МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ч.Ундрам: ШУ технологийн сангийн мөнгөөр академичид хоббигоороо судалгаа хийж, ЖДҮ-ийн зээл шиг болсон
2021.03.22
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ч.Ундрам: ШУ технологийн сангийн мөнгөөр академичид хоббигоороо судалгаа хийж, ЖДҮ-ийн зээл шиг болсон

Эх сурвалж: Үндэсний шуудан

Сэтгүүлч. Т.АМАРТҮВШИН


УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай боловсрол, эдийн засгийн сэдвээр дэлгэрэнгүй ярилцлаа.

-Хаврын чуулганаар боловсролын салбарын таван хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Түүний нэг нь судалгааны их сургуулийн тухай анхдагч хуулийн төсөл. Судалгааны их сургууль байгуулах эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэх вэ?

-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Боловсролын яам Судалгааны их сургуулийн тухай төсөл хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцэх гэж байна. Их, дээд сургуулийн багш, эрдэмтдийн гаргаж буй эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг тусад нь хөгжүүлэх, Судалгааны их сургууль байгуулах, тухайн сургуулиа төрөөс бодлогоор дэмжих санаа уг хуульд агуулагдаж байгаа. Олон улсын жишгийг харвал их сургууль гэж нэрлэгдэж байгаа бол судалгаа хийдэг байх хэрэгтэй. Судалгаа хийдэггүй сургуулийг коллеж, МСҮТ-ийн ангилалд оруулдаг. Тэгэхээр УИХ-аар хэлэлцэх Дээд боловсролын тухай хуулийн төслийг судалгааны их сургуулийн тухай хуулийн төслийн концепцтой нэгтгээд, их сургууль нь судалгаа хийдэг байх ёстой гэдэг шаардлага тавих хэрэгтэй юм. Улс орнууд бодлогын судалгаа хийдэг их сургуультай байдаг.

Жишээлбэл, тухайн оронд цөмийн технологи хөгжүүлэх шаардлага байна гэвэл түүний талаар судалгаа хийх үүрэг даалгаврыг судалгааны сургуульдаа өгдөг. Эсвэл “Ковидын халдвар гарлаа. Энэ халдварыг судалж, анагаах эм, вакцин гаргаж ир” гэдэг ч юм уу улс орны нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудалд бодлогын судалгаагаа хийлгэдэг их сургуулиуд байдаг. АНУ-д гэхэд MIT #Массачусеттсын Технологийн Институті, ОХУ-д Москвагийн их сургууль зэрэг бодлогын их сургууль бий.

Манай улсад үүрэг өгөөд бодлогын судалгаа хийлгэдэг эрх зүйн орчин, систем бүрдээгүй. Ер нь их сургууль, шинжлэх ухаан гэдэг бол нэг зоосны хоёр тал. Их сургууль нь Монгол Улсынхаа хамгийн чадварлаг, авьяаслаг оюутнуудыг цуглуулаад, шалгаж, шигшиж, дээрээс нь сайн эрдэмтдийг оруулан хамтдаа мэдлэг бүтээх хэрэгтэй. Дараагийн үеийн судлаачдыг бэлдэх ёстой. 

Манайд сайн багш нар бий. Гэвч тэдэнд бодлогын судалгаа, үүрэг даалгавар өгдөггүй. Хоёрдугаарт, маш хүч тарамдсан байдалтай байгаа. Сургууль болгон жижигхэн лабораторитой хэрнээ багш нар нэгдээд томоорхон судалгаа хийх чадвар доогуур байна. Төрийн өмчийн долоо, найман сургууль тус тусдаа чиглэлээр судалгаа хийдэг. Мөн Шинжлэх ухааны академи гэдэг тусдаа байгууллага бий. Хамтарсан, салбар хоорондын судалгаа хөгжихгүй байна.

-Судалгааны их сургууль байгуулагдвал энэ байдал өөрчлөгдөх үү?

-Их сургууль ийм байх ёстой гэдэг шалгуураа хуульд тодорхой тусгаж өгнө. Олон улсад нэг багшид оногдох оюутны тоо 10-15 байдаг. МУИС-ийн хувьд нэг багшид 20 орчим оюутан оногдож байгаа. Нэг багшид оногдох оюутны тоо багасгах тусам сургалтын чанар сайжирдаг. Нийт багшийн тэдэн хувь нь доктор байх, шинжлэх ухааны ололт амжилтаа баталгаажуулсан эрдэм шинжилгээний өгүүлэл олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн байдал, гаргаж буй патентын тоо ийм байх ёстой гэдэг шалгуурыг их сургуульд тавих хэрэгтэй. Иймэрхүү шалгуурыг хангаж чадвал их сургууль мөн, чадахгүй бол коллеж гэж үнэлэх ёстой. Сургуулиуд их сургууль болохын тулд мэрийх хэрэгтэй. МУИСийн хувьд сүүлийн жилүүдэд энэ үзүүлэлтүүд өссөн. Гарааны компани байгуулаад ашиг олж эхэлсэн. Их сургуулиудыг харахаар эрэмдэг" болчихоод байгаа юм. Тодруулбал, МУИС-д маш сайн хими, биотехнологи, физикийн факультет байлаа гэхэд анагаахынх байдаггүй. Анагаах, хөдөө аж ахуйн судалгаа нь хамт байвал Монгол Улс ядаж малын вакцин үйлдвэрлэж, эм, тариа үйлдвэрлэх чиглэлд хөгжих боломжтой. Тэгэхээр энэ дутагдаж буй зүйлүүдээ нэгтгээд явбал зөв шийдэл болно. Хамгийн боломжит хувилбар нь хоёр байгууллагыг нэгтгээд орхих биш, эрдэмтдийн баг бүрдүүлэх хэрэгтэй. Багш, эрдэмтдийг сургуультай нь “хадчихаагүй" шүү дээ. Их сургуулийг бүрдүүлэгч нь багш, эрдэмтэд, лаборатори. МУИСийн хими, биологи, физикийн чиглэлийн эрдэмтдийг анагаах, хөдөө аж ахуйн эрдэмтэдтэй нэгтгэн судалгааны баг ажиллуулах боломжтой. Мөн салбар дундын хөтөлбөр боловсруулж, дараагийн судлаачдыг бэлдэх хэрэгтэй.

Монголынхоо чадварлаг эрдэмтдийн нөөц бололцоог ашиглах ёстой. Дээр нь Шинжлэх ухааны академийг сайн оролцуулах хэрэгтэй. Гэхдээ Шинжлэх ухааны академийн бүтэц, зохион байгуулалт, санхүүжилттэй холбоотой шинэчлэлийг хийх шаардлага бий. 

-Шинжлэх ухааны академид ямар шинэчлэл хийх хэрэгтэй вэ?

-Шинжлэх ухааны академи 100 жилийн өмнө Судар бичгийн хүрээлэн нэртэйгээр байгуулагдсан. Академийг байгуулахдаа МУИС-ийн тодорхой чадварлаг эрдэмтдийг “тасалж” аваачсан. Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагддаг. Энэ нь Боловсролын тухай хуультай төдийлөн уялдахгүй байх шиг санагддаг. Боловсрол, шинжлэх ухааны салбарын төрийн төв байгууллага нь Боловсрол, шинжлэх ухааны яам. Гэтэл Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд академийг шинжлэх ухааны төв байгууллага гээд заачихсан. Тэгэхээр шинжлэх ухааныг хариуцсан хоёр яам байгаа юм шиг болж байна. Хоёрдугаарт, академи хоёр хэсгээс бүрддэг. Шинжлэх ухааны академич гээд 60 орчим хүн бий. Мөн академийн харьяа хүрээлэнгүүд ажилладаг. Улсаас Шинжлэх ухааны академид жил болгон 28.4 тэрбум төгрөг төсөвлөдөг. Энэ мөнгийг цалин, үйл ажиллагаандаа зарцуулдаг.

Академичид нь Шинжлэх ухааны академийн цалин, дээр нь үндсэн цалин болон тэтгэврээ авдаг. Ингэхээр нэг академич нийт 2.5 - 3 сая төгрөгийн цалин авч байна. Гэтэл доктороо хамгаалчихсан, лабораторид суугаад судалгаа хийж ажиллаж байгаа хүрээлэнгийн залуу эрдэмтэд 800 мянган төгрөгийн цалин авч байна. Шинжлэх ухааны академиас “Шинэ технологи, иноваци хийгээч, судалгаа хаана байна" гээд шаардахаар “Та нар бага цалин өгдөг. Гадаадууд шиг дотоодын нийт бүтээгдэхүүний тэдэн хувьтай тэнцэх хэмжээнд цалинг нэмбэл, бид сайн судалгаа хийх гээд байна” гэдэг. Гэтэл улсаас өгч буй мөнгөний ихэнх нь 60 хүний цалинд явчихаад байна. Угтаа бол хүрээлэнгийн залуу эрдэмтдэд зориулагдах хэрэгтэй. Хүрээлэн дээр ажиллаж буй залуучууд гэр бүлтэй, ардаа амьдралтай хүмүүс шүү дээ. Судлаач болох гэж асар их хугацааг зарцуулж, олон жил суралцсан. Зарим нь гадаадад суралцаж, хамаг хөрөнгө мөнгөө зарцуулдаг. Гэтэл бага цалин өгчихөөд юм хийгээч гэдэг нь үнэн. Энэ хүмүүст төрөөс өгч буй мөнгө бага ч гэсэн очоосой. Дээр нь захиалгат судалгаануудыг их сургуулийн эрдэмтэдтэй хамтран ур чадвараа шингээж хийгээсэй гэж хүсэж байна.

-Шинжлэх ухааны салбар нь их сургуулийн эрдэмтэдтэйгээ хамтарч ажиллах ёстой байх?

-Тийм. Шинээр мэдлэг бүтээхээс гадна дараагийн хүмүүсээ хамтарч сургах шаардлагатай. Шинжлэх ухааны "арми” байнга бэлтгэгдэж байх ёстой. Гэтэл Шинжлэх ухааны академи нь академичаа нууц санал хураалтаар сонгон шалгаруулдаг. Түүнийг нь Ерөнхийлөгч соёрхдог. Улс төрийн өнгө аястай байгууллага болоод байна. Шинжлэх ухааны байгууллага улс төр, шашнаас ангид байж, улс орон, нийгэм эдийн засагт тулгамдсан асуудлыг судалж, шийддэг байх хэрэгтэй. Олон жил утаа, агаарын бохирдлыг ярьж ирсэн ч эрүүл мэндээрээ хохирсоор байна.

Хот хөрсний бохирдолтой. Энэ асуудал дээр шинжлэх ухааны салбар судалгааны ажил хийж, гаргалгаа хайх ёстой. Шинжлэх ухаан технологийн сан гэж бий. Энэ сан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан шиг болсон. Шинжлэх ухаан технологийн санд энэ жил 33.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. 

Гэтэл төр энэ сангаар бодлогын захиалгат судалгаагаа хийлгэж чаддаггүй. Эрдэмтэн судлаачид өөрсдийн хоббины судалгаа хийдэг болсон. Өөртөө сонирхолтой байхуйц судалгаа хийж, сангийн мөнгө ашиггүй үрэгдээд байна. Гэтэл бидэнд хөрс, агаарын бохирдол, хог хаягдлыг хэрхэн боловсруулах вэ гээд асуудал бий. Түүнийг судлахгүй байна. Тийм бодлого чиглэлийг академиас эрдэмтдэдээ өгдөггүй. Хоёрдугаарт, Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтийн ихэнхийг академичид нь авдаг. Төсөл бичээд, лоббидоод авчихдаг.

-Яг ийм зүйл болоод байна гэж үү?

-Боловсролын сайд “Зарим академич нь таван удаа санхүүжилт авахдаа нэг судалгаагаар авсан байна” гэж мэдэгдсэн. Судалгааны бүтээлийнхээ гарчгийг нь солиод санхүүжилт аваад байсан байгаа юм. Энэ бол байж боломгүй, ёс зүйгүй үйлдэл. Шинжлэх ухааны салбарынхан маш өндөр ёс зүйтэй байх хэрэгтэй. Сүүлийн 15, 16 жилийн хугацаанд Шинжлэх ухаан технологийн санд 183 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байдаг. Энэ мөнгөөр 5000 гаруй судалгааг санхүүжүүлсэн. Гэтэл үүний нэг, хоёр хувь нь л патент болсон. Нөгөө 5000 судалгаа бүгд шинэ технологи, хэдэн мянган иноваци, шийдэл болох ёстой шүү дээ. Гэтэл тийм зүйл алга. Иймд одоо олгож байгаа Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтыг чамлахгүйгээр зөв хуваарилж, зарцуулах нь чухал. Засгийн газрын үйл ажиллагааны дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт шинжлэх ухаанд оруулж буй хөрөнгө оруулалтаа дөрөв дахин нэмэх зорилт дэвшүүлсэн. Гэтэл бид тогтолцоогоо зөв болгохгүй бол санхүүжилтийг нь хэчнээн нэмээд эзэндээ очиж чадахгүй. Тиймээс Шинжлэх ухаан технологийн тухай болон Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд анхаарч ажиллана.

-Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ямар өөрчлөлт орох вэ?

-Хамгийн гол анхаарах зүйл нь сургалтын хөтөлбөр. Сургалтын хөтөлбөрийг тогтвортой байхад анхаарна. Хоёрдугаарт, ямар хүн бэлдэх вэ гэдэг алсын харааг тодорхойлох ёстой. Арван хоёрын жилийн дараа ЕБС, 16 жилийн дараа их сургууль төгсөөд ямар мэдлэг, чадвар, хандлага, хүмүүжилтэй хүн болох вэ гэдэгт анхаарах шаардлагатай. Тархи, зүрх сэтгэл, бие махбодын боловсрол гэж яриад байгаа шүү дээ. Ямар хүн бэлдэх гэж байгаагаа тодорхойлж, үндэсний хөтөлбөр боловсруулаад, тогтвортой хэрэгжих тогтолцоог хуульд тусгаж өгөх ёстой. Мөн багшийн хөгжил чухал. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол хүн нь багш. Багш сайн байж хүүхэд сайн сурна. Хичнээн сайн сургалтын хөтөлбөртэй байгаад багш муу бол хүүхэд сайн сурч чадахгүй. Тааруу хөтөлбөртэй ч багш нь сайн байвал хүүхэд сайн сурчихдаг. Тиймээс багшийн хөгжилд анхаарах шаардлагатай. Боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт нь багш, сурагчдадаа очдог байх ёстой.

Багшийг зөв системээр үнэлдэг байх хэрэгтэй. Сургууль дулаахан байна уу, үгүй юү гэдэг асуудал багштай хамаагүй. Гэтэл одоо багшийг үнэлэх шалгуурт ийм зүйл яваад байна. Багш нь хүүхдүүдээ бие бялдар, сэтгэл санаа, мэдлэг оюуны хувьд сайн сургаж чадаж байна уу гэдгийг үнэлэх ёстой. Сайн ажиллаж байгаа багшийн урамшууллыг хангалттай өгч, нийгмийн баталгааг нь хангадаг байх хэрэгтэй. 

Багш нарт ар гэртээ санаа зовохгүй ажлаа хийх боломж олгох шаардлагатай. Тэгэхгүй бол одоо багш нар хичээлээ бушуухан заачихаад хэдэн хүүхдэд давтлага өгөөд гэр бүлээ тэжээхэд анхаарахаас өөр аргагүй байна шүү дээ. Гуравдугаарт, боловсролын салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцооны хувьд зөв болгох шаардлага бий. Жишээлбэл, сумын сургуулийн зардлыг сангийн яамнаас хуваарилдаг. Сумын сургуулийн зардлаас Засаг дарга нь хог хаягдлын асуудлаа шийдсэн байх жишээтэй. Гэтэл сургуульд төсөвлөсөн мөнгө хүүхдийн боловсролд зориулагдах ёстой. Мөн сум болгон 12 жилийн сургуультай байх нь үр ашиггүй тогтолцоо болоод байна. Бага, дунд анги болон ахлах ангийнхны орж буй хичээл нь зааг ялгаа ихтэй. Ахлах ангийнханд хичээлийн лаборатори хэрэгтэй байдаг. Тэгэхээр сум дундын ахлах сургуультай болж, түүнийгээ хэрэгцээтэй зүйлээр нь сайн хангавал зохистой юм. Сум болгонд ахлах сургуультай байхаар сургууль бүрд хэрэгцээтэй зүйлийг улсаас хангах гэж “зовдог". Түүний оронд сум дундад ахлах сургуультай болж, хэрэгтэй зүйлийг авч өгдөг санхүүгийн зөв схем хэрэгтэй. Боловсролын салбар төсвийн 20 орчим хувийг эзэлдэг. Тиймээс энэ мөнгийг чамлаж болохгүй. Үр ашигтай зарцуулах ёстой. Мөн засаглалын асуудал бий. ЕБС, цэцэрлэгийн удирдлагуудыг улс төржиж томилдог. Гэтэл боловсрол, эрүүл мэндийн салбар улс төрөөс ангид байх ёстой. Сургууль, цэцэрлэгийн удирдлага мерит зарчмаар сонгогдох ёстой.

-Банкны тухай хуулийг энэ оны эхээр УИХ шинэчлэн баталсан. Хуульд нэг хувьцаа эзэмшигч дангаараа болон холбогдох этгээдийн хамт тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20-иос хэтрэхгүй хэмжээний хувийг эзэмшихээр тусгаж өгсөн. Ер нь Банкны тухай хуульд орсон өөрчлөлтөд ямар бодолтой байгаа вэ?

-Би энэ хуулийг өргөн барьсан хүний нэг. Монгол Улс жижиг эдийн засагтай. Санхүүгийн зах зээл хэдхэн банкнаас хараат болчихоод байсан. Банкны ихэнх хувьцааг хэдхэн хүн эзэмшдэг. Улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн бодлогыг хэдэн том банкны эзэд удирдаж байна гэсэн үг. Тэгэхээр тухайн банк улс төртэй хэт ойртох, төрөөс шаардлагатай шийдвэрийг гаргуулах, улс төрийн нөлөөнд автаж зээл өгөх эрсдэлтэй байдаг. Банканд нөлөөлөл үзүүлж зээл авсан тухайн хүн нь зээлээ төлж чадахгүй бол жирийн иргэдийн нуруун дээр ачаа ирдэг. Банк ашигтай ажиллахын тулд зээлийн хүүгээ нэмж, энгийн иргэд түүнийг нь төлдөг. Ийм учраас зээлийн хүү өндөр байсан. Бид зээлийн хүүг бууруулах стратеги батлуулсан. Бодлогын хүүг бууруулж, зургаан хувь болсон. Банкны хуулиар хугацаатай хадгаламжид хүү тооцохыг хориглосон. Тусгай нөхцөлтэй хадгаламж байхгүй болсон. Банкны гол эх үүсвэр нь хадгаламж шүү дээ. Банк нь том хадгаламж эзэмшигч нарт тусгай нөхцөлтэй, өндөр хүү амлаж мөнгөний эх үүсвэр татдаг байсан. Энэ байдлыг таслан зогсоосон.

Нэг гэр бүл 20-иос илүүгүй банкны хувь эзэмшихгүй, тэр нь улстөрч биш байна гэж хуульчилсан. Тэгэхээр иргэн бүр банкны хувь эзэмшихгүй болох нь нээлттэй, засаглалын хувьд сайжирна. Мөн Монголбанкны арилжааны банканд хяналт тавих оролцоог нэмэгдүүлсэн. Эрүүл, шударга, олон улсын чиг баримжааг авсан хууль болсон. 

-ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, өмгөөлөгч Б.Баасанцогт нарын асуудлаар УИХ-ын гишүүд мэдээлэл хийж, тэдэнтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллага анхааралдаа авч шалгахыг шаардан, ажлын хэсэг байгууллаа гэж мэдэгдсэн. УИХын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан юм уу?

-УИХ-ын дарга захирамж гаргаж, хоёр ажлын хэсэг байгуулагдсан. Нэг нь Б.Энх-Амгалан гишүүн тэргүүтэй ажлын хэсэг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Б.Баасанцогт өмгөөлөгчтэй холбоотой мэдээлэл цацагдсан. Тэрээр шүүгч, прокурор, АТГ-ын ажилтнуудтай нууц уулзалт зохион байгуулдаг, компьютероос нь хэрэг төлөвлөдөг асуудал олдсон байна. Мөн шүүгчид мөнгө шилжүүлсэн, гар утас бэлэглэсэн асуудал бий. Түүнчлэн хилээр оруулж ирсэн 20 сая доллартой холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шалгах ёстой гэж үзэж байгаа. Хуулийн байгууллага нь өргөдөл гомдол өгвөл шалгана. Мөн хэвлэл мэдээллээр гарсан гэмт хэргийн шинжтэй асуудлыг шалгадаг. Гэтэл хэвлэл мэдээллээр энэ асуудлыг яагаад шалгахгүй байна вэ. Ерөнхий сайд, Хууль зүйн сайд яриад мэдэгдэл хийгээд байхад яагаад шалгахгүй байна. Б.Баасанцогт яагаад гадуур сул чөлөөтэй яваад байдаг юм. Тиймээс асуудлыг шалгахыг цагдаа, прокурор, АТГ-д тавьж байгаа. Нөгөө ажлын хэсэг нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай холбоотой хүний эрхийн асуудлыг шалгана. Эрүүдэн шүүсэн хүний эрхийн асуудал хөндөгдөж байхад ямар учраас энэ хэрэг удаашраад байна.

-Ажлын хэсэг байгуулагдана гэдэг бол гишүүд энэ асуудалд тодорхой хугацаанд анхаарал хандуулж ажиллах нь гэж ойлгогдож байна. УИХ-ын гишүүд хууль боловсруулж, батлах ёстой. Гэтэл хэдэн хүнийг хуулийн байгууллагаар шалгуулахын тулд заавал Ажлын хэсэг байгуулах шаардлага байсан уу. Хуулийн байгууллагад албан тоотоор шаардлага өгч болдоггүй юм уу. Хэт улстөржсөн шинжтэй харагдаж байна?

-УИХ-ын гишүүний гол ажил нь хууль тогтоох, хоёрдугаарт хуулийн хэрэгжилтэд хяналт тавих. Гэтэл хууль хэрэгжихгүй байна шүү дээ. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангуулах ёстой. Бүрэн эрхийн хүрээнд бусад гишүүнээ төлөөлж ажиллаад, хуулийн хэрэгжилтийг хангуулах, буцаад гишүүддээ танилцуулах үүднээс ажлын хэсэг байгуулсан. Бидний хэдэн гишүүн энэ асуудалд санаа зовниж, анхаарал хандуулж, ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон.

Ярилцсан баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ