МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг сайжруулах чиглэлээр хэлэлцүүлэг боллоо
2021.03.12
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг сайжруулах чиглэлээр хэлэлцүүлэг боллоо

Өнөөдөр “Төрийн өмчийн ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2023 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай” хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт тогтоолын төсөлд хяналт тавих чиг үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Б.Баярсайхан, Ё.Баатарбилэг, Д.Өнөрболор, Ч.Ундрам, Б.Жаргалмаа нарын гишүүд, БШУЯ-ны ТНБД-аар ахлуулсан дэд ажлын хэсгийн гишүүд, БХБЯ, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, БХБЯ-ны холбогдох албан тушаалтан, хувийн хэвшлийн төлөөлөл хэлэлцүүлэгт оролцлоо.

 

Хэлэлцүүлэгээр БШУЯ-ны ТНБД Д.Батбаатар үйл ажиллагааны явц, Мобиком корпораци болон Дэлхийн зөн Монгол ОУБ-ын хамтран хэрэгжүүлсэн “WASH” төслийн танилцуулга, Баруун 3 аймгийн сургууль, цэцэрлэг, дотуур байранд хийгдсэн ариун цэврийн байгууламжийн төслийг танилцууллаа.

Мөн ОХУ, ХБНГУ зэрэг олон улсын Монгол улсад нэвтрүүлэх боломжтой технологийг танилцуулсан ба Монгол орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд тохирох хэд хэдэн технологи байгааг эрдэмтэн, судлаачид, инженер, бизнес эрхлэгчид хэлэв.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хэлэхдээ,
“Бага хугацаанд технологийн шийдлээ олсон, нарийн судалгаа хийх хэрэгтэй байна. УИХ-ын ажлын хэсэг, дэд ажлын хэсэг байгуулагдаад төрийн ордонд 2 удаагийн уулзалт болсон. Уулзалтуудын үр дүн, судалгаа мэдээлэл хангалтгүй байна. Маш их цаг алдаж байна. Өнөөдөр хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн Монгол инженерүүд, төлөөллүүд та бүхэн хүүхдэд ээлтэй, таатай ариун цэврийн байгууламж барьж байгуулах бүрэн чадалтай гэж харж байна, итгэж байна. Иймээс ажлын дэд хэсэг ажлаа шуурхайлан хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах хэрэгтэй байна.” гэлээ.  
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
“Санхүүжилт нь бэлэн ажил дээр удаж цаг алдан ажиллаж байгаад шүүмжлэлтэй байна. Цар тахлын үед УИХ-ын чуулган нэг ч өдөр алдахгүй хуралдсан. Дэд ажлын хэсэг ажлаа зохион байгуулан онлайнаар хувийн хэвшил, эрдэмтэн судлаачидтайгаа яагаад өмнө нь хуралдаж болсонгүй вэ? Ажлын дэд хэсэг ажлаа эрчимжүүлэн технологи, материал, хүчин чадал, газар зүйн байрлал, ашиглалтын зардал, төсвөө тооцоолон ажилламаар байна.” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, хүүхдийн төлөө сэтгэлтэй, зүтгэлтэй хариуцлагатай түргэн шуурхай ажиллах ёстой. Төр ч бай хувийн хэвшил ч байгаа сэтгэл хандлагатайгаар ажиллаарай гэж захисан бол УИХ-ын гишүүн Д.Өнөрболор  барилгын технологи ярьж байгаатай адил чанартай сайн материал сонгох хамгийн чухал. Материал сонголтоо цаг уурын байдал, хөрсний өөр өөр нөхцөлтэйгөө уялдуулан сонгож ажиллах хэрэгтэй гэдгийг онцоллоо.

Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын ажлын хэсгийн гишүүд ажлын дэд хэсэг судалгаа, зохион байгуулалтын ажилдаа удаан, гүйцэтгэл муутай байгаад УИХ-ын гишүүд шүүмжилж хүүхдийн сайн сайхны төлөө чин хандлагатайгаар цаг алдалгүй шуурхай ажиллахыг сануулсан юм.

ШИНЭ МЭДЭЭ