МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Сарангэрэл: Төрийн болон хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх санхүүжилт 400 мянган төгрөг болсон
2020.01.22
Эрүүл мэнд

Д.Сарангэрэл: Төрийн болон хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх санхүүжилт 400 мянган төгрөг болсон

Эх сурвалж. Монголын мэдээ, Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)

Өрхийн эмнэлгийн  санхүүжилтийг 2020 оноос эхлэн нэмэхээр болсон билээ. Энэ талаар болон бусад цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс тодрууллаа.


 

-Өрхийн эмнэлэг буюу эрүүл мэндийн анхан шатны тусламжийн байгууллагын санхүүжилтийг хоёр дахин нэмснээр ямар давуу тал бий болж байгаа вэ? 

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үе шаттай нэмэх заалт орсон. 2016 оны байдлаар эрүүл мэндийн салбарын санхүүжилт дотоодын нийт бүтээгдэхүүний 2.4 хувийг эзэлж байсан бол өнөөдөр 3.12 хувь болсон. Тухайбал, 2020 онд манай салбарын төсөв 120 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа нь үйл ажиллагаагаа өргөтгөн, эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд ач холбогдлоо өгч байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг хүнд ногдох тарифыг хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэрийг УИХ төсөв хэлэлцэхдээ гаргасан. Улмаар ЭМЯ, Сангийн яамны хоёр сайдын хамтарсан тушаалаар батлагдлаа.

-Одоо нэг хүний анхан шатны тусламж авах тариф хэдэн төгрөг болсон гэсэн үг вэ?

-Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг хүнд ногдох тариф өмнө нь 15200 төгрөг байсан бол энэ жилээс 30 мянгад хүрсэн. Ингэснээр иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ өмнөхөөсөө хоёр дахин  нэмэгдсэн гэсэн үг. Түүнээс гадна өрхийн болон сумын эрүүл мэндийн төвүүд  Эрүүл мэндийн даатгалын сангаас /ЭМДС/ санхүүжих боломжийг олгоно. 2018 оноос энэ үйл ажиллагаа эхэлж, 2020 онд эрүүл мэндийн төвүүд санхүүжих төсөв бий боллоо. 2018 онтой харьцуулахад 2020 оны өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт 15.9 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Эрүүл мэндийн салбарын төсвийг нэмэхээс гадна, хамгийн гол нь иргэдэд хүрэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрахад гол үйл ажиллагаа чиглүүлж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Тухайлбал, ЭМДС-гаас санхүүжсэн байгаа дөрвөн төрлийн тусламж үйлчилгээг өрхийн эрүүл мэндийн болон сумын эрүүл мэндийн төвүүд үзүүлэх боломжтой юм. 

-Ямар үйлчилгээ багтдаг юм бол. Иргэд төдийлөн мэддэггүй шүү дээ?

-Гэрээр очиж  тусламж  үзүүлдэг. Үүнээс гадна өдрөөр судас тариа, дусал хийх гэх мэтээр нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх боломжтой. Мөн оношилгооны багцыг нэмэгдүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлдэг. Ингэснээр өрхийн  эрүүл мэндийн төвүүд хоёр дахь шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэдэд үзүүлэх боломжтой.  Өөрөөр хэлбэл, ДЭМБ-аас тавьсан эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, нэг ч хүнийг орхигдуулахгүй бүх нийтийн хамралтыг бий болгох зорилтод хүрэхэд бид санхүүжилтийг нэмэгдүүлж байгаа нь чухал алхам болсон. 

-Батлагдсан 120 тэрбум төгрөгийн хэдэн хувийг энэ чиглэлд зарцуулах вэ? 

-Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг ЭМДС-гаас санхүүжүүлж байж орлого нэмэгдүүлнэ. Эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг  нэмэгдүүлнэ гэсэн үг. Зөвхөн өрхийн эрүүл мэндийн төвөөр хязгаарлагдахгүй 2020 онд Сангийн яам, ЭМЯ-ны хамтран санаачилж хийсэн нэг томоохон ажил нь хувийн хэвшлийн эмнэлгүүдэд ЭМДС-гаас санхүүжих, цаашлаад нэмэгдүүлэх боломжийг олгож байгаа. Тухайлбал, хэвтэн эмчлүүлэх тохиолдолд төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад 300 мянган төгрөг, хувийн хэвшлийн эмнэлгүүд 175 мянган төгрөгийн санхүүжилттэй байсан. Тэгвэл өнөөдөр аль, аль нь ижил санхүүжилттэй болсон. Өөрөөр хэлбэл, хэвтэн эмчлүүлэхээр бол 400 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Тэгэхээр иргэд зөвхөн төрийн  өмчийн  эмнэлэгт очихгүйгээр хувийн эмнэлгээс тусламж үйлчилгээ аваад, ЭМДС-гаас санхүүжих боломжтой. Ингэснээр өөрийнхөө төлсөн ЭМД-ын шимтгэлийг хүртэх боломжийг бүрдүүлж байгаа гэсэн үг. 

-Түлэнхийн төв ашиглалтад оролгүй удлаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-2020 онд эрүүл мэндийн салбар томоохон дөрвөн бүтээн байгуулалт хүлээж авах зорилготой. Үүнд Түлэнхийн төв, Ахмадын эмнэлэг буюу Геронтологийн үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлэг,  Яармагт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийг ашиглалтад авахаар ажиллаж байна. 

-Хэзээ ашиглалтад орох вэ. Газрын маргаантай, санхүүжилт нь дууссан гэдэг асуудлууд гарсан?

-Түлэнхийн төвийн санхүүжилт дуусах ямар ч боломж байхгүй. Учир нь өнгөрсөн парламентад эмэгтэй гишүүд Кувейтын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Засгийн газрын ордон барих 12 сая ам.долларын санхүүжилтээр Түлэнхийн төв барих тухай санал гаргасан. Улмаар 2016 онд шийдвэр гарсан учраас санхүүжилтийн асуудал байхгүй. 

-2019 оны арванхоёрдугаар сард  ашиглалтад орно гэж яамнаас мэдээлж байсан шүү дээ? 

-Түлэнхийн төвийн санхүүжилттэй холбоотой нэг асуудал бий. Гүйцэтгэгч компаниуд тухайн үед гэрээ хийхдээ зах зээлийн үнээс нэлээд өндөр үнээр хийсэн гэсэн асуудал бий. Өмнөх Засгийн газар, өмнөх сайдын үед тухайн үеийн зах зээлийн ханшаар метр квадратаа өөрчилж  буцаж гэрээ хийсэн юм билээ. Гэрээг өөрчлөхтэй холбоотой зарим нэг саатал гарсан. Гэхдээ одоо гүйцэтгэгч компани болон Эрүүл мэн­дийн яам хоорондоо ойлголцоод үйл ажиллагаагаа үргэлжүүлэхээр болсон. 

-Төрийн өмчийн эмнэлгийг хувьчлах талаар сүүлийн үед ярих боллоо. Энэ үнэн үү?

-Улсын эмнэлгийг хувьчлах асуудал  хэзээ ч Засгийн газар болон яаманд яриагүй. Хэрвээ хувьчлалын талаар ярихаар бол УИХ-ын шийдвэр гарч байж эрүүл  мэндийн байгууллагыг хувьчлах тухай асуудал гарна. Хууль нь ч тийм. Ор үндэслэлгүй мэдээлэл байна.  

ШИНЭ МЭДЭЭ