, Засгийн газар, Яамд өнөөгийн удирдлагын төвлөрсөн байдлаас ангижирч Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гарсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэхдээ шинэ хандлага, шинэ арга барилыг баримтлах шаардлагатай болж байна. Хуучны хандлагаараа энэ хуулийн хэрэгжилтэд хандах юм бол маш том саад, гацаа болох нь тодорхой. Түүнчлэн хууль батлагдан гарсантай холбоотойгоор хүчин төгөлдөр үйлчилж буй 300 орчим хуульд их, бага хэмжээгээр нэмэлт, өөрчлөлт оруулах том ажил хийгдэх ёстой бөгөөд энэ нь бодит амьдрал дээр хууль тогтоомж хоорондын уялдааг хангах ажил болж үргэлжлэх учиртай. Хэрэв хуулийн хэрэгжилтийг сайн хангаж чадахгүй, алдаа гаргах юм бол энэ хуулийг хэдэн ч удаа шинэчлэн баталсан бай амьдрал дээр ач тусаа өгч чадахгүйд хүрэх юм. Тиймээс нэгэнт олон сайн дэвшилттэй асуудлыг суулган зохицуулж өгсөн хуулийн хэрэгжилтийг зөв зүйтэйгээр хэрэгжүүлэх л үлдсэн.

ШИНЭ МЭДЭЭ