http 6
Монгол Улсын Ерөнхий сайдын огцрох саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжлээ
2021.01.22
Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайдын огцрох саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2021.01.21) 16 цаг 20 минутад 19 гишүүний 17 нь хүрэлцэн ирснээр эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг өөрийн нь саналаар огцруулах асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хууль болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Улсын Их Хурлын гишүүдээс тогтоолын төсөл өргөн барьсан бол Ерөнхий сайдыг огцруулах, эсхүл Ерөнхий сайдыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр зохицуулсан.

Харин энэ удаад Ерөнхий сайдыг өөрийнх нь саналаар огцруулах асуудлыг анх удаа хэлэлцэж гэж байна. Иймээс энэ асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар тусгайлан зохицуулаагүй учраас уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Тухайн асуудлыг хэлэлцэх хуралдааны дэгийг хуулиар зохицуулаагүй бол уг асуудлыг хэлэлцэх дэгийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, саналаа нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасныг үндэслэн Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн зохицуулалтын дагуу хэлэлцэх горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь дэмжив.

Ингээд Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдын үүрэгт ажлаас огцрох саналаа Улсын Их Хурлын даргад хүргүүлснийг хэлэлцэж шийдвэрлэхийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн талаар Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан гишүүдэд танилцуулав.

Ерөнхий сайдын огцрох саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Пүрэвдорж, С.Амарсайхан нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Гишүүдийн асуулт, саналтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байнгын хорооны хуралдаанд хэлсэн үгэндээ, би хариуцлагаас зугтдаг биш, хариуцлага хүлээж ажилладаг хүн. Эцэг хүн, охин үртэй хүний хувьд болсон үйл явдалд үнэхээр харамсаж байна. Үнэхээр сэтгэл эмзэглүүлж, зүрх шимшрүүлсэн. Иймээс алдаа гаргасандаа ээжээс, шинэ төрсөн үрээс, гэр бүлээс нь уучлалт гуйж байна. Монгол төр хэнд ч гэлээ ийм хариуцлагагүй, ёс зүйгүй, хүнлэг бус явдал дахин гаргах ёсгүй. Ийм алдаа гаргахгүйн төлөө шинээр байгуулагдах Засгийн газар хариуцлагатай ажиллана гэдэгт итгэж байна.

Алдаа гаргавал, хариуцлага алдвал доороосоо эхлээд Засгийн тэргүүн хүртлээ хариуцлага хүлээдэг юм байна гэдгийг үлгэр жишээ болгож би ийм алхам хийж байна. Гаргасан алдаандаа Засгийн газрын танхим хамтын хариуцлага хүлээж байна.

Ард иргэд тайван замаар жагсаж үзэл бодол, байр сууриа илэрхийлж байхад түүнийг улс төрийн зорилгодоо ашиглаж ашиг хонжоо олох гэсэн, улс төрийн тогтворгүй байдал үүсгэх гэсэн оролдлогоос сэргийлэх үүднээс ийм шийдвэр гаргаж байгаа юм.

Би улс төрөөс яваагүй. Цаашид Улсын Их Хурлын гишүүний хувьд шударга бусын эсрэг тууштай зүтгэж, үгээ хэлж тэмцэх болно гэдгээ хэллээ.

Ингээд Монгол Улсын Ерөнхий сайдыг өөрийнх нь саналаар огцруулах санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүний 13 нь буюу 76.5 хувь нь дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ