МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллана
2020.10.30
Гадаад харилцаа

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллана

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Их Британи, Умард Ирландын Вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоуныг өчигдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэсэн хамтын ажиллагаа, 12 дугаар сард болох “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтыг ахиулах” дээд хэмжээний цахим уулзалт, ирэх жил зохион байгуулах НҮБ-ын суурь конвенцын Талуудын 26 дугаар бага хурлын талаар санал солилцлоо.

Элчин сайд Филип Малоун, “Бид уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлдэг. Тухайлбал, хөдөө аж ахуй, газар тариаланг дэмжих, орон нутагт уур амьсгалын эрсдэлийн менежмэнтийг сайжруулах, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр зэргийг нэрлэж болно. Энэ чигт бидний хамтын ажиллагаа тодорхой үр дүнд хүрнэ гэж найдаж байна” гэв. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, “Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөх эрсдэлтэй 10 орны нэгд тооцогддог. Иймд уур амьсгалын өөрчлөлтийн талаар багагүй анхаардаг. Хэдийгээр манай орны хүлэмжийн хийн ялгарал өндөр хөгжилтэй оронтой харьцуулахад бага ч иргэдийнхээ болон Парисын хэлэлцээрийн өмнө хүлээсэн үүрэг, амласан амлалтаа ухамсарлаж зорилтдоо хүрэхээр хичээнэ. 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувь багасгахыг 22,7 хувь болгох том зорилт тавьсан. Хүлэмжийн хийн ялгарлын эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад санаачилгатай ажиллаж байгаа”-гаа онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ