МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолд хяналт тавих Түр хороо байгуулав
2021.03.25
Улстөр

УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолд хяналт тавих Түр хороо байгуулав

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн танилцууллаа. 

ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав.

Төслийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хуралдаанд танилцуулав. УИХ-ын нэр бүхий 20 гаруй гишүүн “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, санал боловсруулж, дүнг нэгдсэн чуулганд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тогтоолын төсөл санаачлан боловсруулжээ.

Оюутолгойн ордын гэрээг Монгол Улсын эрх ашигт нийцүүлж ашигтай болгох, Дубайн гэрээг цуцлах асуудал УИХ, Засгийн газрын түвшинд идэвхтэй өрнөж, ажлын баг байгуулагдан ажиллаж, улмаар талууд хэлэлцээр хийж нэгдсэн шийдэлд хүрэхээр ажиллаж байна. Иймээс үүсээд буй одоогийн нөхцөл байдлын үед асуудалд хувь гишүүний бус улс орны эрх ашгийн үүднээс нэг мөр ойлголттой, нэгдсэн байр суурьтай хандах шаардлагыг харгалзан УИХ-ын бүтцэд уг асуудлыг хариуцсан Түр хороо байгуулах нь зүйтэй гэж төсөл санаачлагч гишүүд үзсэн байна.

Түр хороог УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээр даргална. Харин УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, П.Анужин, Т.Аюурсайхан, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, С.Ганбаатар, Г.Ганболд, Н.Ганибал, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, Б.Жаргалмаа, Ж.Мөнхбат, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам, С.Чинзориг, Б.Энхбаяр нар гишүүнээр ажиллах аж.

Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

ШИНЭ МЭДЭЭ