Ж.Ганбаатар гишүүн тойрогтоо ажиллаж, төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажлуудтай танилцлаа
УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаар сонгогдсон тойрогтоо ажиллалаа.УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүрэгт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалт, зам барилгын ажилтай биечлэн танилцсан байна.
Тэрээр Баянгол дүүргийн 5, 6, 7, 9, 21-р хороодын 7 байршилд хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх тоглоомын талбайг байгуулах, орчны тохижилтын ажлыг хийлгүүлэхээр санаачилж, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг шийдүүлсэн. Үүний дагуу хийгдэж буй ажлын гүйцэтгэлтэй танилцлаа. Аливаа улс орны хамгийн том баялаг бол хүүхэд юм. Тиймээс хүүхдэд ээлтэй орчныг бид хамтдаа бүтээх ёстой гэдгийг тэрээр онцолж байлаа.
Мөн Баянгол дүүргийн 25-р хорооны Голден парк хотхоны 101, 102, 103, 104, 105, 106-р байруудын 2 жил ажиллаагүй цахилгаан шатны хэвийн үйл ажиллагаанд оруулах талаар Ж.Ганбаатар гишүүн холбогдох газарт хүсэлт гаргаж, шийдүүлсний дагуу Нийслэлийн хөрөнгө оруулалтаар засвар, үйлчилгээ хийгээд байна.
Засварын ажил хуваарийн дагуу хийгдэж, оршин суугчид 16 давхарт алхаж гарахгүй болсон хэдий ч өдөр, оройдоо маш их ачаалалтай, цахилгаан шатандаа багтах гэж урт дараалал үүсгэдэг байдал нь нэг удаадаа засаад өнгөрч болохгүйг харуулж байна. Иймд нийслэл, дүүргийн удирдлагуудад эдгээр байрны цахилгаан шатны аюулгүй, найдвартай ажиллагааг хангах тал дээр онцгой анхаарал хандуулж, шинээр солих шаардлагатайг сануулж хэлж ажиллахаар боллоо.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хороолол доторх авто зам, зогсоолыг шинээр барих болон шинэчлэн засварлах ажлуудыг санаачлан, улс, нийслэлийн төсөвт хөрөнгийг нь суулгаж шат дараатай гүйцэтгүүлж байгаа билээ. 2020-2021 онуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх олон жил орхигдсон дараах авто зам, зогсоолын ажил эхлэх үеийн нөхцөл байдалтай газар дээр нь биечлэн танилцлаа.
Үүнд:
- Баянгол дүүрэг, 9-р хороо, СОТ 2-1 дугаар байрны зүүн хойд талаас Хасбаатарын гудамж хүртэлх авто замын засвар, шинэчлэлт;
- Баянгол дүүрэг, 7-р хороо, Гэмтлийн эмнэлгийн зүүн талд орон сууцны хороолол доторх авто зам;
- Баянгол дүүрэг, 6-р хороо, Ачтан эмнэлгийн урт талын асфальтан замын төгсгөлөөс 57-р байр, Дашваанжил хий түгээх станцын хойд талаас 36-р байрны урт талын асфальтан зам хүртэлх авто зам /1-р хэсэг/;
- Баянгол дүүрэг, 6-р хороо, Ачтан эмнэлгийн урт талын асфальтан замын төгсгөлөөс 57-р байр, Дашваанжил хий түгээх станцын хойд талаас 36-р байрны урт талын асфальтан зам хүртэлх авто зам /2-р хэсэг/;
- Баянгол дүүрэг, 5-р хороо, Нэгдсэн 3-р эмнэлгийн зүүн хойд талын зогсоол, авто зам;
- Баянгол дүүрэг, 6-р хороо, 26/8-р байрны зүүн талаас 43-р байрны зүүн хойд талын булан хүртэлх авто зам.
Гүйцэтгэгч компани 2020 онд 3, 4, 5, 6 дугаар зурагт тусгагдсан авто замын ажлыг, 2021 онд 1, 2 дугаар зурагт тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаагаа хэллээ.
Тендер шалгаруулалт болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан ажил оройтож эхэлжээ. Тиймээс захиалагч болон гүйцэтгэгч байгууллагууд авто замын ажлын чанарт онцгой анхаарч ажиллах шаардлагатайг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар анхаарууллаа.
Баянгол дүүргийн 6, 7, 9-р хороонд байрлах 14а, 25, СОТ 2-1 дүгээр орон сууцны барилга хуучирсан, дулаан алдагдал ихтэй, тус байранд амьдарч байгаа хүүхэд хөгшид өвөлдөө даарч хөрдөг тухайгаа оршин суугчид тойргоосоо сонгогдсон гишүүндээ ханджээ. Тиймээс Ж.Ганбаатар гишүүн санаачлан Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дээрх орон сууцны гадна дулаалгын ажлыг хийлгэж байна. Тэрээр тойрогтоо ажиллах үеэрээ уг ажлын гүйцэтгэгчтэй уулзаж, чанартай, сайн хийх талаар үүрэг, чиглэл өгч ажиллалаа.
Өнгөрөгч 2019 онд ч зарим орн сууцны гадна дулаалгыг хийлгэж, улсын комисс хүлээж авсан байрны оршин суугчид сэтгэл хангалуун байна. Ирэх долоо хоногоос Баянгол дүүргийн 5, 6, 18 дугаар хорооны 9, 10, 23, 24, 44б, 44в, 50-р орон сууны гадна дулаалгын ажил эхлэхээр төлөвлөсөн байна.