http 105

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Ганхуяг: Архи согтууруулах ундааг худалдан борлуулах үйл ажиллагаанд хязгаарлалт хийх нь үр дүнгүй
2021.04.10
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Х.Ганхуяг: Архи согтууруулах ундааг худалдан борлуулах үйл ажиллагаанд хязгаарлалт хийх нь үр дүнгүй

Эх сурвалж: Өдрийн сонин Сэтгүүлч: Х.Цэнд-Аюуш

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн чуулганы хуралдаанаар Архидан согтууралтай тэмцэх хяналтын тухай хуулийг хэлэлцсэнТаны хувьд тус хуулийн хэд хэдэн заалт дээр шүүмжлэлтэй хандаж байр сууриа илэрхийлж байсан?

-Архидан согтууралтай тэмцэх хяналтын тухай хууль хэлэлцэгдэхээр болсон. Зарчмын хувьд санал нийлэхгүй байгаа хэдэн заалтууд байна. Сүүлийн 30 жил бид архины зөвшөөрөл олгоход хатуу хяналт тавьж ирсэн. Би энэ дээр арай өөр арга хэрэглэвэл яасан юм бэ гэдэг саналтай байна. Зөвшөөрлийг ангилалтай болгоод, ангилахдаа градусаар нь үнэлгээг нь тогтоодог болгочихвол яасан юм бэ. Жишээлбэл, пиво, вино буюу 18-аас доош градустай согтууруулах ундааг борлуулж үйлчлэх бол нэг өөр төлбөртэй, өндөр градустай архи согтууруулах ундаа зарвал бас өөр татвар, төлбөртэй болгоод, ингэхдээ зөвшөөрлийг нь стандартыг нь хангачихсан л бол олгоно гээд заачихвал илүү үр дүнтэй болох юм. Ингэснээр наад зах нь зөвшөөрөл авах гээд нэг яам тамгын газрын үүд сахиж суудаг, хөөцөлддөг ийм байдал байхгүй болох юм. Архи согтууруулах ундааг худалдан борлуулах үйл ажиллагаанд хязгаарлалт хийх нь үр дүнгүй байгааг олон жишээнээс харж болно.

Тамхины хяналтын тухай хууль яг ижил. Сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зай дотор тамхи зарж болохгүй гэдэг хууль гарчихсан байдаг. Бодит байдал дээр лангуун доогуураа зарсан хэвээрээ л байна. Цагдаа өдөр болгон ирж торгодог ч торгуулаад л зараад байна шүү дээ. Үүнтэй адил архийг хязгаарлавал гудамжинд шагчид олноороо зараад эхэлдэг. Тэгэхээр хэрвээ зөвшөөрлийг нь ангилалтай болгочихвол зөвшөөрлийнхөө дагуу зохих үйлчилгээгээ үзүүлээд явчихна.

-Цахимаар архисогтууруулах ундааг борлуулахыг хориглосонАхуйн хүрээнд архидалт ихэссэн учраас хүргэлтээр архи борлуулахыг хоригловол үр дүнтэй гэж үзэх үү?

-Миний хувьд, архийг нь заръя гэж зүтгээд байгаа юм биш. Гэхдээ бид цахим шилжилт хийж, ихэнх үйлчилгээ цахим хэлбэрт шилжилж байна. Нэгэнт л одоо архи, согтууруулах ундааг худалдан борлуулах зөвшөөрлөө авсан аж ахуйн нэгжийг цахимаар захиалгаа авч хүргэлтээр худалдан борлуулахыг нь хориглож яах гээд байгаа юм. Уухыг хүссэн хүн хаанаас л бол хаанаас л олоод уучихдаг гэдэг шиг нөгөө л гудамжнаас шагийн архи хайж авах ийм зүйл рүү явна шүү дээ. Бид нар архидан согтууралтай тэмцэх хуулийг ярихаараа дандаа архинд донтсон хүмүүстэй яаж тэмцэх үү гэдэг хуулийг хийгээд байна. Уг нь соёлтой хэрэглээг яаж бий болгох уу, бага градустай зөөлөн архины хэрэглээ, соёлыг бий болгох вэ гэдэг дээр тодорхой бодлого орхигдоод байна. Нөгөө талаар архидалттай тэмцэх үндсэн шалтгаантай нь тэмцэхгүй байна. Ажилгүйдэл, ядуурал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхгүй байна. Ажилтай орлоготой болбол нийгмээрээ архидалтаас ангижирч чадна. Энэ ажлаа л түлхүү хиймээр байна. Хаана, зогсооно, хориглоно гэдэг байдлаар ажиллах нь өнгөрсөн хугацаанд төдийлөн үр дүнтэй байсангүйг бид бүхэн харлаа. Зохих журмынхаа дагуу зөвшөөрөлтэй газарт нь худалдан борлуулахад нь хориг тавих шаардлагагүй.

-Түүхэн хүний нэрзургийг архины шошгон дээр хэрэглэхийг хориглох саналтай гишүүд байсанИнгэж хориглох нь хэр үр дүнтэй вэ?

-Түүхэн хүний нэр, зургийг архи, согтууруулах ундааны шошгон дээр ашиглахаар бол Засгийн газраас зөвшөөрөл авна гэсэн заалт орж ирсэн. Үүнтэй санал нийлэхгүй. Бид экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, дэлхийд брэнд бүтээгдэхүүнээ таниулна гэж яриад байдаг. Гэтэл ингээд хориглочихвол энэ зорилгынхоо эсрэг ажиллаж байна гэсэн үг. Орос, Хятадад “Чингис”, “Хубилай,” “Батхаан” гэдэг архи үйлдвэрлээд эхлэхийг үгүйсгэх аргагүй шүү дээ. Бид чинь олон улсад Чингисийн Монгол гэдэг Чингис гэдэг брэндээ таниулах ёстой. Орос ч тэр, Хятад ч тэр Чингис хаан бол манайх гэдэг пиарыг байнга хийж явдаг шүү дээ. Гэтэл бид өөрсдөө түүхэн хаадынхаа нэрийг ашиглахыг хориглочихоор наад зах нь ийм сөрөг үр дагавартай. Одоо манайх Орос руу Хятад руу хүнсний экпорт хийх гээд нэлээд ажиллаж байна. Үүн дээр нь манайх харин ч брэнд болсон бүтээгдэхүүнээ илүү хөгжүүлээд явах нь чухал. Гэтэл манайхан Чингис хааны нэр зураг хогийн саванд хэвтээд байж болохгүй, хориглох ёстой гэж үзээд байгаагийн эсрэг байр суурьтай байна.

Нөгөө талаар одоо манай аж ахуйн нэгжүүд “Чингис” гэдэг патентийн эрхээ авчихсан байх гэж ойлгож байна. Манай улс патентын тухай хуультай холбоотойгоор Парисын конвенцэд нэгдэн орсон. Хэрвээ ийм хориглох заалт оруулбал, энэ конвенцэд нэгдэхээ болино гэсэн үг. Ингэвэл автоматаар патентын эрхтэй холбоотой бусад бүх бүтээгдэхүүн дээр патентаа алдах эрсдэл дагаад бий болно. Ер нь тэгээд гадны бусад улс орнуудад алдар цуутай хүмүүсийн зураг, нэртэй бүтээгдэхүүн олон байдаг шүү дээ. Наполеон гээд вино байж л байдаг. Арабын сламын шашинтай орноос бусад бүх оронд алдар цуутай хүмүүсийнхээ нэрийг ашигладаг. Сламын шашинтай оронд л хаадынхаа нэрийг ашигладаггүй зохицуулалт хийсэн байдаг юм билээ.

-Бас баарресторан гэх зэрэг үйлчилгээний газруудад лонхшил савлагаатай согтууруулах ундааг хориглох заалтыг оруулж ирсэнд олон нийтийн зүгээс нэлээд шүүмжилж хандаж байгаа байгаа харагдсан?

-Баар, ресторанд согтууруулах ундааг зарахдаа шотоор буюу 30, 50 граммаар зардаг болно гэсэн заалт орж ирсэн. Үйлдвэрийн савлагаа, шил, лонхтой архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй гэж байна. Энэ чинь муугаар бодоход үйлчлүүлсэн хүмүүсийн ууж хэрэглэсэн үлдэгдлийг нийлүүлээд буцаагаад хүнд үйлчилбэл яах вэ. Манайхан чинь нэг газар ороод савлагааг нь нүдэн дээрээ задлуулаад үйлчлүүлдэг шүү дээ. Эрүүл ахуйн хувьд ч тэр эрсдэлтэй харагдаж байна.

-Граммаар согтууруулах ундааг борлуулах нь эргээд аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалттөрийн дарамт ирэх тухай асуудал хөндөгдөж байсан?

-Хэрвээ энэ заалтуудаар явбал мэдээж мэргэжлийн хяналт, цагдаагийн хяналт шалгалт нь чангарах байх. Ресторан, баар гээд газрууд чинь нөгөө бидний дэмжих ёстой жижиг, дунд бизнес эрхлэгчид шүү дээ. Нэг журам, нэг зөвшөөрөл нэмэгдэхэд л дагаад хяналт, шалгалт нэмэгддэг. Ер нь аливаа хэрэглээг шууд хориглох нь аюултай. Оросын 1980 оны хуурай хууль, АНУ-ын хуурай хуулийн сөрөг үр дагавар юу боллоо гэдгийг харах ёстой. Хорих шиг амархан юм байхгүй. Гэхдээ эргээд гарах үр дагавар хор уршиг нь их байдаг. Сая ковидын үед бид бас архийг хорьж үзлээ. Шагийн архи, хуурамч архины борлуулалт маш их нэмэгдсэн. Үүнээс болоод наад зах нь хүмүүс эрүүл мэндээрээ хохирох эрсдэл байна. Тийм учраас аливаа хуулинд сөрөг үр дагаврыг хамт бодолцох ёстой. Яах аргагүй согтууруулах ундаа бол хүний хэрэглээ. Зөв хэрэглээг бий болгох тал дээр байнга ажиллаж байх ёстой.

-Энэ хуулиас ач холбогдолтой заалт нь юу вэАрхидан согтууралтай тэмцэх сан байгуулах нь хэр оновчтой вэ?

-Энэ хуулинд 37, 38 градустай архинаас 100 төгрөг, 38-аас дээш градустай архинаас 200 төгрөгийн татвар хураамж аваад, энэ татвар нь Архидан согтууралтай тэмцэх санд төвлөрч, эргээд архины донтолттой хүмүүст нөхөн сэргээх эмчилгээ, эрүүлжүүлэх эмчилгээнд зарцуулъя гэсэн гол санаа явж байгаа. Үүнийг бол дэмжиж байна. Нэгэнт архи, согтууруулах ундаанаас болж иргэд архины хамааралтай, донтолттой болсон бол тодорхой татвар аваад эмчилгээ үйлчилгээнд зарцуулах нь зөв.

-Ядууралажлын байрыг нэмэгдүүлэхгүйгээр архидалттай тэмцэхэд үр дүнгүй байна гэж та хэллээМөн бэлэн мөнгө өгчхаламж хавтгайруулах нь архидалтыг дэмжиж байгаа үйлдэл гэж зарим гишүүд хэлж байсанТаны хувьд үүн дээр юу хэлэх вэ ?

-Хамгийн ойрын жишээ бол сүүлийн нэг жил гаруй хугацаанд ковидоос болоод дэлхий даяар ямар нэг хэмжээгээр хөл хорионд орлоо. Энэ хорионд байх хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн тоо зарим улс оронд 30-50 хувь өссөн гэх статистик тоо байна. Үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр, хүн ажилгүй, хийх юмгүй болбол архи илүү их хэрэглэдэг юм байна. Хүчирхийлэл үйлддэг юм байна гэдэг нь харагдаж байна. Тиймээс архидалттай тэмцэх гол ажил бол ажилгүйдэлтэй тэмцэх, иргэдийнхээ боловсрол дээр анхаарах. Дээр нь гэр бүлийн хүмүүжил, хүчирхийлэл гэж юу вэ гэдгийг дунд сургуулиас нь заах зэргээр ажиллах ёстой. Сая цэргийн алба хааж байсан хүн хүчирхийлэлд өртөж амиа алдлаа.

Дөнгөж хоёр, гурван хоногийн өмнө Олимпийн аварга хүн зодож, гэмтээлээ. Шалтгаан нь архинаас л боллоо гэж ярьж байна л даа. Ийм хор уршигтай учраас архийг хориглох ёстой гэцгээж байна. Шууд хориглох нь олон сөрөг нөлөө, хор уршигтай учраас хөшүүргээр архи согтууруулах ундааг соёлтой хэрэглэдэг болгох, хэтрүүлдэггүй байх ийм нийгмийн сэтгэл зүй рүү явуулах нь чухал байна. Жишээлбэл, виноны олон соёл байдаг. Энэ соёлыг нэвтрүүлж, зөөлөн, градус багатай согтууруулах ундааны хэрэглээг илүү нэвтрүүлэх гэх мэтээр. Сүүлийн үеийн судалгаагаар виноны хэрэглээ Монголд өссөн байсан.

Бэлэн мөнгө тарааж байгаа нь архидалтыг дэмжиж байгаа юу гэвэл бас нөлөөлж байгаа гэж хэлнэ. Мөнгөтэй болонгуутаа архи уудаг нийгмийн давхарга манайд байгаа. Гэхдээ яг амьдралдаа зарцуулж байгаа нь илүү олон байгаа гэж бодож байна.

-Энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэх хуулиудаас та аль хуулинд ач холбогдол өгч байгаа вэ?

-Энэ хаврын чуулганаар хамгийн гол асуудал Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудал. Оюу толгойн гэрээний 92 тоот тогтоолыг хэрэгжүүлэх, хяналт тавих түр хороо байгуулагдаж, Засгийн газраас гэрээ хэлэлцээрийг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдсан байна. Рио тинтогоос төлөөлөгч нь ирчихсэн гэрээгээ шинэчлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр Монголын Засгийн газрын 34 хувийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарлаа тавьж ажиллаж ёстой гэдэг бол чухал асуудал. Бас Ардчилсан Үндсэн хуулиа хамгаалах, Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн асуудал яригдах байх. Сая Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан. Чуулганаар хоригийн асуудлыг авч хэлэлцэнэ. Мөн Тамхины хяналтын тухай хууль орж ирж байгаа. Энэ хуулин дээр тухайлбал, цахилгаан тамхины татварыг бий болгох тухай асуудал тусгагдсан байсан. Цахилгаан тамхи некотинтой байтал цахилгаан бараа гэдэг статусаар Монголд орж ирдэг. Цахилгаан тамхийг хүүхдүүд гэр орондоо татаж хэрэглэдэг ийм асуудал гарч байгаа. Тиймээс цахилгаан тамхийг энгийн тамхитай адил некотины граммын хэмжээгээр татвар авдаг болох тухай асуудал чухал.

ШИНЭ МЭДЭЭ