МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Ганбаатар: Бидний ирээдүй зөв хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй байгаасай
2020.05.22
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ж.Ганбаатар: Бидний ирээдүй зөв хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй байгаасай

УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар өнгөрөгч гурван жилийн хугацаанд Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд "Шилдэг бизнес төсөл” шалгаруулах уралдааныг санаачлан зохион байгуулсан билээ.

Гурван жилийн хугацаанд төсөлд нийт 2500 гаруй сурагч 1800 орчим төсөл ирүүлсэн байна. "Шилдэг бизнес төсөл”- ийг жил бүр 100 сая төгрөгөөр дэмжиж байсан бөгөөд гурван жилийн хугацаанд 300 сая төгрөгийг төсөлд зарцуулаад байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар бүтээлч сэтгэхүйтэй, бизнес санааг ажил хэрэг болгох хүсэл тэмүүлэлтэй Монгол Улсын иргэнийг бэлдэх явдал гэдгийг хэлж байсан. Хүүхдүүдийг багаас нь бүтээлч сэтгэлгээг нь дэмжээд явбал ирээдүйд бүтээгч нийгэм бий болно, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд нэмэр болно гэж үздэг аж. Тиймээс хүүхдүүдийг багаас нь бэлдэх нь чухал гэдгийг хэлж байсан.

undefined

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбар болон Байгалийн ухааны салбарын оюутан  Б.МИШЭЭЛ

"ШИЛДЭГ БИЗНЕС” ТӨСӨЛ ЗАЛУУСТ БҮТЭЭЛЧ САНАА ТӨРҮҮЛЖ БИЗНЕС СЭТГЭЛГЭЭ СУУЛГАДАГ

Өөрийгөө танилцуулна уу?

Би МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбар болон Байгалийн ухааны салбарын оюутан. Солонгос, орос судлал, биотехнологи гэсэн хоёр мэргэжлээр суралцдаг.

Шилдэг бизнесийн төслийн уралдаанд ямар сэдвээр оролцсон бэ?

Би хамгийн анхны жил зохион байгуулагдсан "Шилдэг бизнесийн төсөл-2017” уралдаанд оролцож тусгай байр эзэлж байсан. Миний төсөл хаягдал цаасыг дахин боловсруулах тухай байсан. Ажиглаж байхад сургууль дээр өдөр тутам маш их цаас хаягддаг. Энэ хаягдал цаас төдийлөн дахин ашиглагддаггүй. Тоосонд дарагдаад хаягддаг юм байна. Үүнийг анзаараад "Эдгээрийг яагаад дахин боловсруулж болохгүй гэж” гэж бодсон. Бас боломжийн юм шиг санагдсан. Гадаадад бол цаас дахин боловсруулах үйлдвэрүүд байдаг. Нас бага байсан болохоор Монголд бас цаас боловсруулж болно гэж төсөөлж бодоод төсөл бичиж байсан. Миний төслийн санаа өмнө нь хийгдэж байгаагүй биш, хийгдэж байсан. Олон нийтийн санаа бодолд хүргэхийн тулд цар хүрээ хамарсан төсөл бичихээр шийдсэн. Одоо эргээд анзаараад харахад зөвхөн надаас шалтгаалахгүй, маш олон хүний хүч хөдөлмөр, дэмжлэг авч байж хэрэгжүүлэхээр төсөл санагддаг. Тийм учраас сургуулиа төгсөөд, том болоод үргэлжлүүлнэ гэж бодож байгаа.

Хаягдал яаж боловсруулж, ямар хэлбэрээр ашиглая гэж бодож төсөл бичсэн бэ?

Германы хаягдал цаасны нэг үйлдвэрийг жишээ болгож үзсэн. 00-ын цаасыг хоёрдогч түүхий эдээр хийдэг тул түүнийг хийж болно. Дэвтэр хийж болж байсан. Үзэгний цаасан гэр хийж болж байсан. Бас хавтасны гялгар цаас хийж болно. Ямар цаас вэ гэдгээс шалтгаалж зориулалт нь бас өөр. Дэвтэр, номын цаас, картонон цаасаар 00-ын цаас хийж болохгүй. А4 бичгийн цаас, 00-ын цаас, дэвтэр, номын цаасыг адилхан модоор хийдэг ч гэсэн боловсруулалтын технологи, хольц, найрлага, барьцалдуулагч зэргээсээ шалтгаалаад өөр өөр бүтээгдэхүүн хийхэд тохиромжтой байдаг.  Миний бодлоор хамгийн их гардаг хаягдал цаас бол албан байгууллага, сургуулийн газраас гардаг  А4цаас, дэвтрийн цаас байдаг. Дэвтрийн цаасаар сэтгүүлийн хавтас хийж болно.

Хэр их хөрөнгө хүч зарахаар байна. Алсдаа сургууль төгсөөд үүнийгээ үргэлжлүүлнэ гэж сая ярьсан?

Сургууль төгссөнийхөө дараа хийе гэж бодож сонирхож байгаа. Мэдээж, төсөв хөрөнгө маш их шаардана. Наад зах нь тэр их цаасыг хэрхэн татан төвлөрүүлэх вэ. Яаж ямар аргаар боловсруулах вэ. Гар аргаар боловсруулж барахгүй тул үйлдвэр хэрэгтэй. Гэхдээ яаж хялбар аргаар, биотехнологийн аргаар боловсруулж эко бүтээгдэхүүн гаргах вэ гэдгийг бодож байгаа.

Одоо эко дэвтэр, эко үзэгний гэр их хийдэг болсон байна, тийм ээ?

Одоо аль болох модоор юм хийлгүй, хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулах, дахин ашиглахыг эрмэлздэг болж байна. Дэлхий өөрөө үүнийг хүсч байна. Нөөц нь хүний хэрэгцээг хангаж дийлэхээ больж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн залууст хэр их дэмжлэг туслалцаа үзүүлдэг вэ?

Маш их тусалж дэмждэг. Хийж байгаа ажлыг нь харахад тэгж харагддаг. "Шинэ үе-Баянгол” ТББ-ыг залуучууд өөрсдөө санаачилж байгуулсан ч гэсэн Ж.Ганбаатар гишүүн бидэнд дэмжлэг үзүүлдэг. Урам дэм өгдөг. Дан залуучууд ч гэлтгүй бүх насны бүлгийн хүмүүст туслалцаа үзүүлдэг. Боловсролын талд маш их хөрөнгө оруулалт хийдэг. Залуучуудын боловсрол, ахмад настны эрүүл мэндэд хэрэгтэй зүйлсээр дэмждэг.

Танай "Шинэ үе-Баянгол” ТББ-ын цаашдын зорилт юу вэ?

Манай зорилго бол Баянгол дүүргээ хөгжүүлье, сайн сайхан болгоё гэж ярьдаг. Манайд оюутнуудаас гадна ЕБС-ийн ахлах ангийн сурагчид ч байгаа. Олны хүчээр бусдыгаа манлайлъя. Бие биедээ үлгэр дуурайл үзүүлье. Нэг нэгдээ оюуны хөрөнгө оруулалт хийе гэсэн зорилготой. Хэрэв Ж.Ганбаатар гишүүн "Шилдэг бизнес” төслийг зарлаагүй байсан бол” Шинэ үе-Баянгол” ТББ үүсэхгүй байсан байх. Ингэж олуулаа цуглаж нэгдмэл санаатай болохгүй байсан байх. Энэ бол маш үр өгөөжтэй тэмцээн болдог. Бүтээлч санаа төрүүлж бизнес сэтгэлгээ суулгадаг. Урам өгдөг. Бусадтай харилцаж сургадаг. Олны дунд ороод бие биеэ таних чадвар суулгадаг. Хүүхэд, залуучуудаас бизнесийн олон сайн санаа төрдөг.  Ийм учраас Ж.Ганбаатар гишүүн болон биднийг дүүргийнхээ хөгжлийн төлөө нэг гар шиг зангидсан хүч болоход тусалсан  гишүүний ажлын албаны ах, эгч нартаа баярлах ёстой. Тэдэндээ маш их баярлалаа гэж хэлье.

Баярлалаа, цаашдын сурлага, ажилд нь амжилт хүсье.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн II курсийн оюутан Б.АРИУНЗАЯА

ШИЛДЭГ БИЗНЕС ТӨСЛИЙН УРАЛДААН МАШ ИХ УРАМ ЗОРИГ ӨГСӨН

Шилдэг бизнесийн төслийн уралдааны талаар хаанаас анх олж мэдсэн бэ. Ямар сэдэв, бүтээлээр оролцсон бэ?

Анх 2018 онд энэ тэмцээний талаар олж сонсоод, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын өөрийнх нь зохион байгуулсан танилцуулах сургалтад очсон. Би энэ тэмцээний 2018 оны шилдэг оролцогч. "Аргалан шахмал түлш” нэртэй бүтээлээр оролцож байр эзэлсэн.

"Аргалан шахмал түлш” гэдэг сэдвээ яаж олов. Яаж туршиж, юу хийв?

Исаак Ньютоны хэлсэн үг байдаг шүү дээ. "Би алдартай сайн хүмүүсийн мөрөн дээр сууж байж энэ алдар гавьяанд хүрсэн юм” гэж. Түүнтэй адилхан аав, ээж, өвөө, эмээгийнхээ санаа бодлыг авч байгаад өөрийнхөө төслийн санааг гаргаж бичсэн. Ер нь бол өвөө, эмээ нар их шүүмжилдэг байсан л даа. "Аргал бол илч сайтай. Гэтэл одоо гаргаж байгаа үртсэн шахмал түлш ямар ч илчгүй, муу байна” гэдэг байсан. Түүнээс санаа авч "Тэгвэл яагаад үртсэн шахмал түлш хийхдээ аргал хольж болдоггүй юм бэ” гэж бодоод ааваасаа асууж зөвлөлдөж байгаад төслөө бичсэн.

Аргалыг өөр юутай хольж шахаж түлш бэлтгэх боломжтой вэ?

Уралдаанд оролцоход бидний төслийг өөрсдөө заавал туршиж үзсэн байхыг шаарддаггүй. Миний төслийн хувьд аргалаа нунтаглаж жижиглээд, барьцалдуулагч бодистой холиод, шахаж хэвлээд гаргана гэсэн төсөл. Барьцалдуулагч нь өөрөө түлш хийхэд хэрэглэдэг бодис. Барьцалдуулахаас гадна түргэн шатамхай болгож өгдөг.

Барьцалдуулагч нь ямар орцтой вэ?

Байгалийн ургамлын гаралтай бодис. Өөр янз бүрийн бодистой хольдоггүй учир хямд үнэтэй. Барьцалдуулагчийг ихэвчлэн Хятадаас оруулж ирдэг зориулалтын бүтээгдэхүүн байдаг.

Хэзээнээс төслийн уралдаанд оролцъё гэж бодсон бэ?

Төслийн уралдаанд оролцоно гэж шийдсэн маань 2018 он. Түүнээс өмнө, 2017 онд манай сургуулийн дээд ангийн ах, эгч нар тэр уралдаанд орж байсан. Тэднийг хараад "Би ч гэсэн дараа жил ороод үзвэл зүгээр юм байна шүү дээ” гэж дотроо бодоод явж байсан.

Өвөө, эмээ нь аргал түлдэг байсан уу. Аль нутгийн хүмүүс вэ?

Манай өвөө, эмээ хөдөө амьдардаг. Төв аймгийн Бүрэн сумын хүмүүс. Яруу найрагч Д.Цоодол гуайн "Харамчийнхны дууль” дээр гардаг нутаг. /инээв/ Би зуныхаа амралтаар очиж өвөө, эмээтэйгээ аргалаа түлдэг. Энэ төсөлд яг ингэж оролцвол зүгээр юм байна гэдэг санааг бол аавтайгаа зөвлөлдөж байж гаргасан.

Одоо ямар мэргэжлээр сурч байгаа билээ?

Одоо хуульч мэргэжлээр сурч байна.

Мэргэжлийнхээ хажуугаар бизнес тал руу орох төлөвлөгөө байгаа юу? Аргалан шахмал түлшээ боловсронгуй болгох санаа байдаг уу?

Ерөнхийдөө тийм санаа бий. Одоохондоо бол мэргэжил дээрээ анхаарал төвлөрч байна. Гэхдээ манай мэргэжил бүх салбартай холбогддог. Ялангуяа эдийн засаг, бизнесийн салбар хуультай нягт холбоотой. Тийм болохоор ирээдүйд хэрэгжүүлэх боломжтой байх аа гэж бодож байна.

Бизнесийн өөр санаа байдаг уу?

Өмнө нь тийм зүйл их бодож байгаагүй. Шилдэг бизнесийн тэмцээндээ зориулаад л үүнийг бодсон. Бас хаягдал цаас гар аргаар боловсруулж болох юм байна гэсэн санаа байсан. Оюутолгой компаниас "Залуус хөгжлийн хөтөлбөр” гэж зарладаг. Үүнд баг, хамт олноороо төсөл хэрэгжүүлдэг. Тэгэхэд яг гараараа өөрөө цаас боловсруулж үзэж байсан. Тэр төслөө бичээд орох гэсэн ч үнэ өртгөөсөө эхлээд хүндрэлтэй, ажилагаа нь их санагдсан.

Цаасыг гараар яаж боловсруулах вэ?

Хаягдал цаасыг усанд хийж дэвтээгээд, миксердээд, түүн дээрээ сарнай зэрэг гоё үнэртэн нэмж болно. Миксердсэнээ дахин усанд хийгээд шүүж авна. А4 хэмжээний шүүлтүүрээр шүүж аваад тэр чигээр нь дэлгэж хатаахад эргээд тэр хэмжээний цаас болдог.

Хүүхэд, залуучуудын "Шинэ үе-Баянгол” ТББ-ын үйл ажиллагаанд оролцдог уу. Ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулж байна?

Оролцдог Би болохоор "Шинэ үе-Баянгол” ТББ-ын Төсөл, хөтөлбөрийн хорооны гишүүн. Энэ ТББ маань УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачилсан тэмцээнд оролцсон хүүхдүүдээс бүрддэг. Шинэ гишүүд бас нэмэгддэг. Баянгол дүүрэгтээ залуусыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулъя гэж санаачилж ТББ байгуулсан. Манай ТББ дотроо спорт хөгжлийн хороо, төсөл хөтөлбөрийн хороо, санхүүгийн хороо гэх мэтчилэнгээр тус тусдаа үйл ажиллагаа хариуцдаг 6 хороотой. Хороо бүр хариуцсан чиглэлээрээ залуус руугаа чиглэсэн ажил хийдэг.

Хичээлийн бус цагаараа ажилладаг уу?

Тэгдэг.

Тэндээс гарч байгаа гоё сананууд юу байна. Бас олон найз нөхөдтэй болдог уу?

Манай Удирдах зөвлөл гэхэд 100 гишүүнтэй. Бусад гишүүдтэйгээ нийлээд маш олуулаа. Цаашдаа Баянгол дүүрэгтээ төсөл, хөтөлбөр, старт-апуудыг дэмжиж хөгжүүлье. Залуучуудад чиглэсэн сургалтын үйл ажиллагаануудыг явуулъя гэсэн зорилготой. Манай гишүүн бүх хүн математикч болох албагүй, харин өрх гэр  аж ахуйгаа авч явах бизнесийн  мэдлэгтэй байх шаардлагатай гэж зөвлөж байсан. Залуучууд бид бүхнийг зөв зүйлд  чиглүүлж, дэмжиж байдаг Ж.Ганбаатар гишүүнийхээ цаашдын ажилд нь  өндөр амжилт хүсье.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ТББ-ын үйл ажиллагаанд туслалцаа, дэмжлэг үзүүлдэг үү?

Ж.Ганбаатар гишүүн бидэнд тус дэм үзүүлж байгаа. Санхүүгийн талаар дэмждэг. Мөн манай үндсэн цөм гишүүд бүгдээрээ бизнесийн  шилдэг төслийн уралдаанд нь оролцсон залуучууд учраас гишүүнтэйгээ илүү ойр дотно харилцаж, туслалцаа дэмжлэг авдаг. Шинэ үйл ажиллагаа явуулах санаа авахад ч дөхөмтэй байдаг.

Уралдааны шагналын мөнгөө юунд зарцуулсан бэ?

Уралдаанд оролцоод 3 сая төгрөг, Энканто спорт комплексийн эрх авсан. Шагналын мөнгөнийхөө талаар эхний семестрийнхээ сургалтын төлбөрийг хийсэн. Үлдсэнээр нь нөүтбүүк зэрэг сургалтын хэрэгсэл, хэрэгтэй зүйлээ авсан.

Цаашдаа ТББ-ын залуустайгаа хамтарч юу хийхээр төлөвлөж байна?

Залуучууд төсөл гэхээр хэтэрхий их том том юм боддог. Би Төсөл, хөтөлбөрийн хорооны гишүүн учраас бичил жижиг төслүүдийг дэмжиж ажиллах нь их зүгээр юм байна гэж бодож байгаа. Шилдэг бизнесийн тэмцээнийг жил бүр зохион байгуулж, залуучууд бидний хөгжлийг дэмжиж өгдөг Ж.Ганбаатар гишүүндээ болон ажлын хэсгийн хамт олон, ах, эгч нартаа их баярлалаа гэж хэлье.

Баярлалаа, амжилт хүсье.

МУИС-ийн Бизнесийн салбар сургуулийн Санхүү, эдийн загийн тэнхимийн хоёрдугаар курсын оюутан Б.ХҮЧИТМЭРГЭН

"ШИНЭ ҮЕ-БАЯНГОЛ” ТББ-ЫГ ХҮЧТЭЙ, НӨЛӨӨТЭЙ  БОЛГОХЫГ ХҮСЭЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачилж Баянгол дүүргийн хүүхэд, залуусын дунд өрнүүлсэн  "Шилдэг бизнес төсөл”-ийн уралдаанд хэзээ, ямар сэдвээр оролцож байр эзэлсэн бэ?

Би "Шилдэг бизнес төсөл” тэмцээнд 2018 онд оролцож  хоёрдугаар байр эзэлж байсан. Миний сэдэв бол "Тарваганы аж ахуй”. Монголд тарвага маш ихээр устаж, тоо толгой нь цөөрч байгаа. Тийм боловч тарваганаас гаргаж авдаг бүтээгдэхүүн маш их эрэлттэй байдаг. Монголчууд тарваганы маханд дуртай, арьсаар нь хувцас, хэрэглэл хийдэг, ясыг нь зарим нэг дом болон эмчилгээнд хэрэглэдэг. Маш их хэрэгцээ байдаг боловч олдоц багасч байгаа. Хэрэв бид тарвагаа өсгөж хамгаалаад, тоо толгойг нь олшруулбал бүтээгдэхүүнийг нь зах зээлд гаргахад асуудалгүй гэж бодоод төсөл бичсэн.

Ямар ямар бүтээгдэхүүн хийх талаар төсөлдөө тусгасан бэ?

Тарваганы махыг боловсруулаад түүгээр хоол хийх зоогийн газар, ресторан байгуулж болно. Арьсаар нь хувцас хэрэглэл хийх жижиг үйлдвэрүүд ажиллуулж болно. Ясаар нь түлхүүрийн оосор гэх мэт бэлэг дурсгалын зүйл урлаж болно.

Тарваганы аж ахуй байгуулахын тулд анчидтай хамтрах уу?

Одоо хулгайн анчид олон байгаа. Тэднийг хууль ёсны болгох ёстой. Тэгээд зөвхөн махыг нь ашиглах биш, илүү ашигтай санал тавьж, тусгай хамгаалалтын бүстэй болоод, тэндээс тарвагаа агнаж ашиглах ёстой гэж бодож байгаа.

Тарвагыг хамаагүй агнаж болохгүй, тарваган тахал тараах зэрэг аюултай, хорио цээртэй ан шүү дээ?

Тэр талаар бас бодож үзсэн. Тарваган тахал бол газрын хөрсөн дор амьдардаг, нар бага үздэг амьтдад тусдаг өвчин. Тэр талаас нь бодолцож, лаборатори байгуулж, эрүүл ахуй, хорио цээрийн дэглэмийг сайн сахиж ариутгаж чадвал сэргийлж болох өвчин гэж боддог. Төслөө шалгуулж байхдаа яг энэ талаар нэлээд шүүмж сонссон.

Бүтээгдэхүүний зах зээл ямар байх бол. Сайн боловсруулаад гадагш гаргаж болох уу?

Тарвага нэг өсвөл тоо толгой нь маш түргэн олширдог. Тэгэхээр зөвхөн Монголдоо биш, гадаадад ч тарваганы махаа гаргаад, зах зээлээ тэлээд явах боломжтой. Арьсаар нь ч их зүйл хийж гаргаж болно. Тарваганаас хаях зүйл гардаггүй. Бүх юмыг нь ашиглаж болдог. Тосоор нь эмчилгээний бүтээгдэхүүн хийж болдог.

Анх энэ санааг яаж олсон бэ?

Манай аав анчин хүн байдаг.  Тарваганд нэлээд хорхойтой. Тарваганы талаар багадаа ааваасаа их зүйл сонсож байсан. Тарвагыг "Газар дорх шар тос” гэдэг. Төслийн тэмцээн зарлагдахад ямар сэдвээр орох вэ гэж нэлээд их бодож байгаад хүүхдүүдээс өөрөөр сэтгэхийн тулд аж ахуйн сэдэв рүү оръё гээд аж ахуй дундаа өөртөө хамгийн ойроор нь тарвагыг сонгосон. Тэр талаар нэлээд их ойлголттой байсан болохоор асуудал байгаагүй.

Ийм уралдаан болдгийг хаанаас олж мэдсэн бэ?

Манай сургуульд Бизнес судлал гэдэг хичээл ордог. Тэр хичээлийн маань багш 2017 онд энэ тэмцээний шүүгчээр ажилласан. Тэгээд 2018 онд биднийг тэмцээнд орохыг зөвлөсөн. Ингэж анх багшаасаа олж мэдсэн.

Тэмцээндээ яаж бэлтгэв, төсөл бичихдээ хэр хугацаа зарцуулав?

Төслөө 7 хоног сууж бэлтгэсэн. Судалгаагаа яг өөрөө хийгээд 7 хоног бүтэн суусан. Хамгийн сайн зөвлөх маань Ж.Ганбаатар гишүүний туслах Энхмэнд ах байсан. Бидэнд төсөл яаж бичих талаар зөвлөмж болгож хураангуй пост оруулж байсан.Түүнийг хараад, яг тэр форматыг нь бариад бичсэн.

Төсөл хамгаалдаг гэсэн, тийм ээ. Төслөө яаж хамгаалсан бэ?

Төслөө хамгаалахдаа нэлээд сандарсан. Шүүгч нь багш нар байгаа гэж бодсон чинь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, тэдний туслахууд гээд том том хүмүүс сууж байсан. Өмнө нь төслөө бэлтгээд хоёр шөнө нойргүй хоночихсон байсан. Тэгээд сандарсандаа болоод яг юу ярьснаа сайн санадаггүй юм. Дуусгаад гараад ирэхэд Ж.Ганбаатар гишүүний туслах Мөнгөнтуяа эгч намайг "Ёстой сайн ярьсан” гэж урамшуулсан. Тэр үед юу ярьснаа одоо болтол санадаггүй.

Хэдүүлээ ороод хэдэн хүүхэд шалгарсан бэ?

Анхны 560 гаруй төслөөс шилдэг 30-ыг үлдээж байсан. Тэр шилдэг 30 дотроос би хоёрдугаар байрт орж байсан.

Сургууль төгсөөд тарваганы аж ахуйгаа хөгжүүлэх бодол байгаа юу?

Төслөө хийсэн. Өөрөө хичээвэл хүндрэл байхгүй гэж бодож байна.

Иймэрхүү ан агнуурын чиглэлийн гадаадын аж ахуйн туршлага судалж байсан уу?

Тарваганаас гадна хүдрийн чиглэлийн бас нэг төсөл бий. Тэр чиглэлээр гадаадын туршлага үзэж байсан. Интернэт, гүүглээс харсан.

Хүдрийн аж ахуй хөгжүүлэх боломж Монголд хэр байна вэ?

Одоогоор Монголд ийм аж ахуй байхгүй.

Чамд хүдэр хамгаалах чиглэлээр ажиллах боломж гарах уу?

Аавтайгаа хамтраад хийвэл болох байх. Хүдэр хулгайн анчдын маш их золиос болдог. Хүдрийн заарыг авахын тулд заавал алж авдаг. Хэсэг хүдэр гаршуулаад, тоо толгойг нь олшруулаад, алалгүйгээр заарыг нь авах арга олчихвол хүдэрт аюулгүй.Заар нь гадаадын зах зээлд үнэтэй. Үнэртэй усны гол орц болдог.

Эдгээрээс гадна юу сонирхог вэ?

Хиймэл оюун ухааны талаар сонирхдог. Бакалаврын зэргээрээ энэ чиглэлд гадаадад сурахыг хүссэн ч арай амжаагүй. Одоо МУИС-д Санхүү-эдийн засгийн чиглэлээр сурч байна. Мэргэжил гэхээсээ илүү хувийн сонирхлоороо хиймэл оюун ухааныг судлана гэж боддог. Ямар ч гэсэн энэ рүү ирээдүйд орно.

Шилдэг бизнес төслийн тэмцээнд оролцож байсан хүүхэд залуус одоо хамтраад "Шинэ үе-Баянгол” ТББ байгуулсан шүү дээ. Үйл ажиллагаанд нь яаж оролцож байгаа вэ?

"Шинэ үе-Баянгол” ТББ-ын Удирдах зөвлөл 100 гаруй гишүүнтэй. 2017, 2018, 2019 оны шилдэг хүүхдүүд нийлж байгуулсан. Би Дотоод үйл ажиллагаа хариуцсан захирал гэсэн албан тушаал дээр байдаг. Олон талын ажил хийж байгаа. Саяхан спорт тэмцээн хийсэн. Цасны баяр хийхээр төлөвлөөд байна. Гол төлөв гишүүдийнхээ дотоод эв нэгдлийг хангах чиглэлд манай дотоод ажлын хороо анхаардаг.

Та бүхний хамгийн том зорилт юу вэ?

Удирдах зөвлөлийн 100 гишүүний хамгийн том зорилт бол дороо гишүүд элсүүлж, 1000, 5000 гишүүнтэй болж, хүч чадлаа нэмэгдүүлэх талд анхаарч РR дээрээ нэлээд ажиллаж байгаа. Бас залуустаа тусалдаг. 2019 оны тэмцээн болж байхад доод үеийнхэн маань надаас төслийн талаар нэлээд их асууж байсан. Би 10 гаруй хүүхдэд төсөл дээр нь сууж туслаж байсан. Тэр надад их сургамж, дадлага болсон.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танай байгууллагад туслалцаа, дэмжлэг үзүүлж байна уу? 2019 оны 11 сарын 26-нд манай төрийн бус байгууллагын нээлт UB паласт болсон. Түүнд УИХын гишүүн Ж.Ганбаатар урилгаар ирж оролцоод үйл ажиллагааг маань дэмжиж, хувиасаа 100 сая төгрөгийг манай ТББ-д өгсөн.

Тэр мөнгийг юунд зарцуулах вэ?

Оффис гэх мэт өөрсдөдөө хэрэгтэй зүйлд зарцуулахаар төлөвлөсөн.

Оффистой болсон уу. Тэндээ ямар ажлууд хийж байгаа вэ?

Болсон. Одоогоор англи хэлний сургалт явуулж байна. 100 гишүүндээ зориулж гаднаас сургалт оруулж ирж 3 түвшинд явуулж байгаа. Ихэнхдээ сургалтын журмаар ашиглаж байгаа. Цаашдаа эдийн засгийн чиглэлийн зэрэг сургалтууд явуулна.

Тэндээ старт-ап компаниуд хөгжүүлэх боломжтой юу?

Өөрсдөө хичээвэл болохгүй зүйл байхгүй.

Хамгийн ойрын зорилго гэвэл юуг нэрлэх бол?

"Шинэ үе-Баянгол” ТББ-ыг манай дүүргийн бүх хүн мэддэг болоосой, хүчтэй, нөлөөтэй ТББ байгаасай гэж хүсэж байна. Дүүргийнхээ хөгжил, залуу үеийнхээ сурлага, хувь хүний хөгжил талд илүү түлхэц өгч, гишүүн бүрээ хөгжиж боловсорсон хүмүүс болговол дүүргээрээ манай ТББ-ыг мэддэг болно. Тэгж зорьж ажиллаж байгаа. Энэ том хүсэл зорилгыг бодит ажил  болгоход тууштай туслаж  байгаа Ж.Ганбаатар гишүүнээ залуучууд бид  маш ихээр дэмжиж ажиллана.

За, амжилт хүсье.

"Шинэ эхлэл” сургуулийн 12б ангийн сурагч Ц.МӨНХХҮСЛЭН

ШИЛДЭГ БИЗНЕС ТӨСЛИЙН УРАЛДААН МАШ ИХ УРАМ ЗОРИГ ӨГСӨН

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачилсан шилдэг бизнес төслийн уралдаанд ямар төрлөөр оролцож, амжилт гаргасан талаараа танилцуулна уу?

Би "Шилдэг бизнес-2019” тэмцээнд оролцож тэргүүн байрын ялагч болсон. Энэ тэмцээнд өөрийнхөө "Культура” гэж ирээдүйд үүсгэн байгуулах хувцасны брэндийн төслөөр оролцсон. Яг энэ уралдааны төслийн  хэмжээнд төвлөрүүлсэн сэдэв нь "Культура” цүнхний брэндийн төсөл юм. Уралдаанд цүнхний загвар, цүнхээ хэрхэн борлуулах, цүнхний үйлдвэрлэлд юу юу шаардагдах талаар жижиг бичил төсөл бичиж оролцсон. Энэ тэмцээнээс нэгдүгээр байрт ороод 10 сая төгрөгийн шагнал авсан.

Шагналаа юунд зориулсан бол?

Хэрэв би шагнал авбал гээд тухайн үед төлөвлөсөн төлөвлөгөөтэй байсан л даа. Ирээдүйд надад бизнес хийхэд ямар ямар хэрэглэгдэхүүн шаардлагатай вэ гэсэн төлөвлөгөөтэй байсан. Нэгдүгээр байрт ороод их догдолсон. Тэгээд 10 сая төгрөгөөрөө өөрт байхгүй оёдлын машин гэх зэрэг хөрөнгө оруулалтыг өөртөө хийсэн. Энэ надад их өгөөжтэй, урамтай байсан. Ж.Ганбаатар гишүүн хүүхэд залуучуудын дунд хамгийн ихээр өгүүлэгдэж байсан бүтээлч уралдааныг олон  жил зохион байгуулсанд маш их  баярлалаа  гэж дахин  хэлмээр байна.

Хэдэн наснаасаа эхэлж хувцас, цүнхний загвар гаргаж эхлэв. Тэмцээнд ямар зорилго тавьж оролцсон бэ?

Хувцас загварын чиглэлийг долоодугаар ангиасаа сонирхож эхэлсэн. Ийм тэмцээн болдгийг олж мэдээд бизнес төсөл бичиж, шинэ зүйлд өөрийгөө сорьж үзье гэж шийдээд оролцсон.

Төсөл бичихэд хэр их цаг, зав зарцуулсан бэ?

Тэмцээнд бүтээгдэхүүнээ авч очсон. Бүтээгдэхүүн хийсэн, судалгаа явуулсан цаг хугацаагаа оруулаад би төслөө нэг, хоёр сар орчим сууж бичсэн

Ийм тэмцээн зарлагдсаныг анх хаанаас олж мэдэв?

Манай сургуулийн өмнөх жилийн төгсөгчид энэ тэмцээнд оролцдог байсан. Би энэ тэмцээнд хэзээнээс ордог юм бол доо гэж сонирхсон.  12 дугаар ангийнхан оролцдог гэхээр бас тэр хүртлээ хэдэн жил хүлээсэн.  Тухайн 2019 онд 11, 12 дугаар ангийнхныг хамруулахаар болоод, тэгээд тэмцээнд оролцохоор шийдсэн.

Хувцас, цүнхний загвар, дизайнаа гаргахдаа гадаад, дотоодын сэтгүүл ашигладаг уу. Толгойдоо төсөөлж боддог уу. Загвар бүтээх материалаа хаанаас олж авдаг вэ?

Мэдээж одоогоор гадаадын том том дизайнеруудын санаанаас санаа гаргаж авдаг. Тэдний юу хийдэг, ямар зүйл ашиглаж байна гэдгийг нэлээд судалдаг. Тэгээд өөрийнхөө загварыг илүү монгол үндэсний хэв шинж агуулсан байдлаар хийхийг зорьдог. Орчин цагийн хүүхдүүд өмсөж хэрэглэхэд зохицуулж, монгол үндэсний загвар гаргах техник технологиор зээгт наамал ашиглаж цүнхээ хийхийг зорьдог.

Цүнхний материалыг яаж сонгодог вэ. Арьс шир үү, өөр төрлийн материал сонгодог уу?

Эхний загваруудаа арьс, ширээр хийхэд хүндрэлтэй байсан. Тийм учраас даавуун цүнх хийхийг илүү зорьсон. Даавуу, торго ашиглаж зээгт наамал хийдэг. Өмнө нь тогтвортой хөгжлийн сургалтад суралцаж байсан учраас аль болох торгоны өөдөс зэрэг хаягдал материал ашиглаж бүтээгдэхүүнээ хийхийг зорьдог.

Бизнес төслийн тэмцээн бусад төрлийн тэмцээнээс юугаараа онцлог вэ?

Энэ тэмцээн бусад тэмцээнүүдээс онцгой. Бусад тэмцээн зарлагдаад л, шүүлт хийгдээд л, хариу гарч шагнал гардуулах үйл явц болдог. Энэ тэмцээн олон үе шат дамждаг. Нарийн шүүлтүүртэй. Эхний шатанд 700 гаруй төслөөс шилдэг 60 төслийг сонгон шалгаруулаад, тэр 60-аасаа дахиад эхний гурвыг шалгаруулдаг. Шалгаруултад орохдоо төслийн танилцуулгаа хийгээд, төслөө хамгаалдаг. Төсөл танилцуулах нь илтгэх чадварыг сайжруулдаг. Хоёрдугаар шатанд шалгарч үлдсэн 60 хүүхдийг нэг анги, хамт олон шиг нягтруулж, шинэ орчинд оруулдаг учраас их олон найз нөхөдтэй болсон. Бусдаасаа шинийг суралцсан. Тэнд олон өөр өөр авьяастай, олон шинэ санаа гаргасан хүүхдүүдтэй өрсөлдсөн.

Одоо тэр найзуудтайгаа загвар, төслөө ярилцдаг уу?

Тэмцээний дараа шилдэг 60 хүүхэдтэйгээ маш дотнын найзууд болсон. Одоо хүртэл бид хоорондоо байнгын харилцаатай, байнгын үйл ажиллагаа зохион байгуулаад, ерөнхийдөө нэг хамт олон болчихсон явж байгаа. Тэр дундаасаа сонирхлоороо нийлээд дараа дараагийн тэмцээнд баг, хамт олон болж орох гэх зэрэг үйл ажиллагаанд илүү хамрагдаж байгаа. Шилдэг бизнес төслийн тэмцээн ингэж их үр өгөөж өгсөн.

Чинийх шиг хувцас, цүнхний дизайн сонирхдог хүүхдүүд тэр дунд байна уу?

Миний чиглэлээр төсөл бичиж оролцсон хүүхэд надаас өөр бараг байгаагүй. Ихэнх нь цагаан идээ боловсруулах зэрэг өөр өөр төсөл, санаанууд байсан.

Ямар ямар гол санаа байсан бэ?

Монголд ийм санаа ороод ирвэл бусдаасаа онцгойрох юм байна гэх зэрэг бизнес эрхлэхэд дөхөм санаанууд их байсан. Содон сонин санаанууд нэлээд байсан. Жишээ нь, цагаан идээ боловсруулж, иштэй ааруул хийх гэх зэрэг санаанууд байсан.

Ямар төрлийн бизнес санаа түлхүү орж байв?

Хүүхэд бүр л гэр бүлийн онцлогоосоо шалтгаалаад, гэр бүлийн эрхэлдэг бизнестээ илүү дөхүү, сонирхолдоо тулгуурласан гэх мэт төсөл бичсэн байсан. Зам тээврийн гэх мэт төсөл ч байсан. Цаашдаа өөрийнхөө бизнес санааг яаж хөгжүүлье гэж бодож байгаа вэ.

Зах зээлд орж, захиалга авна гэдэг ч юм уу?

Тухайн бизнес төслийг бичиж байх үед би брэндээ гаргаад эхэлчихсэн, дэлгүүрт худалдаалаад эхэлчихсэн байсан. Тийм болохоор төсөл бичиж судалгаа хийхэд надад хамаагүй ойр байсан. Бизнесээ эрхлээд эхэлчихсэн байсан болохоор тоон баримт, материал, үнийн судалгаа надад байсан.  Тийм учраас надад  дөхөм  болсон.

Хэддүгээр ангиасаа бүтээгдэхүүнээ хийж, борлуулж эхэлсэн бэ?

Хичээл ном ихтэй байсан. Тэгээд нэлээд бэлдэж байгаад 11 дүгээр ангийнхаа өвлийн амралтын үеэр эхний борлуулалтаа хийсэн. Түүнээс өмнө хувцас хийх, захиалгаар хувцас оёх гэх зэрэг ажил хийж байсан.

Бүтээгдэхүүнээ хаагуур яаж борлуулдаг вэ, харилцдаг дэлгүүртэй юү?

 Монгол үндэсний брэнд бүтээгдэхүүн нэгтгэж борлуулдаг дэлгүүрүүд байдаг. Тийм дэлгүүрүүдтэй гэрээ хийгээд түр хугацаанд цүнхээ зарсан.

Анх бүтээгдэхүүнээ борлуулахдаа их урам орж байв уу?

Надад их боломжтой санагдсан. Гэхдээ бас хүндрэлүүд тулгарсан. Жишээ нь, дэлгүүртэй гэрээ хийхэд борлуулалтын орлогоосоо нэлээд их хувийг дэлгүүрт шимтгэл болгож өгдөг. Түүнээсээ материалаа авдаг учраас эхний ээлжинд надад бараг ашиг байгаагүй. Олон бүтээгдэхүүн гаргаад, ашгаасаа ашиг олоод явахаар арай гайгүй болох юм шиг санагдсан. Хичээл, тэмцээн, уралдаан гээд одоохондоо үргэлжлүүлэх зав тааруу байгаа. Төгсөөд үргэлжлүүлье гэсэн бодолтой байгаа.

Төгсөөд ямар чиглэлээр суралцах бодолтой байгаа вэ?

Хувцас загвар, бизнесийг хослуулсан мэргэжил байдаг юм билээ. Тийм мэргэжлээр суралцъя гэж бодож байгаа.

Загварын том агентлагтай болно гэдэг ч юм уу, тийм мөрөөдөл бий юу?

Тийм. Сургуулиа төгсөөд л нэг тийм юм нээе гэсэн мөрөөдөлтэй. Тэргүүн байрын шагнал 10 сая төгрөгийнхөө хагасыг тийм зорилгоор хадгалчихсан. Түүгээрээ өөрийнхөө брэндэд хөрөнгө оруулаад , төсөл бичсэн "Культура” брэндээ өргөжүүлж, олон салбарт тэлэх зорилготой.

Цаашдаа ийм тэмцээн, уралдаан зохиогдвол оролцох уу?

Оролцох маш их сонирхолтой.

Уралдаанд оролцсон хүүхдүүд хамтраад бас ТББ байгуулсан гэсэн үү?

Уралдаанд оролцсон хүүхдүүд хамтраад "Шинэ үе-Баянгол” гэдэг ТББ байгуулсан. Үүнийгээ хөгжүүлэх тал дээр анхаараад явцгааж байгаа. Манай байгууллагын Удирдах зөвлөл гэхэд 100 шахам гишүүнтэй.

Ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг вэ?

Хамгийн сүүлд гэхэд Оюутны чуулган зохион байгуулсан. Оюутан залууст зориулан лекторуудыг урьж ирүүлж, хэрэгтэй гэсэн мэдээллүүдийг өгүүлж, Баянгол дүүргийн оюутны анхны том чуулганыг хийлээ. Бараг 3600 оюутан оролцсон.

За баярлалаа, амжилт хүсье. Баярлалаа

ШИНЭ МЭДЭЭ