МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Ганбаатар: Эдийн засаг, хөгжил, бодлогын цогц яамтай болох шаардлагатайг энэ удаагийн төсвийн тодотгол батлан харууллаа
2020.09.02
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Эдийн засаг, хөгжил, бодлогын цогц яамтай болох шаардлагатайг энэ удаагийн төсвийн тодотгол батлан харууллаа

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Нэлээд хэмжээний алдагдалтай төсөв батлагдаж байна. Төсвийн тодотголтой холбоотой байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Өмнө нь байгаагүй хэмжээгээр алдагдалтай төсөв батлагдлаа. Үргэлж л ашигтай гардаг байсан төсөвтэй улс орнууд ч анх удаа алдагдалтай төсөв баталж байх жишээтэй. Засгийн газар, УИХ, төрийн байгууллага зэргээс шууд шалтгаалсан зүйл биш. Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр алдагдалтай төсөв дан ганц Монгол Улсад бус дэлхий нийтээрээ батлагдаж байна. Төсвийн тодотгол дээр төсөв мөнгө нь гүйцэд суучихсан боловч зураг төсөл нь дутуу, эсхүл онц шаардлагатай бус, орлого олохгүй зүйлс рүү хандуулсан төсвүүдээс тодорхой хэмжээгээр танагдлаа. Хувь хүн, өрх гэр, албан байгууллагад хүндрэлтэй үе ирлээ гэж бодоход эхлээд урсгал зардлуудаа хэмнэдэг. Гэтэл Монгол Улс урсгал зардал дээрээ тодорхой хэмжээний хэмнэлт хийсэнгүй. Төсвийн хоёр их наяд нь хөрөнгө оруулалтын зардал, үлдсэн их наяд нь урсгал зардал болоод бусад зардлууд байгаа юм. Энэ зардлуудаасаа бид хэмнэх боломжтой. Жишээ нь, тавилга эд хогшил, гадаад томилолт, олон дэд дарга цалин зэрэг урсгал зардлыг хэмнэх бүрэн боломжтой. Манай улс хэт их данхар төртэй. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Монгол Улс 10 мянган хүнээр дутуу төрийн албаныхаа тоог мэдээлдэг” гэж хэлж байна лээ. Энэ бол ноцтой асуудал. Хөдөлмөрийн насны нийт иргэдийн тоо ойролцоогоор 1.2 сая. Хувиар харьцуулахад 240 мянган хүн төрийн алба болоод төрийн албаны үйлчилгээний газруудад ажиллаж байна. Төрийн өмчит үйлчилгээний газруудаас ашигтай ажиллаж байгаа хоёр, гуравхан газар байдаг. Энэ нь Эрдэнэс Таван толгой, Эрдэнэт үйлдвэр. Хэмнэлтийг компани болоод хувь хүн хийж чадна. Гэтэл төр хийж чадахгүй байна. Төр муу менежмэнттэй байна гэсэн үг.

-Төр гаргасан зардлаа хэр нөхөж, таналт хийж чаддаг юм бэ?

-Ер нь ямар ч төр засаг гаргасан зардлаа эргээд танаж чаддаггүй. Нэгэнт л халамж өгчихсөн бол түүнийгээ зогсоох болвол иргэдийн эсэргүүцэлтэй тулна. Анхнаасаа хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэг байх ёстой юм. Ихээхэн хэмжээний өртэй мөртлөө ганган яваад байж болох уу. Төсвийн алдагдлыг дотооддоо бонд гаргаж босгоно, блокчейнээр зарна гэж байна. Бусдыг нь гаднаас зээл авах байдлаар нөхөх нь. Энэ их мөнгийг ирээдүйд төлж таарна. Миний зарчим бол төрийн өмчит үйлдвэрүүдийг хувьчлах ёстой. Бүгд шилэн болох ёстой. Орчин үед тодорхой хэмжээнд төрийн оролцоо байх ёстой хэдий ч ямар салбарт төрийн оролцоо байх ёстойг тодорхой болгомоор байгаа юм. Харин бусад салбарууд дээр чөлөөт өрсөлдөөнийг төр дэмжих замаар тоглоомын дүрмээ их ойлгомжтой болгох ёстой.

-Зээлийн хүүг бууруулах тогтоолын төслийн тухайд асуулт байна. Зээлийн хүү бууруулаад ирэхээр хадгаламжийн хүү буурдаг сул тал бий. Энэ тухайд?

-20,100 сая төгрөгийн хадгаламжтай хүнээс авах татварт нөлөө үзүүлэхгүй. Их хэмжээний хадгаламжтай хүмүүсээс авах татвар нэмэгдэх зүйл тусгагдсан. Гэхдээ тогтоол батлагдаж байгаа болохоос хууль батлагдаагүй. Тогтоолын хүрээнд л ажлаа хийх юм. Хадгаламжийн хүүгээ бууруулаад зээлийн хүүг бууруулна. Зээлийн хүү жил бүр нэг хувь буурсаар дөрвөн жилд дөрвөн хувь буурна. Одоо 16,3 хувьтай байна гэхээр дөрвөн жилийн дараа 12,3 хувь болно. Гэхдээ л энэ тоо их. Манай бүс нутагт ийм зээлийн хүүтэй улс орон байхгүй. Тиймээс бид хийх ёстой зүйлээ хийх л ёстой. Энд хэдэн хүн эсэргүүцэх болов уу гэх байдлаар биш олонхын эрх ашгийг хамгаалах нь чухал. 2016-2020 онд зээлийн хүү дөрвөн хувь буусан. Макро эдийн засгийн орчин ч сайн байсан. Манай баялгууд гадаад зах зээл дээр тодорхой өртөг өндөр байлаа. Төсвийн алдагдал бага, эдийн засаг өсч байсан. Гадаадын хөрөнгө оруулалт ч нэмэгдсэн. Энэ бүх зүйл зээлийн хүү буурахад нөлөөлсөн. Одоо бол зээлийн хүү буурах тааламжтай орчин биш байгааг бүгд мэдэж байгаа. Гэхдээ Монголбанкийг бодлогоо зохицуулаад ажиллахыг тогтоолд зааж өгч байгаа юм.

-Зээлийн хүү бууруулах тогтоолыг дагаад ямар хуульд өөрчлөлт орж таарах бол?

-Өмнөх парламентын үед банкны шинэчлэлийн хуулиуд өргөн баригдчихсан. Банкийг либерал болгоё, олон эзэмшигчтэй болгоё, өрсөлдөөнийг бий болгоё, банкийг чиглэлүүдтэй болгоё гэх зэрэг зүйлс яригддаг. Банкуудыг чиглэлтэй болгоё гэдэг нь аль банк нь ХАА-н салбар руу анхаарах юм, аль нь ЖДҮ-ийн салбар руу анхаарах юм зэргээр бодлого бодлогоор нь салгах хууль өргөн барих гэж байна. Хамгийн гол нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ёстой. Банкинд ганцхан мөнгөө хадгалуулдаг байдлыг өөрчлөх юм. Энэ бүхэн өнөөдөр яригдаж байгаа сэдэв биш л дээ. 2008-2012 онд Сү.Батболд даргын үед хөрөнгийн зах зээл тодорхой хэмжээгээр хөгжих суурь нь бий болсон. Энэ бодлогыг залгамжлаад авах ёстой байсан ч тэгсэнгүй. Монгол төрийн залгамж бодлого явдаггүй гэдэг нь үүний нэг нотолгоо. Хөрөнгийн зах зээл хөгжсөнөөр хуримтлалаа ганцхан хадгаламжид аваачаад хийдэг биш, хувьцаа авах, бонд авах, хөрөнгө оруулах зэрэг боломж үүснэ. Монголын нэр хүнд бүхий компаниуд дотооддоо IPO гаргадаг. Дотоодын зах зээл үнэлдэг байх ёстой. Хувьцаа гэхээр хүмүүст хол сонсогддог л доо. Гэхдээ fami­ly компаниасаа сал гэж байгаа юм. Компаниуд хөрөнгийн зах зээл дээр гарахыг хүсч байгаа хэдий ч орчин нөхцөлийг нь сайн бүрдүүлж өгөхгүй учраас л хөрөнгийн зах зээлд амжилт олохгүй яваад байна. Гэтэл Америкийн томоохон компаниудын гол хувьцаа эзэмшигчид нь тэтгэврийн сангаараа дамжуулаад тэтгэврийнхэн нь байж байх жишээтэй.

-Гадаадын банк орж ирэхийг та дэмждэг үү?

-Ер нь гадаадын банкийг оруулах ёстой. Бусад бүх улс оруулчихсан байхад манай улс яагаад гадаадын банк оруулж болохгүй гэж. Гэхдээ манай улсын хувьд болгоомжлох зүйлс бий. Гадаадын банкинд жижиглэсэн зээл бус тодорхой чиглэлд зээл олгох лимитийг нь тогтоож өгч болно. ЖДҮ-ийн зээл, цалингийн зээл, хэрэглээний зээл зэрэгт эрсдэлтэй байж болох юм.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих талаар та өнгөрсөн парламентад ч дуугарсаар ирсэн. Өнөөдөр манай ЖДҮ-ийн салбар ямар хэмжээнд явж байна вэ?

-Төрийн зүгээс цар тахлын үед долоон чиглэлийн арга хэмжээ авч хэрэгжээд явж байгаа. Ямар ч компанийг цар тахлын үед борлуулалтаар дэмжих нь төрийн үүрэг байх ёстой. Гадаадын томоохон улс орнууд манай улс шиг яагаад бүгдийг нь хааж боохгүй байгаа юм гэдэг. Хаачих л юм бол маш олон хүн ажлын байргүй болно. Америкийн үйлдвэр үйлчилгээний салбар нь зах зээлийн эдийн засгийн 60 хувийг бүрдүүлдэг. Тэндээс иргэд нь ажилтай орлоготой байдаг. Уул уурхайг 10 хувиас дээш нь гаргадаггүй. Үйлдвэрлэл үйлчилгээний салбар тодорхой хэмжээнд бие биенээ нөхөөд явчихдаг. Жижиг дундын салбар руу цар тахлын үед ч, энгийн үед ч төр анхаарал хандуулах үүрэгтэй. Сангийн сайд заримдаа ядаргаатай салбар гэх өнгө аяс гаргадаг. Жижиг, дунд үйлдвэрлэл бойжиж байж олон хүн ажилтай, орлоготой байхаас гадна ирээдүйд татвар төлөгчид бий болно. Төрийн олон асуудлуудыг тэр салбар шийдэж өгнө. Өнөөдөр төрөөс хүн бүр, салбар бүр ямар нэгэн зүйл хүсч байна. Гэтэл бүгдийг нь төр анхаарах боломжгүй. Манай төрд тийм боломж, мөнгө ч байхгүй. Энэ бүхнийг өөрөө өөрийгөө аваад явдаг салбар шийднэ. Хүн бүр ажилтай орлоготой байхын тулд хууль эрх зүйн орчинг тодорхой болгох ёстой. Үүний төлөө би дуугарч байна. Ямх ямхаар хэлээд явахаас нэг удаа хэлээд бүх зүйл бүтчихгүй. Бизнес эрхлэгчдийг дэмждэг, ойлгодог орчин бүрдэх хэрэгтэй. Мөн тэр хүмүүстээ итгэл үзүүлдэг байх нь чухал. Тэр хүмүүсээс авсан татвараар амьдарч байгаа шүү дээ. Тиймээс энэ салбарыг дэмжиж байж том төсөв, том эдийн засагтай болох ёстой гэдгийг аль ч шатандаа ойлгох ёстой.

-Манай улсын хувьд бодлого тодорхойлдог яам байх ёстой гэх байр суурийг та илэрхийлдэг. Ирэх жилүүдэд Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл ямар салбар луугаа голчилж анхаарахаар болов?

-Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлийг Засгийн газар, ЗГХЭГ-аас боловсруулж оруулж ирсэн. Их сайн хөтөлбөр болсон. Дээхнэ үед төлөвлөгөөний комисс гэж байгууллага байсан даа. Тэр үе шиг бодлого тодорхойлдог яам хэрэгтэй байгаа юм. Ирэх дөрвөн жил ямар чиглэлд анхаарч ажиллах эрэмбийг тодорхойлдог яам байх ёстой. Монгол Улсын тэргүүлэх чиглэл энэ дөрвөн жилд үүнд анхаарч ажиллана гэдгээ тодорхойлох ёстой. Төмөр зам, аялал жуулчлал, үйлдвэр үйлчилгээ зэргээр ангилна гэсэн үг. Энэ салбар луу ийм бодлого барьж ажиллая гэдэг ч юм уу. Үүнийг маш олон жил ярьсаар өнөөг хүрсэн. Үндсэн чиглэлийг Засгийн газар боловсруулж орж ирсэн дээр нэмээд 100 гаруй санал хураагдлаа. Бүгд дэмжигдсэн. Ингэхээр үндсэн чиглэл хамаагүй болоод тэс өөр салаалаад явчихаж байгаа юм.

Хэрвээ бид бодлогын яамтай бол бодлогын яам энэ бүхнийг зангидаад оруулж ирээд бүх яамдад үүргээ өгөн, гишүүдэд тайлагнаад бодлогоо тодорхойлоод явах нь зөв. Эдийн засаг, хөгжил, бодлогын цогц яамтай болох шаардлагатайг энэ удаагийн төсвийн тодотгол батлан харууллаа шүү дээ. Тиймээс Үндсэн хуульд тусгагдсан яамаа бий болгоод бодлогоо тодорхойлоод явах нь зүйтэй.

ШИНЭ МЭДЭЭ