Мөрөндөө сайхан амьдарцгаая
2020.05.15
Орон нутгийн хөгжил

Мөрөндөө сайхан амьдарцгаая

Би Мөрөн хотдоо яг 50 жилийн өмнө төрж, Мөрөнгийн гудамжинд тоглож өсчээ. Манайх 2 дугаар хорооны 3 дугаар гудамжны 7 тоот. Өөрийн гудамж, ард, урд талын гудамжны айлуудаа андахгүй. Гэр хорооллын хүүхдүүд усанд явна, түлээ модоо хагалж, хөрөөднө, гудамжны хаана нь ямар хонхорт ус тогтдог, аль хашааны нохой айдас хүргэдэг гэдгийг ч андахгүй сайн мэддэг байлаа.

Сургуульд орсон хойноо нарийн тасархай гудамжаар явж байгаад нохойд уруулж нүүрэндээ сорвитой болсон минь гэр хорооллын хүүхэд шүү чи гэсэн тамга болж үлджээ. Мөрөн хотын гэр хорооллыг гадна дотны хэн ч хараад цэгцтэй, тэгш сайхан гудамжтайг нь шагшина. Д.Төмөр тэргүүтэй Мөрөн хотын дарга нарын маань бидэнд үлдээсэн төлөвлөлт одоо ч бидэнд боломж олгосоор байна. Өдгөө 90 насны босго давсан Д.Төмөр даргатай олон удаа уулзаж, санал бодлыг нь хичээнгүйлэн сонсож ирсэн минь их зүйл бодогдуулдаг, урам зориг болдог.

Миний аавтай дотно сайхан нөхөрлөж, манайхаар орж гардаг байсан болохоор Д.Төмөр даргыгаа багаасаа л сайн мэднэ. Бид нүхэн жорлонгоо зүүн баруундаа сэлгэж ухсаар дахиж ухах газаргүй болжээ. Хөрсний бохирдол нүдэнд харагдахгүй газар авсаар л байгаа. Хүүхдүүд дэргэд нь шахуу тоглож, мөлхөж, чулууг нь барьж, зарим нь хүлхээд сууж байгаа гээд бодохоор бид ч орчиндоо хэтэрхий дассан юм шиг байгаа юм.

Ихэнхдээ нэг гудамжинд 18-22 айл амьдардаг. Хашааны өнгө үзэмж, өндөр нам, хэлбэр хэмжээ янз бүр. Шургааган хашаа, банзан хашаа, төмөр хашаа, арай боломжтой нь блок, бетонон хавтангаар хашаагаа хийдэг болжээ. Хашааны хаалганууд бүр ч олон төрөл. Хээтэй хээгүй хашааны хаалгыг түр хойш нь тавиад шууд байшингийн төрхийг зураглая.

Хашаа болгонд ихэвчлэн мод, палкаар барьсан 2-3 цонхтой, үүдэндээ гонхтой ердийн галлагаатай байшинтай. Дулаалгаа ингэж хийнэ, тэгж хийнэ гэсэн стандарт байхгүй. Хэн нэг туршлагатай гэсэн хүний амаар дулаалчихна. Дулаан л бол дулаан. Хэрэв сийгээд унавал оношийг нь олоод бөглөж орхино. Тухайн айлын гал голомт, хувийн хөрөнгө учраас жил бүр шавардана, чадвал тоосгоор өнгөлнө, хана тааз, дээвэр, шал, цонх, хаалга гээд аль болохоор өөд нь татаж, хөөрхөн ч мөнгө зарцуулдаг. Энэ зардлыг 10 жилээр тооцвол ахиад нэг байшин барьчих мөнгө зарцуулсан байх магадлал өндөр. Хашаа байшингаа зараад өндөр байшинд, хананаасаа халуун усаа авч, паартай байшин, паалантай суултуурт бие засч, босоо шүршүүрт зогсох хүсэл их.

Үүнийг бид амьдрах орчноо нэг шат ахиулах хамгийн энгийн, зөв арга гэж бат нут ойлгосон байдаг. Дээр нь 8 хувийн ипотекийн зээлэнд хамрагдчихвал болоод явчихна. Гэхдээ гэр хорооллын айл бүр орон сууцанд хамрагдаж чадахгүй. Орон сууцанд орлоо гэхэд 8 хувийн зээлийн урьдчилгаа 30 хувийг шууд төлчих хүн ховор. Төлбөрөө 100 хувь төлчих хүн бүр ч ховор. Орон сууц хэд баригдаж, хэзээ орно гэж хүлээж суух билээ. Хашааныхаа газрыг үнэ оруулая. Төр инжене-рийн шугам сүлжээ, дэд бүтцийг нь хариуцвал хашаандаа хийх тохижилт, тохилог орон сууцаа та бид өөрсдөө хариуцая.

Үүнийг хийх цаг нь болсон. Эхлээд иргэдийнхээ саналд тулгуурлаж хийх нь хамгийн зөв алхам. Хүнийг хүсээгүй байхад нэг өдөр гудамжинд нь нүх ухаад, амьдрах орчинд нь нөлөөлөөд байж МӨРӨНДӨӨ САЙХАН АМЬДАРЦГААЯ 47 ХӨГЖЛИЙН ХОЙМОР болохгүй. Бас төслийн ач холбогдлыг нарийн сайн ойлгуулаад, үр дүн нь ийм болно гэдгийг тооцоо судалгаатай танилцуулаад эхлүүлбэл хүн бүрийн ойлголт өөр болдог.

Жишээлбэл бид анх Мөрөн сумын 1, 2 дугаар хороонд инженерийн шугам сүлжээтэй 50 айлын жишиг гудамж төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан боловч гудамжны айлууд хоорондоо уулзаж, санал нэгдээгүй цаг алдлаа. Мөрөн сумын 2 дугаар багийн Засаг дарга Ч.Алтанцэцэг эгч маш хурдтай санаачилга гаргаж багийнхаа иргэдтэй уулзжээ. Манай 2, 3 дугаар багийн 18,19 дүгээр гудамжны айлууд санал нэгдээд энэ төслийг өөрийн гудамжнаасаа эхлүүлэх санал тавьж байна гэж анх холбож өгсөн түүхтэй. Мөрөндөө сайхан амьдарцгаая төслийн баг ярилцаад дэмжсэн. Хэд хэдэн удаа уулзалт хийхэд би өөрөө очиж оролцсон.

Иргэд ч их сайхан хүлээж авсан байсан. Ажлыг эхлүүлэхээр Дэд бүтцийн төв барих, гудамжны айлуудын хашаанд хэмжилт хийж тооцоогоо гаргаад байтал нэг айл хашаагаа зарна, манайх энэ төсөлд хамрагдахгүй гэсэн сураг дуулдлаа. Төсөлд хамрагдах саналтай айлууд нөгөө айлын хашааг худалдаад авчихая гэж ярилцаад өглөө нь уулзтал хашааны үнэ бараг 8 дахин өсчихсөн байв. Бас л цаг алдлаа. Үнэндээ инженерийн шугам сүлжээ орвол газрын үнэлгээ нэмэгдэнэ гэдгийг мэдээд үнээ нэмжээ. Гэхдээ нэг л айл ажлыг гацааснаараа бусад өрхүүд цаг алдаж хохирсон, инженерийн шугам орсны дараа хашаагаа зарсан бол үнэлгээ нь илүү баталгаатай болох байсан. Гэхдээ энэ асуудлаа бид шийдэж чадсан.

Энэ өвөл 50 айлдаа дулааны хэмжилт хийсэн. Хүмүүс энэ төсөл үлгэр болох байх гэсэн эргэлзээ байгаа байх. Энэ төсөл нийслэл хотын Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 200 айлд хийгдээд ашиглалтад орсон. Энэ төсөлд ажиллаж байсан инженерүүд манай төслийг удирдаж байгаа нь давуу тал болж байгаа. Нөгөө талаар хотод хэрэгжихдээ гарсан алдаа нь иргэдийнхээ саналд тулгуурлаагүй эхлүүлсэн байсан. Харин бид Мөрөн хотынхоо иргэдээс асууж, саналыг нь авч байж эхлүүлж байгаа. Төслийн баг, төсөлд хамрагдаж байгаа айлууд ч гэсэн харилцан хариуцлага хүлээнэ. Айлуудын зүгээс байшингаа дулаалах, халаалт, жорлон, шүршүүр ванн гээд байшиндаа, хашаандаа өөрсдөө хөрөнгө оруулалтаа хийнэ.

Иргэдээ бид эко зээлтэй холбож өгснөөр санхүүжилтийн эрсдлээс хамгаалагдана гэж үзэж байна. Мөрөн хотод “Мөрөндөө сайхан амьдарцгаая” төслийн хэлэлцүүлэг хийж, хотод гэр хорооллын 200 айлын төсөл хэрэгжүүлсэн төслийн менежер, инженерийн баг, эко жорлонгийн санаачлагч, доктор Д.Басандорж тэргүүтэй хүмүүс оролцов. Олон сайхан санаачлага гарч, зарим нь Төрийн бус байгууллага байгуулах санал гаргасныг дэмжиж бүх үйл ажиллагаагаа төрийн бус байгууллагаараа дамжуулж хийхээр болсон юм. Ер нь өнгөрсөн 8 жил бид хамтдаа ШИНЭ МӨРӨН хөтөлбөр хэрэгжүүлж Хог хаягдлын менежмент, 135 айлын орон сууц, Гэрэлтэй мөрөн, Замтай Мөрөн дэд төслүүдийг хүний нүдэнд харагдаж, гарт баригдах хэмжээнд хүргэсэн.

Энэ бол удахгүй хот болох Мөрөн хотын өнгө үзэмжид ихээхэн хамаарна. Харин Мөрөндөө сайхан амьдарцгаая хөтөлбөр бол гэр хорооллын иргэд рүү чиглэсэн, хашаандаа сайхан амьдрах орчныг бий болгох гэсэн зорилго чиглэлтэй юм. Инженерийн шугам сүлжээнд холбогдсон айлууд амины орон сууцаа барихад ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах эрх үүснэ. Арилжааны банкуудтай төр тохирч эко зээлийн хүртээмжийг сайжруулахад та бидний хүссэн орчин аяндаа бий болно. Зээлийн хүү бага, нөхцөл нь уян хатан байх юм бол хашаандаа хүлэмж байгуулж, усан сан, усан оргилуур ч хийж болж байна.

Ипотекийн зээл бол өөрөө хамгийн сайн эргэн төлөгддөг чанартай зээл гэдэг нь нэгэнт батлагдсан. Өнөөдөр Монголчууд дэлхийн өнцөг булан бүрт очдог, аялдаг болсон, ажиллаж амьдардаг болсон. Миний үзсэн 1000 хот нэвтрүүлгээр гадаадын жижигхэн хотуудын тохижилт, цэвэр цэмцгэр байдал, хүмүүсийн соёл, харьцаа хандлага, хувийн орон сууц, амины байшингуудын өнгө үзэмж, газар зохион байгуулалт, зөв төлөвлөлтийг харуулдаг. Бид ч гоё сайхныг нь уулга алдан үздэг, атаархдаг. Мөрөн хотын иргэд боломжоо ашиглаж, ахмадуудынхаа байгуулж өгсөн суурин дээр орчин үеийн жишиг хот байгуулж, Мөрөндөө сайхан амьдрах жишиг орчныг яагаад бүрдүүлж болохгүй гэж.

Мөрөн хотын баг бүр өөрийн гэсэн өнгө төрхтэй, гэр хорооллын гудамж бүр амрах орчин, тоглоомын талбай, ногоон байгууламжтай, иргэд нь төрөлх хотдоо сэтгэл хангалуун амьдардаг, өвөлдөө утаагүй, хавар намартаа шороо тоосгүй ийм л төсөөллийг төлөвлөгөө, төлөвлөгөөгөө бодит биелэл болгоё л гэж байгаа юм. Мөрөндөө сайхан амьдарцгаая төслөө хамгийн энгийнээр, хүн бүрт ойлгомжтой хүргэх нь маш чухал. Тиймдээ ч өөрийн бодлоо хуваалцаж буйг минь мэргэн оюундаа шүүн тунгааж үзэх нь иргэн таны эрх билээ. Мөрөндөө сайхан амьдарцгаая.

Л.ЭНХ-АМГАЛАН

ШИНЭ МЭДЭЭ