МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Л.Мөнхбаатар: Орон нутагт төсөв хуваарилах байдлаар төсвийн хөрөнгийг хэмнэнэ гэдэгтэй би санал нийлдэггүй
2020.10.06
Орон нутгийн хөгжил

Л.Мөнхбаатар: Орон нутагт төсөв хуваарилах байдлаар төсвийн хөрөнгийг хэмнэнэ гэдэгтэй би санал нийлдэггүй

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай Засаг, захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл хийгээд цаг үеийн асуудлаар ярилцлаа.

  • УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаанаар Засаг, захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулна. Орон нутгийг төлөөлж буй гишүүний хувьд үүнд нэлээд анхаарч байгаа болов уу. Хуулийн төсөлд ямар шинэ заалтууд орсон бэ?

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэгдэж байна. Ер нь концепцийн шинжтэй болон хуулийн 50-иас илүү хувьд өөрчлөлт хийгдэх тохиолдол хуулийг шинэчлэн найруулдаг. Хамгийн сүүлд 2006 онд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн найруулсан. Түүнээс хойш 20 гаруй удаа том, жижиг өөрчлөлт хийж байсан. Гэхдээ суурь зарчмын шинжтэй өөрчлөлт хийж байгаагүй.

Энэ удаагийн шинэчилсэн найруулгаар энэ хуулийг Үндсэн хуулийн шинэ нэмэлт, өөрчлөлт нийцүүлэх төдийгүй, ер нь засаг захиргааны нэгж болон нэгжийн удирдлагын талаар зайлшгүй хийх ёстой өөрчлөлтүүд, орон нутаг, хот, тосгоныг  хөгжүүлэхэд эрх зүйн хувьд саад болж байгаа, эсхүл шаардагдаж байгаа хуулийн зохицуулалтуудыг шийдвэрлэх зорилго тавьсан. 
  • Тэгэхээр ямар шинэ заалтууд орж байна гэсэн үг вэ?

Засаг захиргаа нэгж гэдэг нийтийн эрх зүйн субъектүүд тус бүрдээ ямар чиг үүрэгтэй байхыг тусгасан. Ийм ажил үүргийн хуваарь байгаагүйгээс аймаг нь юуг хариуцах, сум нь ямар асуудлаар өөрөө шийдвэрлэх нь тодорхойгүйгээс давхардал үүсэх, эсхүл ажил орхигдог, мөн хариуцлага эзэнгүйддэг байсан.Нөгөө талд нь засаг захиргааны нэгжээс хот болон тосгонд шилжүүлж болох чиг үүргүүдийг бас ялгасан.  

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сум 40 гаруй мянган хүн амтай. Хүн амын тоогоор улсдаа дөрөвт ордог суурин газар.  Энэ хуулийн дараа Хот, тосгоны эрх зүйн байдлын хууль баталж, Мөрөн хот болох ёстой.

Тэгэхээр аймгийн төвийн сум улсын юмуу орон нутгийн зэрэглэлтэй хот болсон тохиолдолд тухайн аймаг, аймгийн бусад сумд, засаг захиргааны нэгжүүдээс ямар чиг үүргийг хэрэгжүүлэх, засаг захиргааны нэгжтэй хэрхэн харилцах зэрэг асуудлууд энэ хуулиар зохицуулна.  Төрөөс буюу Засгийн газраас орон нутаг болон нийслэл рүү чиг үүрэг шилжүүлэх асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан. Чиг үүрэг, эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, иргэд орон нутгаасаа авч болох төрийн үйлчилгээг нэмэгдүүлэх, орон нутаг хөрөнгө, хүч нөөц илүү хуваарилах зэрэг ач холбогдолтой.

  • Орон нутагт намчирхал их байдагтай холбоотой маргаантай асуудлууд үүсдэг. Энэ талаар хуульд ямар зохицуулалт хийж байгаа вэ?

Орон нутаг дахь улстөржилтийг багасгах зорилгоор сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид улс төрийн намаас нэр дэвшүүлэхгүй байх, бүх шатны ИТХ-д улс төрийн намыг төлөөлсөн бүтэц байхгүй байх, Засаг дарга улс төрийн намын ашиг сонирхлыг төлөөлөхгүй, илэрхийлэхгүй байх зохицуулалтууд төсөлд тусгасан. Энэ бол бас нэг дэвшилтэт зохицуулалт. Хэлэлцүүлгийн явцад энэ санааг хасуулахгүй байх нь их чухал.

Иргэд төлөөлөгчөө аймаг, сумын түвшинд сонгоод миний өмнө орон нутгийн асуудлаа шийд, орон нутгийн төсвийг батлалц, Засаг даргад хяналт тавь гээд явуулахаар Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн Тэргүүлэгчид гэдэг бүтэц үүсгээд, хурлын хамаг чиг үүргийг нь тэр бүтэц нь хэрэгжүүлээд иргэд орон нутгийн эрхийг шууд болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан барих эрхийг хязгаарлаж байсан. Шинэчилсэн найруулгын төсөлд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид гэдэг бүтцийг байхгүй болгосон.  Эдгээр болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлсэн холбогдох өөрчлөлтүүдийг тусгасан.

  • Хуульд өөрчлөлт оруулснаар орон нутгийн удирдлагын эрх мэдэл нэмэгдэнэ гэж ойлгосон. Энэ зөв үү. Ингэснээр орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах юм бол?

Засаг захиргааны нэгжийн буюу нийслэл, аймаг, сум, дүүргийн чиг үүрэг, эдгээр нэгжийн удирдлагын чиг үүргийг ялгаж авч үзэх ёстой. 1992 оны Үндсэн хуулиар бид “аймаг, нийслэл, сум, дүүрэг нь эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн” гэж  тодорхойлсон байдаг. Ийм цогцолбор байхын тулд эдгээр нь өөрөө эрх зүйн этгээд байх ёстой, эдгээр нэгжүүд өөрсдийн амьдралыг өөрсдөө шийдвэрлэх эрх нь тодорхой хязгаартайгаар байх ёстой. Харин эдгээр эрхийг нь нутгийн иргэдийн өмнөөс хэрэгжүүлэх үүрэгтэй төлөөллийн байгууллага ажилладаг.

Нөгөөтэйгүүр манай улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс учраас төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч Засаг дарга ажилладаг зэрэг нэгдмэл зарчмаа хангахуйц нутгийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх ёстой. Тэгэхээр энэ хуулиар товчхондоо орон нутаг эдийн засаг, төсөв, өмчийн харилцааны асуудлаар боломжийг илүү нээж өгсөн.

Нөгөө талаар нэгжүүдийн удирдлага шат тус бүрээр ямар чиг үүрэгтэй байх, хэн хэндээ хэрхэн хяналт тавих зэрэг асуудлууд тодорхой болж байгаа. Хэдийгээр аймаг, сум, баг нь нэг нэгэндээ харьяалагддаг боловч нэгээсээ аль талаараа хараат бус байх асуудлыг тусгайлан зохицуулсан. Ингэснээр засаг захиргааны нэгж өөрт харьяалагдах асуудлаа бие даан шийдвэрлэх, цаашлаад эдийн засаг, нийгмийн хувьд цогцолбор болон хөгжих боломж нээгдэнэ гэж үзэж байна.

  • Та УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ямар хууль санаачлан, батлуулсан бэ?

Өнгөрсөн дөрвөн жилд бодлогын түвшинд хууль, шүүхийн байгууллагууд, тэдгээрийн ажиллах эрх зүйн орчныг сайжруулахад түлхүү ажиллаа. Мөн орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд орон нутагт амьдарч байгаа иргэд нутагтаа тааваараа, ая тухтай амьдрах, үр хүүхдүүд өсгөн хүмүүжүүлэх боломж нь нээлттэй байх, эрүүл мэндээ хамгаалуулах эрх нь хүртээмжтэй байлгах талаас анхаарч ажилласан.

Өөрөөр хэлбэл, энэ чиглэлээр хөрөнгө оруулалт татах, төсөвт тусгуулах ажил их хийсэн. Хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэд ч адилхан Монгол Улсын иргэд, тэд төрийн үйлчилгээг хотынхтой ижил хэмжээнд хүртэх эрхтэй. Нөгөөтэйгүүр орон нутагтаа амьдраад нийслэлийн төвлөрлийг сааруулах, хүн амын хүнсний хэрэгцээг хангах гэх мэт олон асуудалд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа хүмүүс.

Иймд орон нутагт төсөв хуваарилах байдлаар төсвийн хөрөнгийг хэмнэнэ гэдэгтэй би санал нийлдэггүй.

  • Ирэх дөрвөн жилийн хугацаанд ямар чиглэлд анхаарал хандуулан ажиллах вэ?

Тэтгэврийн шинэтгэлийн талаар эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлнэ гэж бодож байгаа. Өнгөрсөн УИХ-ын үед Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нарын хамт санаачилсан. Олон давхаргад тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх, цаашид энэ байдлаараа явах боломжгүй болсон тэтгэврийн даатгалын сангийн шинэтгэл, иргэн хүн өөрийн хуримтлуулсан тэтгэврийн сангийн хөрөнгийг орон сууц авахад гэх мэтээр зарцуулах боломжтой байх, өөрийн хуримтлуулсан хэмжээгээр тэтгэвэр авах боломжтой байх зэрэг олон асуудлыг шийдвэрлэнэ.

Монгол Улс төсвийн орлогынхоо 90 хувийг уул уурхайгаас бүрдүүлж байна. Эндээс бий болсон орлогыг хуваарилж зам, барилга барьж, цалин, тэтгэвэр олгож байна. Нөгөөтэйгүүр хөгжил гэдгийг зөвхөн мөнгөөр илэрхийлж болохгүй. Хэрвээ тэгдэг байсан бол бид уул уурхайгаа ашиглаад л мөнгө олоод байх байсан. Хүний амьдралын чанар, хүрээлэн буй орчны нөлөөлөл зэрэг олон шалгуураар хөгжлийг үнэлдэг.

НҮБ-ын судалгаанд одоогоос 20 жилийн дараа гэхэд дэлхийн цэвэр усны нөөц хүрэлцээгүй болно гэж гарсан. Тэгэхээр Хөвсгөл аймагт уул уурхай эрхлэх нь Хөвсгөл нуурын эко систем алдагдах, цэнгэг усны нөөцөд хохирол учруулах нь хор уршигтай. Энэ бол зөвхөн Хөвсгөлчүүдийн, Монголчуудын асуудал биш. Хөвсгөл нуур бол Азидаа цэнгэг усны нөөцөөрөө хоёрт орох том нуур. Экологийн ач холбогдлоороо зөвхөн бидний биш  дэлхийн эрх ашиг хөндөгдөх асуудал.

Мөн Хөвсгөлийн байгалийн үзэсгэлэнг хадгалж, хамгаалах ёстой. Байгалийн үзэмж бүрдсэн сайхан нутаг орныг төлөөлж Их хуралд сонгогдсоныхоо хувьд, энэ газар нутгийг хамгаалах үүргийг давхар өөртөө хүлээсэн. Иймд уул уурхай эрхлэх аймагт нь уул уурхайг хөгжүүлье. Гэхдээ зөвхөн хариуцлагатай уул уурхайг. Харин Хөвсгөлд бол аялал жуулчлал, түүнийг дагасан үйлдвэрлэл үйлчилгээ, мал аж ахуйгаа эрхэлж хөгжүүлье гэдэг зарчмыг би бодлогын хувь барьж ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор энэ бодлогоо дэмжих, дэмжүүлэх чиглэлээр тууштай ажиллана.

  • Намрын чуулганаар зайлшгүй хэлэлцэх шаардлагатай ямар хууль байна?

Цар тахалтай холбогдуулан эдийн засаг ихээхэн хумигдсан.  Сая төсвийн тодотгол хийж, 4.8 их төгрөгийн алдагдалтай төсөв баталлаа. Тэгэхээр эдийн засгаа дэмжих, тэлэх хөтөлбөр, бодлогын арга хэмжээнүүд авах асуудлыг УИХ энэ намар нэн тэргүүнд хэлэлцэх шаардлагатай байна. Намрын чуулганаар ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэн баталдаг. Энэ хүрээнд мөн эдийн засгийг идэвхжүүлэх бодлогын арга хэмжээг тусгах ёстой. Түүнчлэн Банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн асуудал хүлээлт үүсгээд байгаа.  Улс төрийн намын хуулийн шинэчилсэн найруулгыг хийх хэрэгтэй байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төдийгүй өнөөгийн улс төрийн намын төлөвшүүлэх, хөгжүүлэх хүрээнд өөрчлөлт хийх хэрэгтэй. Дараагийн нэг бүлэг асуудал бол газрын менежмент, бэлчээр, хадлан, газар тариалангийн газар зохион байгуулалтын талаарх хууль. Үүнтэй холбоотой хууль, тогтоомжийг боловсронгуй болгох зэрэг нь нэн тэргүүний асуудал болоод байна.

  • Та тэтгэврийн реформ хийх ажлын хэсэгт та ажиллаж байгаа. Энэ ажил ямар шатандаа явж байна?
Хувийн тэтгэврийн хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ намрын чуулганаар УИХ-аар хэлэлцүүлж, батлуулах байх гэж найдаж байна. 

ШИНЭ МЭДЭЭ