http 104

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Бейсен: Засгийн газар 5.2 их наяд төгрөгийг зарцуулсан ч цар тахалтай тэмцэж чадсангүй
2021.03.29
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Б.Бейсен: Засгийн газар 5.2 их наяд төгрөгийг зарцуулсан ч цар тахалтай тэмцэж чадсангүй

Эх сурвалж. Үндэсний шуудан, Т.АМАРАА

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Б.Бейсентэй эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал болоод хаврын чуулганаар хэлэлцэх зарим хуулийн төслийн талаар ярилцлаа.

-Та УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө ямар ажил, алба хашиж байв. Улс төрд шинэ хүн болов уу?

-Би эрүүл мэндийн салбарт 32 жил ажилласан. Анагаахын их сургуулийг мэс заслын эмч мэргэжлээр төгсөөд аймгийнхаа Ногоон нуур суманд хуваарилагдсан. Сумын эмчээс ажлын гараагаа эхэлж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эмч, ерөнхий эмчээр ажилласан. Мөн аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байв. Эмнэлгийн даргын ажлаа хийхийн хажуугаар тогтмол мэс засал хийдэг байсан. Орон нутгийн эмнэлэгт хийж байгаагүй мэс заслыг баруун бүсэд анх нэвтрүүлсэн. Тухайлбал, бамбай, түрүү булчирхай, цөсний замын болон хавдартай хүнд элэг тайрах мэс засал хийж байлаа. Мөн бусад төрлийн мэс заслыг ч хийж ирсэн.

-Эмчээр ажиллаж хийж байгаад л УИХ-ын гишүүнээр сонгогдсон?

-Тийм. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх эмчээр ажиллаж байсан. Тэгээд УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Их хуралд нэр дэвшихээсээ өмнө аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд таван удаа нэр дэвшиж, сонгогдон ажилласан. Үүнээс найман жилд нь ИТХ-ын тэргүүлэгчээр ажилласан байна.

-Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад олон жил ажиллажээ. Аймаг, сумын эмнэлэгт ямар асуудал тулгамддаг вэ?

-Иргэд оношилгоо, эмчилгээ хийлгэхийн тулд хөдөөнөөс хот руу ирж байна. Тийм учраас оношилгоо, эмчилгээг орон нутагт хийх боломжоор хангах ёстой. Ингэснээр хотын эмнэлгүүдийн ачаалал буурна. Сумдад эмнэлэг, хүний нөөц бэлэн, үйл ажиллагааны төсөв нь тусгагдсан байдаг ч тоног төхөөрөмж дутмаг байдаг. Тухайлбал, цус, шээс, биохими, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, судас зарим суманд шаардлага хангадаггүй. Тийм учраас хүрэлцээгүй, шаардлагатай тоног төхөөрөмжөөр сумдын эмнэлгийг хангах хэрэгтэй байна. Түүнчлэн сум, багт эмийн сангийн хүрэлцээ муу. Би УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш энэ асуудлыг холбогдох байгууллагад тавьж байгаа. Гэвч шийдэгдээгүй байна.

-Парламентад гишүүнээр сонгогдсон хоёр эмчийн нэг нь та. Эмч хүний хувьд, Засгийн газар цар тахалтай хэрхэн тэмцэж, ажиллаж байна гэж дүгнэж байгаа вэ?

-Монгол Улсад дотоодын халдвар илрээд нэг жилийн хугацаа өнгөрлөө. Цар тахалтай тэмцэхэд 5.2 их наяд төгрөг зарцуулсан ч үр дүн хангалтгүй байна. Зарим эмнэлэгт PCR аппарат саяхан очиж байх жишээтэй. Ховдод илэрсэн халдвартай иргэнийг эмчлэх боломжгүй гээд хот руу онгоцоор зөөсөн шүү дээ. Орон нутагт “Ковид-19”-ийн халдварыг эмчлэх, анхан шатны тусламж үзүүлэх ажил бага зэрэг хоцрогдсон. Цар тахалд өртөх хамгийн эрсдэлтэй бүлэг нь эрүүл мэндийн салбар, цагдаа, онцгой байдлын ажилтнууд. Гэтэл энэ салбарын хүмүүсийг вакцинжуулах ажил удаан байна. Вакцины ихэнхийг зээл тусламжаар авч байгаа. Засгийн газар мөнгийг нь төлөөд авч байгаа вакцин бараг алга. Уг нь тусламж хүлээлгүй мөнгөө төлөөд хурдан авчирвал сайн байлаа.

-Засгийн газар вакцинд хэчнээн төгрөг зарцуулж байгаа юм бэ?

-Зарцуулалтын тайланг сонсохоор тодорхой болох байх. Ер нь коронавируст цар тахлын эсрэг авах арга хэмжээнд Засгийн газар хангалттай мөнгө зарцуулж байгаа. Тодруулбал, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангахад 118.6 тэрбум, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаа, хил хамгаалах, гааль зэрэг бусад салбарын бэлэн байдлыг хангахад 6.2 тэрбум, эрсдэлийн бэлэн байдлыг хангах зорилгоор Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд 40 тэрбум, хүнс тэжээлийн дэмжлэгийг үргэлжлүүлэхэд зургаан тэрбум төгрөг тус тус зарцуулж байна.

Мен “Ковид 19" халдвартай тэмцэхэд хэрэглэх эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТөөс чөлөөлөхөд 18.3 тэрбум, хүүхдийн мөнгөн тэтгэмжид 852.2 тэрбум, хөдөлмөр эрхэлж буй хүн бүрийн НДШ-ийг таван хувь хөнгөлөхөд 144.4 тэрбум, тэтгэвэр, тэтгэмжийг 100 мянгаар нэмэгдүүлсэн бөгөөд үүнд 66.6 тэрбум, түрээсийн төлбөр бууруулсан аж ахуй нэгжийг түрээсийн орлогод ногдуулах татвараас чөлөөлөхөд 27.5 тэрбум, НДШ болон түүний алданги, торгуулиас төлөөлөхөд 870 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна.

 

Ийм их мөнгө зарцуулсан байтал халдварын хүрээг алдсан. Эмнэлгийн ажилчид, хecҮТ-ийн албан хаагчид бүх чадлаараа ажиллаж байгаа. Зарим нь туйлдаж байна. Цэргийн төв госпиталын захиралтай би утсаар холбогдоход “Дөрвөн сар гэртээ харилгүй ажиллаж байна” гэж хэлсэн. Ингэж ажиллаж буй ажилтнуудын нэмэгдэл цалинг олгох ёстой. Хөдөө сумдад ажиллаж байхад зарим эмнэлгийн ажилтнууд томилолт болон нэмэгдэл цалингаа аваагүй гэж ярьсан. Коронавирусээс сэргийлэх, дэгдэлтийг хумихын тулд эмнэлгийн бэлэн байдал, тоног төхөөрөмж, бээлий, ариутгалын бодисыг хангах ажилд Эрүүл мэндийн яам, эмнэлгийн байгууллагын дарга нар онцгой анхаарах ёстой.

-“Ковид 19” халдвартай холбоотойгоор гадаад орнуудаас болон олон улсын байгууллагаас тусламж, дэмжлэг их үзүүлж байна. Хэр хэмжээний дэмжлэг, хөнгөлөлттэй зээл авсан талаар танд мэдээлэл байгаа байх?

-Монгол Улсын Засгийн газар “Ковид 19" цар тахлын үед олон улсын байгууллага, хөгжлийн түнш орнуудаас нийт 651.9 сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөгийн зээл тусламж авахаар гэрээ байгуулсан. Үүнээс 532.5 сая долларыг төсвийн дэмжлэг хэлбэрээр, 119.4 сая ам.долларыг төслийн санхүүжилт болгон авах юм. Эдгээр зээл, тусламжаар цар тахалтай тэмцэх, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлыг хангах, оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж авах, иргэдийн орлогыг хамгаалах, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг санхүүжүүлж байна.

Мөн Азийн хөгжлийн банк 160.1 сая ам.долларын дэмжлэг, БНХАУ 700 мянган ам.долларын өртөг бүхий буцалтгүй тусламж, Европын холбоо 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж, ОУВС 99 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Дэлхийн банк 70 сая ам.долларын зээл болон буцалтгүй тусламж олгож байна.

Түүнчлэн Японы Засгийн газраас 9.3 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, АНУ-ын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сан, дэмБаас хараа хяналтгүй үлдсэн хүүхдүүд, орлого багатай айл өрхийг дэмжиж нийт 2.5 сая ам.долларын санхүүжилттэй төслийг өөрсдөө хэрэгжүүлсэн байна. ХБНГУ-ын Засгийн газар мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг дэмжихэд 1.5 сая ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэсэн. НҮБ-аас 2.6 сая ам.долларын техникийн туслалцаа үзүүлсэн. Манай улсад хангалттай хэмжээний зээл, тусламжийг олон улсын байгууллага, өндөр хөгжилтэй орнуудаас үзүүлсэн байна.

-Эдийн засгаа сэргээх, эрүүл мэндээ хамгаалах чиглэлээр Засгийн газраас 10 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Та энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Цар тахалтай тэмцэхэд хөрөнгө зарцуулах нь зөв. Энэ хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа үр дүн нь харагдана. Тэр үед ямар үр ашигтай төлөвлөгөө, хөтөлбөр болсныг дүгнэж таарна. Энэ хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгчдэд хоёр их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор тусгасан. Гэвч иргэн, жижиг аж ахуйн нэгжүүд зээлийн шаардлагыг нь хангаж чадахгүй байна. Хөнгөлөлттэй зээл авах шаардлагатай жижиг, дунд үйлдвэр, иргэдэд энэ зээл очиж чадахгүй нь харамсалтай. Хэдхэн том компани л хөнгөлөлттэй зээлийг авахаар харагдаж байгаа юм.

-Хамтын тэтгэврийн тухай хуулийг өмнөх парламентын үед С.Эрдэнэ нарын гишүүд санаачлан УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн ч олонхийн дэмжлэг аваагүй. Хуульд тэтгэвэртэй холбоотой ямар өөрчлөлт оруулахаар боловсруулж байна вэ?

-Гэр бүлийн хоёр хүний нэг нь мөнх бусыг үзүүлэхэд үлдэж байгаа хөгшинд нь тэтгэвэр нь хүрэлцдэггүй. Гэтэл нийгмийн даатгалд олон тэрбум төгрөг хуримтлагдсан байдаг. Энэ мөнгийг татвар төлөгч иргэн, тэтгэвэртээ гарсан ахмадууд хүртэх ёстой. Бурхан болсон хүнийхээ тэтгэврийг хөгшин нь насан туршдаа өвлөж авдаг байхаар хамтын тэтгэврийн тухай хуульд тусгасан. Олонхийн бүлэг дэмжинэ гэж найдаж байна.

Улс төржихгүйгээр асуудалд зөв шийдвэр гаргах ёстой. Ер нь ахмадуудын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж, доод хэмжээг 500 мянган төгрөг болгох шаардлагатай юм. Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл намрын чуулганаар орж ирсэн. Энэ хуулийн төслийг боловсруулахдаа анхааралтай хандах ёстой. Өмнө нь Хадгаламж зээлийн хоршоо олноор байгуулагдаад иргэдийн мөнгийг хадгаламжид төвлөрүүлж байсан. Гэтэл тэдгээр ХЗХ дампуурч олон мянган хүнийг хохироосон муу туршлага бий. Түүн шиг зүйл болох вий гэж эмээж байна. Ийм учраас тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох, хамтын тэтгэврийн тухай хуулийг боловсруулж, батлуулах нь зөв гэж бодож байна. 

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Та хуулийн төслийн зарим зүйл заалтад эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан?

-Даатгалын системтэй холбоотойгоор эрүүл мэндийн салбар хагас бие даасан байдалд шилжих гэж байна. Алсын хараатай хийхгүй бол бие даасан гэдэг нь бараг хувьчлалын хэлбэр. Цаашдаа Клиникийн нэгдсэн эмнэлгүүдийг улсын мэдэлд байлгахгүй бол явахгүй. Улсын томоохон эмнэлгүүд нь хувийн хэвшилд шилжвэл жирийн иргэд хаана эмчлүүлэх юм бэ. Төлбөр мөнгийг нь дийлэхгүй шүү дээ. Тийм учраас энэ асуудал дээр болгоомжтой хандах ёстой. Улсын клиникийн болон аймгийн нэгдсэн эмнэлгүүд төрийн эзэмшилд бүрэн байх шаардлагатай.

-АН УИХ-ын сонгуулиас хойш хоёр хуваагдсан. Та УИХ дахь бүлгийн дэд даргын хувьд ямар бодолтой явна вэ?

-УИХ-ын сонгуулийн дараа намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ тамгаа Ц.Туваан гишүүнд хүлээлгэн өгч, намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Цар тахалтай холбоотойгоор намын их хурлаа хийж амжилгүй хойшилсон, дарга нарын дунд хагарал бий болсон. Гэхдээ хэдэн хүн эв түнжингүй байгаа болохоос орон нутагт, дунд шатанд нам хуваагдаагүй гэдгийг ойлгох ёстой. АН-ын бүлгийн гишүүд болон өмнө нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан намын гишүүд хоёр хуваагдсан удирдлагуудтай уулзаж, эв нэгдлээ хангахыг хүссэн. Намын даргын сонгуулийг нэг өдөр явуулах асуудлыг ярилцсан. Тэгж байж намын асуудал зүгширнэ.

-Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө АН нэг цул болж чадах болов уу. Одоо ч хоёр талд намын даргын сунгаа үргэлжилж байна?

-Хоёр тал эв нэгдлээ хангаж, зүгширнэ гэж найдаж байна. Тэдний аль алинд нь дутагдал бий. Гол нь намынхаа хууль дүрэмд захирагдаж, нэгнээ хүндэтгэж эв нэгдлээ хангах хэрэгтэй. Намын жирийн гишүүдийнхээ итгэлийг алдаж болохгүй. Нэгдмэл хүчтэй сөрөг хүчин байх ёстой. Тиймээс гаднын ямар нэгэн нөлөөнд орохгүйгээр эв нэгдэлтэй байх хэрэгтэй. 

ШИНЭ МЭДЭЭ