МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Ганбаатар: СӨХ-г татан буулгавал орон сууцнууд эзэнгүйднэ
2020.02.06
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Ж.Ганбаатар: СӨХ-г татан буулгавал орон сууцнууд эзэнгүйднэ

Эх сурвалж. Өдрийн сонин. сэтгүүлч О.Ариунцэцэг

УИХ-ын гишүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа. 


 

-Хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг та санаачилсан гэдэг нь үнэн үү. Уг хуулиар Сууц өмчлөгчдийн холбоог татан буулгах гэж байгаа юм уу?

-Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн учраас энэ хуулийг ямар нэгэн байдлаар Ж.Ганбаатар гишүүнтэй холбоё л гэж бодсон шиг байгаа юм. Учир нь СӨХ-үүдийн асуудал сонгуульд нөлөөлөх магадлалтай гэж хүмүүс бодоод байна л даа. Үүгээр далимдуулж Ж.Ганбаатарын нэр хүндэд халдъя гэж бодож байх шиг.

Угтаа энэ хуулийг Барилга хот байгуулалтын яамнаас 2019 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр УИХ-д өргөн барьсан. Засгийн газар УИХ-ын гишүүнтэй хамтарч хууль өргөн барина гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Энэхүү хуулийн хэлэлцэх эсэх нь чуулганы хуралдаанаар дэмжигдэж, Эдийн засгийн байнгын хороонд шилжиж л ирсэн юм. Тус байнгын хорооноос ажлын хэсэг гараад ажиллаж байгаа ч тодорхой байр суурин дээр нэгдээгүй байна. Нуулгүй хэлэхэд гишүүд уг хуулийг дэмжихгүй байгаа. Учир нь Орон сууцны  тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд СӨХ-нуудыг татан буулгах асуудал тусгагдчихсан юм. Миний хувьд энэ хуулийг санаачлах нь битгий хэл 100 хувь эсэргүүцэж байгаа. СӨХ-ны үйл ажиллагаанд өөрчлөлт оруулахдаа аль болох ард иргэдтэй ойр ажилладаг болгох ёстой.

-Тэгэхээр СӨХ-ны үүргийг хэн гүйцэтгэнэ гэсэн үг вэ?

-СӨХ-г татан буулгаж Орон сууцны конторт нэгтгэнэ гэж байгаа юм. Миний хувьд орон сууцны контор СӨХ-ноос илүү сайн ажиллана гэдэгт итгэхгүй байна. Харин ч орон сууцнууд эзэнгүй хаягдана. Орон сууцны контор СӨХ-ны үүргийг гүйцэтгэдэг байхад орон сууцнуүдын орц, хонгил үнэхээр аймшигтай байсан. СӨХ бий болсноор ядаж л орц, контороо цэвэрлэж, жижиг гэлтгүй үүссэн асуудлуудыг зохицуулаад явах болсон.

СӨХ-г үнэхээр мундаг ажилладаг гэж хэлэхгүй ч өнөөдрийн энэ шийдэл нь маш буруу. Харин ч энэ хуулиар СӨХ-ны үйл ажиллагааг хэрхэн сайжруулах вэ гэдэгт илүүтэй анхаарах ёстой юм. Оршин суугчдаас хураагдсан төлбөрийг үйл ажиллагаандаа хэрхэн зөв зүйтэй зарцуулах, түүнийг нь хэрхэн хянах вэ гэдэгт л энэ хууль чиглэх учиртай.

-СӨХ-г ийнхүү гэнэт татан буулгах гээд байгаа шалтгаан нь юу вэ?

-Үнэхээр хэлж мэдэхгүй юм. Үүнийг Х.Баделхан сайдаас л асуух хэрэгтэй байх.

-СӨХ-д цөөнгүй иргэд ажиллаж амьдралаа залгуулдаг. Тэдгээрийн эрх ашиг ч  хөндөгдөх нь ээ дээ?

-Яг үнэн. Тэр хүмүүсийг ажилгүй болгоод л, ажил албыг нь Орон сууцны контор өөртөө нэгтгээд авчихаж байна гэсэн үг.

-Оршин суугчдаас СӨХ төлбөр авдаг. Хэрэв уг хууль батлагдвал Орон сууцны контор тэрхүү төлбөрийг авах уу. Ямар зохицуулалтаар явах вэ?

-Одоогийн зохицуулалтаар тэрхүү шимтгэл, хураамжийг Орон сууцны контор хураан авна. Орон сууцны контор гэдэг хүнд сурталтай, олон хүнтэй байгууллага байдаг. СӨХ тус байгууллагад шилжсэнээр оршин суугчдын төлөх мөнгө, иргэдэд ирэх ачаалал улам нэмэгдэнэ. Үүнийг 100 хувийн баталгаатай хэлж чадах байна. Одоогийн хуулиар Орон сууцны контор нь ус дулаан, цахилгаантай холбоотой асуудлуудыг хариуцдаг. Үүн дээр нэмээд СӨХ-ны засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, ногоон байгууламж, ашиглалт, цэвэрлэгээ зэргийг хариуцах нь байна л даа. Уг байгууллагад тийм хүч, бололцоо туршлага ч байхгүй. Миний хувьд энэ хуулийг Засгийн газар эргэн татаж авах байх гэж бодож байна.

-Эрх баригч нам хотын мандатыг цөөлсөн. Сөрөг хүчний зүгээс МАН хотод ялалт байгуулж чадахгүй гэж үзсэн учир ийн шийдсэн гэж байна. Мандатыг цөөлсөн энэ шийдвэр зөв үү?

-Сонгуулийн тухай хуульд тойрог, мандатыг хуваарилахдаа хүн ам, газар зүйн байрлал, хэмжээг харгалзах ёстой талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос тайлбарлаж байна лээ. Зарим гишүүд үзэл бодлоо хэрүүлийн маягтай илэрхийлж байгаа харагдсан. Яахав миний хувьд Улаанбаатар хотоос сонгогдож байгаа гишүүдийн тоо бага байна гэдэгтэй санал нэг байгаа. Гэхдээ энэ асуудлыг нэгэнт бүлгээр шийдчихсэн. Энэ тохиолдолд буруу, зөв гэж шүүхэд хэцүү.

Үүнтэй холбоотойгоор манай Баянгол дүүрэг улсын хэмжээнд хамгийн том тойрог болсон гэдгийг хэлье. Баянгол дүүрэгт гурван мандат оногдсон. Нэг мандатад нь 78 мянган иргэн оногдож байгаа. Нэг мандатад оногдох улсын дундаж хэмжээ нь 46 мянган иргэн юм билээ.

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн  баталсан. Уг хуулиар сонгогчдод тодорхой ирцийн босго тавиагүй, дээрээс нь сонгуулийн үйл ажиллагааг 20:00 цагт хаахаар зохицуулжээ. Энэ нь ямар учиртай юм бэ?

-УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд тийм зохицуулалт ороогүй гэдгийг онцлон дурдах нь зүйтэй байх. УИХ-ын гишүүд өөрсдөдөө зориулж ийм хууль баталсан зүйл байхгүй. Орон нутгийн сонгуульд олон улсын жишгийг дагах ёстой гэх байр суурь давамгайлсан юм билээ. Тодорхой ирц тогтоогоогүй шалтгаан нь өмнөх сонгуулиудтай холбоотой. Өмнө нь орон нутгийн сонгуулийн ирц хүрдгүй байсантай холбоотойгоор үргүй зардал их гардаг байсан. Хоёр, гурван удаа сонгууль явуулдаг газрууд ч байдаг. Тиймдээ ч ирцгүй болгох шийдвэрийг зөв гэж үзэн дэмжсэн. Харин 20:00 цагт сонгуулийг хаах болсон нь сонгогчдод мөнгө, архи дарс өгдөгтэй холбоотой гарсан шийдвэр гэж байгаа.

-Эрх баригчид Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хаалттай хуралдааны үеэр ил болон далд санал хураалт явуулсан. Санал хураалтын дүн эрх баригчдыг багагүй эвгүй байдалд оруулсан. Үүнд та юу хэлэх вэ?
-Юу хэлэх вэ дээ. Миний хувьд тэр хүн муу, би мундаг гэж ярих дургүй. Энэ нь миний уг зарчим биш юм. Тиймдээ ч би энэ тухай хариулж чадахгүй нь уучлаарай. 
-"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн 30 хувьд IРО хийх асуудал царцсан байдалтай байна. Угтаа ажил хэрэг болгосон бол улс эх оронд болоод эрх баригчдын нэр хүндэд ч хэрэгтэй байсан юм биш үү?

-IPO-той холбоотой асуудал Их хурал руу орж ирээгүй байна. Яахав Уул уурхайн сайдтай энэ асуудлаар нэлээд зөрөлдөж байгаа. Ил гаргахгүй зүйлүүд ч байна. Уул уурхайн сайдаас 100 хувь хамаарахгүй зүйлүүд ч бий. Монгол Улсын өөрийнх нь эдийн засгийн чадамжтай холбоотойгоор Засгийн газар шийдвэр гаргахад хэцүү зүйлүүд ч байгаа. 2011, 2012 он шиг Монгол Улсыг сонирхож байгаа үед энэ зүйлийг хийхэд их амархан гэж харсан. Өнөөдрийн хувьд дэлхий нийтэд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж байна. Хөрөнгө оруулалт хийхдээ хүмүүс маш болгоомжтой хандаж байх шиг байна.

ШИНЭ МЭДЭЭ