МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.29
Улстөр

Б.Баярсайхан: Шинэ Засгийн газрын хугацаанд Хүний хөгжлийн цогц бодлоготой болно гэж найдаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.29\ үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг танилцууллаа. 

УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: 

"Эрхэм Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танд болон таны шинээр эмхлэн байгуулж байгаа Засгийн газрыг дэмжиж байна. Томилогдож байгаа сайд нарт ажлын амжилт хүсье. Надад хэд хэдэн асуулт байна.

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд хүүхэд эмэгтэйчүүдэд хүнлэг бус хандсан төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас бол ёс зүйн хариуцлага хүлээсэн. УИХ-аас эмэгтэй гишүүдийн зүгээс хүүхдийн асуудлаар эрх зүйн орчин бүрдүүлж, хүүхэд хамгааллын зардлыг жил бүр нэмэгдүүлэн ажиллахад анхаарч ажиллаж байгаа ч өнөөдөр нийгэмд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд нь хангалттай ажиллаж чадахгүй байна. Монгол Улсын Ерөнхий сайд нь хуулиараа хүүхдийн эрхийг хамгаалах салбар дундын зохицуулалтыг хангаж ажилладаг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг тэргүүлэн ажилладаг. Та Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүчирхийллийг бууруулах чиглэлд ямар ажил хийх вэ?

Хүүхэд хамгааллын байгууллагуудын хүний нөөцөд та анхаараарай. Мэргэжлийн сэтгэлтэй, хүүхдэд хайртай залуус эмэгтэйчүүд, хөгжлийн төлөө, гэр бүлүүдийн төлөө сайн бодлого гаргаж ажилладаг ёс зүйтэй хүмүүсийг салбартаа ажиллуулаарай гэж хүсэж байна. Мөн УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг, Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийг дэмжин ажиллана гэж итгэж байна.

Алсын хараа 2050-д Монгол Улсын хөгжлийн суурь бодлого болох хүний хөгжлийн цогц бодлогыг Л.Оюун-Эрдэнэ сайд таныг Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд бүх суурь ажил тавигдаж, Монгол Улс хүнээ дээдэлсэн Хүний хөгжлийн цогц бодлоготой болно гэж найдаж байна. Энэ ажлыг УИХ-ын гишүүний хувьд хамтран ажиллахаа илэрхийлье. 

Соёлын сайдаас асууя. У.Хүрэлсүхийн Засгийн газар Соёлын салбарт маш их анхаарсан. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, шинэ бодлогыг хэрэгжүүлж байгаа. 26 жилийн дараа Монгол Улс бие даасан  Соёлын яамтай болсон. Өнгөрсөн 7 сарын хугацаанд уг яам хөдөө орон нутагт хүрч ажиллаж чадсангүй. Соёлын яамыг зөвхөн Улаанбаатарчуудад зориулаагүй, нийт монголчууд, тэр дундаа тархан суурьшсан Монголчууддаа хүртээлтэй болгох ёстой. Соёлын реформыг ингэж өргөн далайцтай хийж байж бид өнөөдөр яриад байгаа ондоошлыг авч чадна. Ч.Номин сайдын хувьд Монгол ТВ удирдаж байхдаа олон улсын нийгэмд сайнаар нөлөөлсөн, залууст сайн нөлөө авчирсан соёлын контент оруулж ирсэн. Хүмүүнлэгийн асуудлыг дэмждэгт талархаж явдаг. гэхдээ одоо бүхэл улс орны Соёлын салбарын тэргүүн, төрийн сайд болж байна. Та хувиараа ямар нэг төсөл хөтөлбөр энэ салбарт хэрэгжүүлж, хийж байгаа юу? Хийхээр төлөвлөж байгаа юу?

Хүнээрээ хүн хийх, Монгол уламжлалт зан заншил, соёл алдагдсанаас бол өнөөдөр бид ёс суртахуунтай сайн хүн болгож чадахгүй байгаа бодлогын алдаа сүүлийн 30 жил байсан. Хүүхэд хүмүүжүүлэх, хүүхдийг хүн хийнэ гэдэг зөвхөн боловсролын яамны ажил биш. Монгол иргэн бэлтгэх дээр та ямар бодолтой байна вэ?

Эрүүл мэндийн сайдаас асууя. Уг салбарт гарсан асуудлаас болж Загсийн газар огцорлоо. Эмнэлэгт байгаа эмнэлгийн ажилтнуудын ажилдаа хандах, өвчтөнүүддэ хандах хандлагын тал дээр анхаарч ажиллаарай."

Түүний асуултад Соёлын сайдад нэр дэвшигч Ч.Номин, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ.

ШИНЭ МЭДЭЭ