МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Барьцаалан зээлдүүлэх газрын хүүг гурван хувиас дээш хэтрүүлэхгүй
2021.01.27
Эдийн засаг, Худалдаа

Барьцаалан зээлдүүлэх газрын хүүг гурван хувиас дээш хэтрүүлэхгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдаанаар Ковид19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцууллаа. 

АБГББХ, ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн танилцуулав. 

 Цар тахлын улмаас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд иргэдийн орлогын эх үүсвэр болсон үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлт нь зогсож, цалин, орлого таслалдсан. Үүний улмаас барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан зээлээ эргэн төлөх чадваргүй болж, тэдгээрт өрийн дарамт бий болох, зээлдэгчийн барьцааны зүйл, өмч хөрөнгийн үнэ цэн буурах, үнэгүйдэх зэрэг бодит эрсдэл тулгараад байгааг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдлаа. 

    Нөхцөл байдлыг харгалзан барьцаалан зээлдүүлэх газартай байгуулсан зээлийн гэрээнүүдийн харилцаанд Улсын Их Хурлаас хууль батлан гаргах замаар тодорхой зохицуулалт хийж, иргэн, хуулийн этгээдийг зээлийн өрийн дарамтад орохоос сэргийлэх, эдийн засгийн сөрөг нөлөөллийг арилгахад чиглэсэн арга хэмжээ авах зайлшгүй шаардлага бий болоод байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

    Төслөөр барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 12 дугаар сарын 22-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хамаарах хүүгийн хэмжээг сарын 3 (гурав) хувиас, алдангийг өдрийн 0.2 (тэг бүхэл хоёр) хувиас тус тус хэтрүүлэхгүй тооцохоор тусгасан байна. Мөн барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 12 дугаар сарын 22-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцохгүй байх, барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглох, хэрэв хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчилд тооцохоор төслийн танилцуулгад дурдсан байлаа. 

    Төсөл батлагдсанаар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор үйл ажиллагаа нь хязгаарлалтад орсон, зогссон, цалин, орлого нь тасалдсан болон бүрэн тасалдсан иргэн, хуулийн этгээдэд учирч буй эдийн засгийн хүндрэл, зээлээс үүсэх өрийн дарамт, барьцаа хөрөнгө үнэгүйдэхээс сэргийлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ. 

    Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нараас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслүүдийг Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хороо 2021 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

  Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Ц.Сэргэлэн, Н.Ганибал, Ц.Даваасүрэн, О.Цогтгэрэл, Б.Жавхлан, Ж.Бат-Эрдэнэ, Г.Дамдинням нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Ингээд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 67.7 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлэв.

ШИНЭ МЭДЭЭ