Б.Бат-Эрдэнэ: Эцсийн шийдвэр гартал Э.Оюунболдыг барилдуулахгүй
2020.01.23
Улстөр

Б.Бат-Эрдэнэ: Эцсийн шийдвэр гартал Э.Оюунболдыг барилдуулахгүй

Эх сурвалж: Өглөөний сонин, Сэтгүүлч Б.Төрбат

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.  


-Бөхчүүдийн допингийн асуудал одоо ч эцэслэгдээгүй, хэвээрээ байна. Сүүлдээ бөх сонирхогчдыг хоёр хуваагдахад хүргэж байна. Та Монголын Үндэсний бөхийн холбооны тэрүүний хувьд асуудлыг хэрхэн харж, зохицуулж байна вэ?  

-Монголын Үндэсний олимпын хорооны дэргэд Допингийн эсрэг үндэсний төв гэж бий. Тэр байгууллагаас явцын дунд шинжилгээ авдаг. Түүнийг нь Засгийн газраас хамтарч, хөрөнгө санхүүг нь гаргадаг. Гэхдээ зөвхөн үндэсний бөхөөс биш олимп болон олимпын бус төрлийн тэмцээнд оролцсон тамирчдаас допингийн шинжилгээ авдаг. Бүр Ажлын хэсэг гаргаж, шинжилгээ авдаг. Гарсан үр дагавартай холбоотой мэдээллийг нь холбоо тус бүрд нь хүргүүлдэг. Дараа нь хууль, журмынхаа дагуу холбогдох арга хэмжээг нь авдаг.

Нөгөө талаараа Үндэсний баяр наадмын тухай хууль гэж бий. Тэр хуулийг зохицуулдаг Шадар сайдаар ахлуулсан Баяр, наадмыг зохион байгуулах хороо, түүний салбар комисс улсын баяр наадамд зодоглосон зарим бөхөөс допингийн шинжилгээ авдаг. Өөрөөр хэлбэл, бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг тусгай комисс байдаг. Харин энэ жилийн хувьд хоёр бөхөөс допинг илэрсэн. Улсын аварга Э.Оюунболд, Улсын начин Д.Цэрэнтогтох хоёроос сэргээш илэрсэн шүү дээ. Холбогдох шийдвэр, тогтоол нь гарчихсан. 

-Улсын аварга Э.Оюунболд сэргээш хэрэглээгүй гэж хэлдэг. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Э.Оюунболдын хувьд допинг хэрэглээгүй, шинжилгээний хариу солигдсон байна гэдэг зүйлийг ярьдаг л даа. Үүнийг нь хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа юм билээ. Энэ тохиолдолд хууль, хяналтын байгууллага эцсийн шийдвэрийг гаргатал нь Э.Оюунболдыг барилдуулахгүй. Өөрөөр хэлбэл, барилдах боломж байхгүй л гэж харж байна. 

-Гэхдээ аваргын хувьд цагаан сараар барилдана гэдгээ илэрхийлсэн шүү дээ?

-Тэр хувь хүний л байр суурь байх. Өөрөө хууль, хяналтын байгууллагад хандчихсан юм билээ. Надад ийм л мэдээлэл байна. Би мэдээллийнхээ хүрээнд л ярьж байна. 

-Бөхчүүдийн допинг хэрэглэсэн гэх асуудлыг түргэн, шуурхай шийдвэрлэхгүй байна гэх шүүмжлэл бий. Энэ асуудалд ямар тайлбар өгөх вэ?

-Өмнө нь Монголын Үндэсний бөхийн холбоо сэргээштэй холбоотой асуудал болон бусад барилдааны будилааныг зохицуулах зэрэг дүрэм, журам их бий шүү дээ. Хориотой барьц, мэх хэрэглэсэн бөх, дүрэмд заасан журмаас хэтэрч, ёс зүйн алдаа гаргасан бол тохирсон шийтгэлийг нь хүлээлгэдэг, тодорхой хугацаагаар эрхийг нь хасдаг зэрэг янз бүрийн журам явж ирсэн. Гэтэл сүүлийн хоёр жил ч биш 20-иод жилийн хугацаанд маргаантай явж байна. Удирдлагын түвшний маргаан шүү дээ. Энэ бүхнээс болж холбооны үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болсон. 

-Сүүлд танд холбооны тамга, тэмдгийг гардуулж өгсөн биз дээ. Маргаанд цэг тавиагүй гэж үү?

-Холбооны тэргүүн Л.Чинбат захирал надад тамга, тэмдгээ авч ирээд өгчихсөн. Ингэснээр 30 жилийн түүхтэй Монголын Үндэсний бөхийн холбооны эрх сэргэсэн гэсэн үг биш. Өнөөдөр ч бөхийн холбооны тамга тэмдэг, данс нь нээгдээгүй явж л байна. Зөвхөн тал талаасаа ярьж байгаад л Монгол бөхийн өргөөгөө л нээсэн төдий. Бусдаар бол ямар ч асуудал шийдэгдээгүй. 

Надад холбооны тамга, тэмдгийг гардуулж өгөх үеэр би Л.Чинбат захиралд хэлсэн. Эв эеийг олсон нэгдсэн хурлаа хийе гэж.

Тэр хурлаараа бүтэц, бүрэлдэхүүнээ сонгоод үндэсний бөхийн үйл хэрэг бол ном журмынхаа дагуу яваг гэдэг зүйлийг хэлсэн. Тэгж тохирсон. Тэгэхээр Л.Чинбатыг надад тамга, гэрчилгээгээ өгч байхад энэ байр суурь хэвээрээ шүү гэдгийг дахин хэлсэн. 

-Өөрөөр хэлбэл, хэн нь холбооны тэргүүн байх нь чухал бус үндэсний бөхийн үйл хэрэг ном журмынхаа дагуу үргэлжлэх нь чухал гэдгийг хэлсэн гэж үү?

-Надад холбооны тэргүүн байх нь чухал биш. Намайг дахиж холбооны тэргүүнд нэр дэвшүүлсэн ч нэрээ татна. Хамгийн гол нь, үндэсний эрх ашиг, өв соёлын спортыг зөв урсгалд нь оруулах хэрэгтэй байна. Миний байр суурь ердөө л энэ. Үүнийгээ ч хэлсэн. Тиймээс эв эеэ олох хурлаа хийх саналыг л тал, талаасаа гаргаж яриад л явж байна. 

-Өнгөрсөн оны гуравдугаар сард болсон хурлаараа Монголын Үндэсний бөхийн холбооны бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан санагдаж байна. Яг ямар өөрчлөлтийг хийсэн юм бэ?

-Тэгсэн. Тэр хурлаараа удирдлагын зохион байгуулалт, бүтцийг өөрчилсөн. Хуучин холбооны тэргүүн Р.Нямдорж гүйцэтгэх удирдлага, Удирдах зөвлөлийн дарга болон бөхийн холбооны даргын ажлыг хийдэг байсан. Одоо бол Монголын Үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөл гэж тусдаа. Өөрөөр хэлбэл, цэцдийн зөвлөл болон Удирдах зөвлөлийн даргатай болсон. Харин Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн нь гадаад, дотоодод холбоогоо төлөөлөх эрхтэй. Харин өдөр тутмын үйл ажиллагааг нь холбооны Гүйцэтгэх захирал нь хэрэгжүүлдэг байхаар өөрчлөлт оруулсан юм. Тэгсэн хэр нь өнөөдөр яг бүрэн хэмжээнд үйл ажиллагаа нь жигд явж чадахгүй байна. Ийм нөхцөлд бодлогын ажлаа хийж болохгүй байна. Тэгэхээр цаг хугацаа алдахгүйгээр энэ асуудлыг нэг талд нь оруулж, зохион байгуул гэсэн л байр суурьтай байна.

-Ингэхэд УИХ-ын дэргэдэх Ёс зүйн дэд хороо өнгөрсөн мягмар гарагт хуралдсан. Хуралдаанаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх нэр бүхий гишүүдийн асуудлыг авч хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Л.Болд, М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Х.Нямбаатар нарын хөрөнгө, орлого огцом өссөн, хөрөнгөө тайлбарлаж чадаагүй гэх гомдлыг хэлэлцэж, шийдвэр гаргах шиг боллоо. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Ёс зүйн дэд хороонд иргэн, байгууллагаас олон гомдол ирдэг. Бид дүрэмд заасны дагуу хуулийн хүрээнд хуваарилж, дэд хорооны гишүүдэд хувааж өгдөг. Тэд асуудлыг судалж үзэж, асуудлаа танилцуулдаг. Дүрмээрээ ёс зүйн алдаа гаргасан гишүүдэд зөвлөмж өгөх, сануулах зэрэг арга хэмжээг авдаг. Бүр гэмт хэргийн шинж чанартай байна гэж үзэх юм бол хуулийн байгууллагад нь шилжүүлдэг юм. Энэ хүрээнд “Бид уучлахгүй хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас гомдол ирсэн. Бид тэрхүү төрийн бус байгууллагатай хамтарч ажиллаж байгаа гэж ойлгож болно. Би гишүүдэд эхнээс нь хэлж, уриалж байсан. Ер нь, хуулийн байгууллагад өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдгийг хэлж байсан удаатай. Тэдний зарим нь өөрсдөө шалгуулна, шалгуулахаар өгсөн гэдгээ хэлж байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх гишүүдийн асуудлаар бид АТГ-т хандсан.

-Хуулийн байгууллагаас ямар хариу, тайлбар ирүүлсэн юм бэ?

-АТГ-аас тодорхой хэмжээний үнэлгээ, шалгалтыг хийж хариугаа ирүүлсэн. Тэр дагуу нь УИХ-ын дэргэдэх Ёс зүйн дэд хороо хуралдаж, асуудлыг шийдвэрлэсэн. Техникийн алдаа байна гэж үзсэн.

-Өөрөөр хэлбэл, АТГ-ын албан ёсны сайтад нэр дурдагдсан дөрвөн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд мэдээлэхдээ алдаа гаргасан гэсэн үг үү. Техникийн алдаа гэдгээ та тодорхой тайлбарлахгүй юу?

-Жишээ нь, тооных нь нэг орныг алдаатай бичсэн байдаг ч юм уу. Нөгөө талаараа хайхрамжгүй хандсан зүйл ч байна.

-Бүгдийнх нь хөрөнгө, орлогын мэдүүлэг алдаатай байсан гэж ойлгох уу?

-Зарим нэг нь. УИХ-ын дэргэдэх Ёс зүйн дэд хороо дүрмээрээ гуравны хоёроор санал хураалгадаг. Тэр дагуу л шийдвэрээ гаргасан. Гэхдээ УИХ-ын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны дүрмийг илүү боловсронгуй болгох шаардлагатай байна. Маш тодорхой болгох хэрэгтэй байна.

-Жишээ нь, яаж тэр вэ?

-Төрийн дээд өндөр албан тушаалтан, ялангуяа УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлоготой холбоотой асуудлыг тодорхой болгох шаардлагатай байна. УИХ-ын гишүүдийг аж ахуйн бизнес эрхэлдэг, тэр бизнестэйгээ холбоотой хуулийг батлуулдаг, улсын төсвөөс тоншдог зэрэг асуудал олон байна. Энэ бүхнийг хааж өгсөн шинэ дүрэм хуультай болох шаардлагатай байна. Жишээ нь, төрийн албыг төрлийн алба болгодог, ах дүү болон хамаатан саднаа төрийн албанд томилдог, үр хүүхдээ угсаа залгамжлуулдаг зэрэг асуудлыг хааж өгөх хэрэгтэй.

Дээр нь тендер байна. Өөрсдийнхөө тойрогт өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлыг хувийнхаа аж ахуйн нэгжид авч өгдөг, нөлөөлдөг асуудлыг хааж өгөх хэрэгтэй юм. Ийм хууль гарга гэдгийг би олон жил шаардаж байна. Харин намайг УИХ-ын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны даргыг ахалж байх явцад УИХ-ын даргаас үүрэг, чиглэл өгөөд дүрмийг нь шинэчилж, тодорхой болгох шаардлагатай байна.

ШИНЭ МЭДЭЭ