МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нэгдсэн эмнэлгийн барилгыг өргөтгөх шаардлагатай байна
2019.05.08
Эрүүл мэнд

Нэгдсэн эмнэлгийн барилгыг өргөтгөх шаардлагатай байна

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэрээр Нэгдсэн эмнэлгийн эмч нартай уулзаж, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хүргэхэд тулгамдаж буй асуудлыг сонсч цаашид ямар асуудалд хамтран ажиллах шаардлагатай байгаа талаар ярилцлаа. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг 1971 онд барьсан байна.  

Тэр үед аймгийн нийт хүн ам 60 мянга орчим байсан бол эдүгээ нэг дахин нэмэгдэж 130 гаруй мянган хүн амтай болсон учраас хүн амын ачаалал нэмэгдсэн, барилга хуучирч муудсан зэргийн улмаас Нэгдсэн эмнэлгийн барилгыг өргөтгөх шаардлагатай байна гэдгийг эмч нар хэлж байлаа. Мөн төсөв байхгүйн улмаас орон тоо нэмэгдүүлэх боломжгүй, тоног төхөөрөмжүүд хуучирсан, хүүхдийн тасаг улирлын томуугийн үед ор хүрэлцдэггүй, хавдрын тасаг хэзээ мөдхөн нурах шахсан стандартын бус барилгад үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг хүндрэлүүдийг танилцуулж байв.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгын асуудлыг ирэх оны төсөвт суулгах талаар орон нутгаас сонгогдсон 3 гишүүн хамтарч ярилцана. Ачаалал ихтэй ажиллаж байгаа учраас эмч сувилагч нарын орон тоог нэмэгдүүлэх тал дээр холбогдох газруудад хандана. Цаашид эрүүл иргэнтэй байж аймаг орон нутаг маань хөгжих учраас эрүүл мэндийн салбарт анхаарлаа хандуулан ажиллах болно” гэдгийг онцолж байлаа.

Тус аймгийн Нэгдсэн эмнэлгээр жилд 120-130 мянган иргэн үзлэг оношилгоо хийлгэж 12-13 мянган иргэн хэвтэн эмчлүүлдэг ажээ.

ШИНЭ МЭДЭЭ