Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ДЭМБ-ын цахим хуралд оролцлоо
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Женев дэх төв штабаас цахим хурал зохион байгууллаа. Хуралд ДЭМБ-ын гишүүн орнуудын бүс тус бүрийг төлөөлсөн эрүүл мэндийн сайд нар оролцож, КОВИД-19-ын халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Зүүн Өмнөд Азийн Бүсээс Непал, Газар дундын тэнгисийн зүүн эргийн бүсээс Бахрейн, Европын бүсийг төлөөлж Унгар, Америкийн бүсээс Барбадос, Номхон далайн баруун бүсээс Монгол Улс сонгогдон илтгэл тавьлаа. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл халдварын нөхцөл байдал, Монгол улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай танилцууллаа. ДЭМБ манай улсыг салбар хоорондын уялдаа холбоог хангаж, эрсдлийн үеийн мэдээлэл харилцааны үйл ажиллагааг шуурхай зохион байгуулсны үр дүнд хүн амын дунд халдвар гараагүй байгаа, халдварын тархалтын үеийн бэлэн байдлыг хангах цаг хугацааг өөртөө бий болгосон гэж онцоллоо.
Түүнчлэн манай улсыг ард иргэдээ хилийн чанадаас тогтмол татан авчирч байгаа гэдгийг тэмдэглэлээ. Хуралд оролцсон улс орнууд Ковид-19-ын үед өвчтнүүдэд зориулсан тусгайлсан эмнэлэг ажиллуулах нь хүн амын дунд халдвар тархахаас сэргийлэх, эрүүл мэндийн ажилтнуудыг эрсдлээс хамгаалах, эмнэлгийн тусламж үйлчилгээний хэвийн байдлыг хангах ач холбогдолтой тухай ярьж байв. Бүх улс орон гараа угаах, гадуур явахгүй байх, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих нь Ковид-19-ын үед онц чухал гэдгийг илтгэлдээ дурдаж байлаа. Бахрейн улс хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчидтэйгээ хамтран ажиллаж, худал ташаа мэдээлэлд тухай бүрт нь няцаалт хийж ажилласнаа онцолсон бол Барбадос “Ковид-д бууж өгөхгүй бид түүнийг ялна” уриатай ажиллаж байна гэлээ.
Энэ үеэр ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гейбрейсус:- Гишүүн орнууддаа баримтат суурилсан судалгаа, эрүүл мэндийн ажилтны аюулгүй байдал, бэлэн байдлын болон тархвар судлалын төлөвлөгөө, эмнэлзүйн удирдамжаар тогтмол хангаж байгаа тухай хэллээ. Мөн тэрээр энэ түүхэн мөчид ДЭМБ-ын сан байгуулж буйгаа зарлалаа. ДЭМБ өмнө нь олон нийтээс хандив хэзээ ч хүсэж байгаагүй, энэ бол анхны тохиолдол гэж Т.Гейбрейсус онцлон дурдлаа.
Ковид-19-ын эсрэг өвөрмөгц эм, вакцин гаргах шаардлагатай хөрөнгө оруулалт хийх санхүүжилтийг олон эх үүсвэрээс бид бүрдүүлнээ. Одоогийн байдлаар дэлхийн 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллага ДЭМБ-ыг дэмжихээ илэрхийлж, эхнээсээ хөрөнгө оруулалт хийж байгаа тухай ноён Т.Гейбрейсус дуулгалаа. Коронавирустэй тэмцэхэд бүхий л нөөц бололцоогоо дайчлах болно гэж тэрээр мэдэгдлээ.