МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.03.26
Эрүүл мэнд

Ё.Баатарбилэг: Орон нутгийн эмч, ажилтнуудыг яаралтай дархлаажуулах шаардлагатай байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.26\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандаас "Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар" Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.

Асуулгын хариултыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулсан бөгөөд асуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

"Өнөөдрийн байдлаар Архангай аймагт 18 болсон байна. орон нутагт бэлдсэн өрөөнүүд дүүрч, нэмж ор дэлгэх асуудал яригдаж байна. УОК, Шадар сайд, ЭМ-ийн сайд нар энд байна. Орон нутаг дахь эрүүл мэндийн ажилтнуудыг нэн яаралтай вакцинжуулах шаардлагатай гэсэн хүсэлтүүд ирж байгаа. үүнийг ямар шат дараатай хийх гэж байна вэ? Цагдаа, онцгой, эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын ажилтнуудыг улсын хэмжээнд вакцинжуулах ажлыг маш яаралтай зохион байгуулах шаардлагатай байна.

Орон нутагт эм эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцасны нөөц багасаад байна. Архангай аймагт гэхэд 7 хоногийн л нөөц байна. дээр нь ариутгал халдваргүйтгэлийн хэрэглэл байна. Үүнийг онцгой комиссын асуудал гээд орон нутагт нь хаяж болохгүй. Улсын хэмжээнд нөөц нь ямар байдалтай байна вэ?

Эмч, эмнэлгийн ажилтнууд тасралтгүй жил гаруй ажиллалаа. Тэд маш их ядарч байна. дэмжлэг туслалцаа ямар байдлаар хийгдэж байна вэ? Алдаа гаргахаар хариуцлага яриад байдаг гэтэл дэмжлэг нь ямар байдалтай байна вэ?

Л.Энх-Амгалан сайдаас асууя. Гуравдугаар сарын 19-д гарсан сайдын тушаал байна. Хүүхэд багш нараа амраахгүй юм уу? Хүүхдүүд дэлгэцийн хамааралтай болж байна. Багш нарыг зүгээр сууж байгаа мэтээр нийгмээрээ буруутгаж байна. Танхимаар заадгаасаа илүү стресстэй ажиллаж байна. Энэ ямар учиртай вэ? УОК дээр үүнийг ярьсан уу? Багш нараас хүсэлт ирсээр байгаа тул УОК ямар байр суурьтай байгаа вэ?"

Түүний асуултанд Шадар сайд С.Амарсайхан, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ