МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Ганбаатар: Иргэд улс төрөөс үл хамаарч амьдралаа авч явдаг нийгмийг бүтээе
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
2019.02.18
Улстөр

Ж.Ганбаатар: Иргэд улс төрөөс үл хамаарч амьдралаа авч явдаг нийгмийг бүтээе

Монгол Улсын парламентын үйл ажиллагаа, эдийн засаг, жижиг дунд үйлдвэрлэл зэрэг сэдвээр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.

2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент бүрэн эрхээ хэрэгжүүлээд 2 жил 6 сарын хугацаа өнгөрч байна. Энэ удаагийн УИХ-д анх удаа сонгогдсон 41 шинэ гишүүн байгаагийн нэг нь та. Парламентын үйл ажиллагааг хэрхэн дүгнэх вэ?

Би 2016 онд УИХ-ын гишүүн болохоос өмнө 2004 оноос хойш Баянгол дүүргийн намын хороонд, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байсан. Улс төрд тэр үеэс орж ажиллаж эхэлсэн хэдий ч УИХ-ын гишүүн болсноос хойш намайг олон нийт илүү таньдаг болсон. Нийслэлийн иргэдийн хуралд 4 жил тэргүүлэгч байсан. Тухайн үед нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчид 7 хоног бүр хуралдаж, нийслэл хоттой холбоотой бүх л асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг байсан. Энэ нь надад парламентад ажиллах суурь болж өгсөн.Өнгөрсөн 2,5 жилийн хугацаанд парламентын үйл ажиллагаа хуулийн хүрээнд, хууль батлах үйл явц тасралтгүй маш сайн явагдаж байна гэж дүгнэж болно.

Та баянгол дүүргийн 5, 6, 7, 9, 21 дүгээр хорооны тойргоос УИХ-д сонгогдсон. Гэхдээ таны өссөн газар бол Налайх хот. Ихэнх УИХ-ын гишүүд өсөж, төрсөн нутаг уснаасаа нэр дэвшиж, сонгогдсон байдаг. Та яагаад БГД-ийн 68-р тойргоос нэр дэвшсэн бэ?

Аав маань олон жил Налайхын уурхайд ажилладаг байсан. Уурхайчдын хүүхдүүд яаж өссөн тэдэнтэй л адил өсч, ЕБС-иа Налайхт төгссөн. Одоо “Оргил” худалдааны төвийн нэг салбар Налайх орох замд байдаг. Би тэнд очихоороо яагаад ч юм заавал Налайхын төврүү орж, тэнд байгаа таньдаг хүмүүстэйгээ уулзаж байж л буцдаг юм. Тэнд хүүхэд нас минь өнгөрсөн болохоор сэтгэлд дотно байдаг.

МИНИЙ АЖИЛ АМЬДРАЛЫН ГАРАА БАЯНГОЛ ДҮҮРГЭЭС ЭХТЭЙ

Харин Баянгол дүүрэгт 2003 онд анхны “Оргил” худалдааны төвөө нээсэн. Үүсгэн байгуулсан компани маань өнөөдөр 10 салбартай. 1000 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Үүнээс хойш би энэ дүүрэгтэй холбоотой болсон. Миний ажил амьдралын гараа Баянгол дүүргээс эхтэй.Тиймээс энэ тойргоос УИХ-д нэр дэвшин, иргэдийнхээ итгэлийг авч сонгогдсон.

Та Эдийн засгийн байнгын хорооны дэргэдэх Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар улиран сонгогдсон. Яагаад дахиад сонгогдсон бэ?

Намайг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар томилохдоо салбарт ажилласан туршлага дээр үндэслэсэн гэж боддог. Энэ дэд хороо бол маш чухал чиглэлийн хороо юм. Ямар ч улсын хөгжил эдийн засгийн суурь бол жижиг дунд үйлдвэрлэл юм. Австрали улсад л гэхэд үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэлийн салбар нь эдийн засгийн бүтцийнх нь 60-70 хувийг эзэлдэг. Тухайн улс ч ийм хэмжээнд байлгахыг хүсдэг. Учир нь эдийн засаг, нийгэм амьдралд гэнэтийн тохиолдолд нөлөөлөх эрсдэл бага юм. Эдийн засгаа солонгоруулна гэж бид ярьдаг. Тэгвэл жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих нь эдийн засгаа солонгоруулах боломж юм.

Та бизнесийн салбараас улс төрд орж ирсэн. Хувийн болон улс төрчийн эрх ашгаа хэрхэн эрэмбэлдэг вэ?

Хүнд өөрт зан чанарын өгөгдөл гэж бий. Асуудалд ямар зарчим баримталж, яаж хандаж байна. Амьдралд ч мөн адил. Түүнээс гадна үе шатууд бий. Асуудалд их нямбай цэвэрч ханддаг ч цаг хугацааны үе шат бий. Зах зээлийн нийгэмд шилжихэд өмч хувьчлал явагдаж хүн бүр ганзагын наймаа эрхэлж эхэлсэн. Тухайн үед бүх хүн адилхан замаар явж байсан нь улс төрчид өөрийн үнэ цэнтэй олон зүйлээ гээхэд хүргэсэн байх. Харин миний хувьд улс төрд ороод өөрийн бизнесээ өргөжүүлье. Нэг сайд болоод ийм ажил хийе. Эсвэл ах дүүгээ ажилд оруулъя гэдэг сонирхол, бодол надад огт алга. Миний үеийн залуус дунд над шиг бодолтой олон залуус байгаа. Тиймээс энэ үе бол улс төрийн бас нэгэн үе. Шинэчлэл, өөрчлөлт хийгдэх үе. Энэ үеийнхэн л зөв нийгмийг байгуулах ёстой. Өнөөдөр болохгүй байгаа зүйлээ харж маргалдах биш харин сайжруулж, өөрчлөөд цааш алхах ёстой.

“Монгол төрийн ой санамжид Монгол хүн тод байх ёстой” гэж та хэлдэг. Өнөөдөр Монголын төр Монгол хүнээ ой санамжиндаа тод харах биш хавтгайрсан халамжаар угжиж, амьдрах чадваргүй иргэнийг бүтээгээд байна уу?

Миний хувьд хүмүүс өглөөнөөс орой хүртэл хөдөлмөр хийгээд байхад ядуу амьдарч болохгүй л гэсэн үг. Хүн бүтэн цагаар ажиллаж байхад түүнийхээ хөлсөнд авч байгаа цалин нь амьдралд нь хүрэлцдэг байх ёстой. Үүнийг л төр хардаг, зохицуулдаг, боломжийг бий болгодог байх ёстой. Энэ бол төрийн үүрэг. Тансаг сайхан амьдрах бус хийсэн ажлынхаа хөлсөнд авч байгаа цалин нь хүний наад захын хэрэгцээг хангадаг байх ёстой. Хүний цалин дараагийн цалин хүртэл өр тавихгүйгээр хүрдэг л байж гэмээнэ хүн хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ хандаж, авч байгаа хөлсөндөө сэтгэл хангалуун байх болно.

ХҮНИЙ ӨГСӨН МӨНГӨӨР ХҮН САЙХАН АМЬДАРДАГГҮЙ

Хэзээ ч хүн хүний өгсөн мөнгөөр сайхан амьдрахгүй. Харин өөрөө хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө л сайхан амьдарна. Тиймээс Монголчууд хөдөлмөрлөх ёстой. Хөдөлмөрлөх боломжийг нь төр хууль эрх зүй, татварын бодлогоороо дэмжих шаардлагатай юм.

Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн төрх бол их хэмжээний зээлтэй. Зээлээ дарах гэж дахин өр тавьдаг. Улс төрийн сонгуулийн жилүүдийн хооронд эдийн засгийн өсөлт бууралт бий болж түүнийгээ аврах гэсэн хэдэн улс төрчдийн популизм дотор бодитой өсөлт үзэхгүй олон жил боллоо. Та мэргэжлийн санхүүгийн хүний хувьд үүнийг өөрчлөх боломж байна уу?

Монголчууд олон сая малтай учраас ямартай ч өлсөж үхэхгүй. Гэхдээ өнөөдөр дэлхийн хөгжилтэй улс орнуудын эдийн засгийн тулгуур нь технологи, дэвшилтэт технологи болсон. Зарим нэг улс оронд уул уурхайн бүтээгдэхүүн. Монголчууд олон зуун жилийн өмнө морь малаа өсгөөд, арчлаад сэлмээ ирлээд, үүнийгээ улс орноо аврах арга гэж байсан бол өнөөдөр эдийн засгаа хүчирхэг байлгаж гэмээнэ тусгаар тогтнол, ардчилсан нийгмээ төгс утгаар нь аврах юм. Энгийнээр хэлбэл бид баян болох ёстой. Мөнхийн 2 хөрш улс нь тусгаар тогтнолыг маань хүлээн зөвшөөрсөн. Монгол Улсын хилийн зурвас тодорхой байна. Харин бид баян, хүчирхэг эдийн засагтай байж л энэ бүхнээ хамгаалж чадна. Тиймээс Монгол улс эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн яамтай байх ёстой. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих ёстой. Энэ манай улсын хөгжлийн суурь юм.

2016 оноос хойш 3 жил Монгол Улсын төсвийн тухай хуулийг батлах үед та оролцлоо. Монгол Улсын эдийн засаг жил жилийн төсвийн бодлоготойгоо уялдаатай байдаг. Таныг гишүүн болсоноос хойш батлагдсан төсвүүд бодлогын хувьд хэр уялдаатай байсан бэ?

Монгол Улс хэзээ ч алдагдалтай төсөв батлах ёсгүй. Олсон мөнгөө л зарцуулах ёстой юм. Төсвийн орлогоо 8 их наяд төгрөг байна гэж төсөлдөө бичсэн хэрнээ 2 их наяд төгрөг нэмээд 10 их наядын зарлагатай байна гэж төслөө боловсруулж болохгүй. Бид заавал орлогоосоо давсан зарлагатай байх албагүй. Тухайн төсвийн жилдээ олно гэсэн орлого дотроо хангалттай зарлагаа төсөвлөөд явж болно. Дэлхийн олон улс улсынхаа төсвийг ямар ч алдагдалгүй батлаад болдог. Олсон орлогоо л зарцуулдаг. Харин Улсын нэгдсэн төсвийн төсөл боловсруулалт маш хангалтгүй гэж дүгнэнэ. Хувийн компанийн жилийн санхүүгийн төлөвлөгөөнөөс ч уялдаа холбоо муу байдаг. Угтаа бол Улсын нэгдсэн төсөв хэлэлцэн батлах нь УИХ-ын нэг жилийн ажлын 30%-тай тэнцдэг. Тиймээс Ажлын хэсгийг эрт байгуулж, нухацтай хэлэлцэх ёстой юм.

ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байна. Та Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар ажилласнаас хойш ямар үр дүн гарч байна вэ?

Өнгөрсөн хугацаанд би хэд хэдэн улсын Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд нартай уулзалт хийсэн. Уулзалт бүрт голлон ярилцаж байгаа сэдэв бол жижиг дунд үйлдвэрлэлийн салбар, аж ахуй эрхлэгчидээ хэрхэн дэмжиж байгаа тухайн улсын туршлага, хууль эрх зүйн орчин, хамтран ажиллах боломж нөхцлийн тухай байсан.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БОРЛУУЛАЛТ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ГОЛ БЭРХШЭЭЛ

Монгол Улсын хувьд энэ салбартаа зарцуулах санхүүжилтийг жил бүр тогтвортой байлгаж, зээл, санхүүжилт авч байгаа үйлдвэрлэгч, аж ахуй эрхлэгчидээ олноор нь бойжуулаасай гэж хүсэж байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалт жижиг дунд үйлдвэрлэгчдийн гол асуудал. Энэ тал дээр гадаад харилцааг хөгжүүлэх нь нэн чухал юм.

Та тойргийнхоо ЕБС-ийн сурагчдын дунд “Шилдэг бизнес төсөл”-ийн уралдааныг жил бүр зохион байгуулдаг. Өндөр ч шагналтай. Тойргийнхоо ЖДҮ эрхлэгчдийг бус яагаад ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулдаг юм бэ?

Үйл ажиллагаа явуулж байгаа компанийг би хувийн хөрөнгөөр дэмжинэ гэвэл дор хаяж 1 тэрбум орчим төгрөг шаардлагатай болно. Харин би яагаад ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг сонгодог гэвэл, тэр хүүхдүүд яг амьдралынхаа сонголтын зам дээр байна. Ирээдүйд хэн болж, юу хийх вэ гэдгээ сонгох цагтаа ирсэн байдаг. Энэ уралдаан хүүхдүүд ирээдүйдээ эдийн засагч, бүтээлч, хөдөлмөрч, түүнийхээ үр шимийг хүртсэн иргэн болох суурь, сэтгэлгээний өдөөлт нь болоосой гэж хүсэж зохион байгуулдаг.

Эдийн засгийн төрөлжилт, солонгоруулалт гэж ярьдаг. Монгол Улсын боломж нь аль салбарт байна вэ?

Өнөөдрийн нөхцөлд их хэмжээний зардал, цаг хугацаа зарцуулахгүйгээр орлого олж, байгаа эх үүсвэрээ нэмэгдүүлэх нэг боломж бол Аялал жуулчлал. Дэлхийн олон улсын эдийн засагт энэ салбар тэргүүн байранд явдаг. Бүр зөвхөн аялал жуулчлал дээр улсынх нь эдийн засаг 100% тогтож байгаа улс ч бий. Одоо жуулчид манай улсруу ирэх сонирхлыг төрүүлэх, ирүүлэх ёстой.

МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ АСАР ИХ ИРЭЭДҮЙ БИЙ

Би МИАТ-ын нислэгийн тасалбарыг хямдруулах асуудлаар асуулга тавьсан. Үүнээс болж олон дайралт надруу ирж байна. МИАТ компани 1000 орчим ажилтнаа цалинтай байлгахын тулд Монгол Улсын 3 сая иргэнийг хохироож болохгүй. Бид бусад улсын иргэдтэй ижил үнээр зорчдог болмоор байна. Үүний тулд төрийн хүнд суртлыг л арилгахад асуудал шийдэгдэнэ. Өрсөлдөөнийг бий болгож, либералчилах шаардлагатай. Жуулчид ирэх урсгал нэмэгдэж, аялал жуулчлал хөгжиж чадвал дагаад жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих боломжтой.

Улс төрчид сайн сайхан болох тухай өөдрөгөөр ярьдаг. Гэтэл яг ярьсан шигээ нийгэм бүтээж чаддаггүй шалтгаан юунд байна вэ? Та УИХ-ын чуулганы хуралдааны үеэр “Өнөөгийн парламентаас үл шалтгаалан ард иргэд амьдралаа аваад явдаг нийгмийг бий болгохын төлөө залуу гишүүд ажиллана” гэж хэлсэн. Ийм үе хэзээ ирэх вэ?

Өнөөдөр хүн өөдрөг байхаас өөр гарц байхгүй. Бүх юм бүтэхгүй, болохгүй байна гээд л байвал юу ч сайжрахгүй. Ялангуяа төрийн эрх барьж байгаа УИХ-ын гишүүн аливааг болох, бүтэх талаар ярьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх ёстой юм. Үүнийг ганцаараа хэн ч хийж чадахгүй. Багаараа, хамтдаа хийж чадна. Би дээр хэлсэн улсын хөгжил, хүний хөгжил, улс төрийн тогтолцоо тодорхой үе шатыг дамжиж байна гэж. Бид ч ялгаагүй энэ үеийг туулж өнгөрөх ёстой. Түүнийгээ зөв давж гарахад парламентаас үл шалтгаалан ард иргэд амьдралаа аваад явдаг нийгэм бий болно.

Та хувь улс төрчийнхөө хувьд улс төрийн бүлэглэл, хуйвалдаан, фракцлах зэрэгт үзэл бодлоороо хэр нэгдэн, нийлж байна вэ?

Муу зүйл ярьж байгаа хүмүүс надад итгэж ярьдаггүй. Муу, буруу талын юм ярих гэж байгаа хүмүүс надаас дөлөөд байдаг. Миний хувь хүний зан чанар, үзэл бодол, бас тиймэрхүү жижиг сонирхолд автахгүй гэдгийг мэддэг байх.

УИХ-ын гишүүн болсон хүний лицензийн тоо нэмэгдэж, бизнес нь өргөжөөд байдаг гэж хүмүүсийн ам дамжсан яриаг сонсож байсан уу? Та хувийн бизнестэй. Энэ салбараас улс төрд орсон хүний хувьд боломжийг атгасан тохиолдол байдаг уу?

УИХ-ын сонгуулийн өмнө 2015 онд өөрийн компанийнхаа талаар болон хэрэгжүүлж байгаа төслүүдийнхээ талаар маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч, зарим телевизүүд манай компанийн бүтээн байгуулалттай ирж танилцаж байсан. Харин 2016 онд сонгогдоод, УИХ-ын гишүүн болсноосоо хойш манай компани нэг ч шинэ төсөл эхлүүлээгүй. Баригдсан бүх бүтээн байгуулалт намайг гишүүн болохоос өмнө хийгдсэн төслүүд. Гишүүн болоод хийсэн, эхлүүлсэн төсөл байхгүй бөгөөд надад тийм зүйл хийгээд явах зав ч гарахгүй байгаа. Гэр бүлдээ хүртэл цаг зав гаргаж чадахгүй муу нэртэй болоод байна. Орлогоо олж гэртээ авчрах биш гэр бүлийнхээ орлогоос авч тойрогтоо болон тойргийнхоо ажилд хийгдэх санхүүжилтэнд зарцуулдаг болсон.

2019 онд тойрогтоо ямар бүтээн байгуулалтын ажлууд хийх вэ?

2016-2017 он бол Монгол Улсын эдийн засаг хүнд, уналттай, өрийн хүү төлөлт гэх мэт улсаараа шинээр бүтээн байгуулалт хийх хөрөнгө оруулалт, санхүүжилт шийдэх боломжгүй байсан. Баригдаж байсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төвүүдийн ажил царцсан. БГД-ийн 9, 21-р хороонд сургууль цэцэрлэг байдаггүй. Байгаа нь 3 ээлжээр хичээллэдэг. Эдгээр хороонд сургууль, цэцэрлэг шинээр барих гэхээр гацаад байсан газар чөлөөлөлт 2018 онд хийгдсэн. Удахгүй барилгын ажил эхэлнэ. 10-р хорооллын дундын замууд маш олон жил ашиглагдаж, эвдрэл ихээр үүссэн байсан. Эдгээр замыг шинээр барихад 2019 онд тодорхой санхүүжилт төсөвт орсон. Эдгээр ажилд би өөрөө хяналт тавьж ажиллана. Цаашлаад орон сууцны дээвэр, хананы дулаалга, лифт засвар гэх мэт тойргийн иргэдээс ирсэн санал дээр үндэслэн Нийслэлийн төсөвт санхүүжилт тусгуулсан.

Ярилцсанд баярлалаа.

Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ