МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Энх-Амгалан: Цахим шилжилтийн дөрөв дэх хувьсгал бий болж байна
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
2018.05.08
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Б.Энх-Амгалан: Цахим шилжилтийн дөрөв дэх хувьсгал бий болж байна

Дэлхий дахинд мэдээлэл харилцааны технологи ашиглан газар зүйн байршил, хүний амын тоо, эдийн засгийн боломжоос төдийлэн хараат бусаар хөгжлийн шинэ эрэмбэд хүрээд байна. 

Эдгээр жишээ, загварыг ашиглан улсын эдийн засагт хөгжлийн шинэ гарц боломжийг үүсгэн баялаг бүтээх, төрийн ажил, үйлчилгээг ил тод, шуурхай, шударга болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төрийн албыг цомхон чадварлаг шуурхай болгох арга зам, дүгнэлт, санал боловсруулах зорилгоор “Цахим бодлогын түр хороо” байгуулах зайлшгүй шаардлага үүссэн тул  мэргэжлийн байгууллага, судлаачид, УИХ-ын гишүүд “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачлан, хэлэлцүүлж байна. 

Энэ талаар “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн ажлын хэсгийн гишүүн Б.Энх-Амгалантай ярилцлаа.

 

Яагаад УИХ-ын бүтэц дотор “Цахим бодлогын түр хороо” байгуулах хэрэгтэй вэ? 

Өнөөдөр Монгол Улсад мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль байхгүй. Кибер аюулгүй байдлын тухай хууль байхгүй. Мөн цахим орчинд байгаа гүтгэлэгийн шинжтэй мэдээлэл, түүнийг түгээж байгаа үйл ажиллагааг хязгаарлах, хянаж шалгах, зогсоох, арга хэмжээ авах нэгдсэн бүртгэлд оруулдаг байгууллага байдаггүй. 

Өөр өөрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Мэдээлэл харилцаа холбоо технологийн газар, Эрүүгийн цагдаагийн газар гэсэн байгууллага байгаа хэдий ч эдгээр нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгадаг болохоос цахим орчин дахь хууль бус гүтгэлэгийн шинжтэй зүйл нь нийгэмд ямар хэмжээний хор хохирол учруулдж байгаа эсэхийг тогтоох боломж байхгүй юм.

цахим шилжилтийн дөрөв дэх том хувьсгал бий болж байна

Тиймээс “Цахим бодлогын түр хороо” байгуулах шаардлагатай болсон. Энэ түр хороо байгуулагдсанаар төрийн албаны үйлчилгээг ил тод, шуурхай болгох, мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгох, Цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалахад чадавхи бүхий мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарч ажиллах юм. 

Өнөөдөр Блокчэйн, Биткойн гэх мэт цахим шилжилтийн дөрөв дэх том хувьсгал бий болж байна. Энэ нь цаг үед бид өөрсдийгөө бэлтгэх ёстой. Одоо робот роботтойгоо ярьж, компьютер компьютертэйгээ ярилцаж байна. Ийм шинэ техник технологийн дэвшилрүү улс орнууд явж байна. Монгол Улс ч ийшээ алхах ёстой. Үүний тулд бид бэлэн байж хоцрохгүй алхах хэрэгтэй. Тиймээс энэ асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэх хэрэгтэй байна.

Төрийн цахим үйлчилчилгээ, мэдээлэл, аюулгүй байдал “Үндэсний дата төв”-тэй холбоотой байдаг. Энэ байгууллагатай хэрхэн уялдуулж, үйл ажиллагааг нь өргөжүүлэх вэ? 

Цахим бодлогын түр хороо нь Үндэсний датаа төвийг өргөтгөх асуудлыг ярьж байна. Мөн Монгол Улсын иргэн бүр үндэсний дата хаягтай болно. Ингэхээр цахим орчинд нүүр, овог нэр, хаягаа нууцалсан этгээдүүд, элдэв гүтгэлэгийн шинжтэй мэдээллүүд алга болно. Учир нь иргэн бүр өөрийн гэсэн ID хаягтай болохоор хуурамч ID үүсгэх боломжгүй болно. 

Хуурамч хаяг, гүтгэлэгийн шинжтэй мэдээллийг хязгаарлаж, хаана гэхээр хэвлэл мэдээллийн эрх чөлөө, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдах эрсдэлтэй болох уу? 

Ийм зүйл болохгүй. Цахим бодлогын хүрээнд энэ асуудалд оролцохдоо хэвлэлийн эрх чөлөөг хаахгүй. Хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөө нээлттэй. Гэхдээ гүтгэж болохгүй.

 2017 онд 17 гүтгэлэгийн чанартай гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2018 онд 379 болсон байна

Гүтгэлэг гэдэг үгийг эрүүгийн хуулиас аваад Зөрчлийн хуулиар шийдвэрлэдэг болсоноос хойш гүтгэлэгийн чанартай гэмт хэргийн тоо 100-200 дахин өссөн тухай Эрүүгийн цагдаагийн газраас мэдээлсэн. 2017 онд 17 гүтгэлэгийн чанартай гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2018 онд 379 болсон байна.

Ийм тоо байхад нийгмийг стресст оруулж, хүний нэр төр, эзлэх байр суурь, алдар гавьяа гэх мэт олон асуудал энэ бүхний цаана яригдаж байгаа учраас үүнийг цэгцлэх ёстой гэж бид үзэж байна.

Цахим орчин буюу сошиал орчинд хяналт тавиад, шалгаад хориод эхлэхээр үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд халдаж байна гэх эсэргүүцэлтэй тулах юм биш үү? 

Монгол хүн бүр өөрийн гэсэн интернэт хаягтай болно. Тэр хаягаараа ороод сошиал ертөнцдөө чөлөөтэй үгээ хэлж болно. Түүнээс биш хэн нь мэдэгдэхгүй, цаана нь хэн байгаа нь тодорхойгүй хаягтай хүмүүс сошиал орчинд орж ирээд захиалгатайгаар гүтгэлэгийн шинжтэй мэдээлэл тарааж болохгүй. Түүнийг, хянаж, шалгах ёстой.

Иймэрхүү нийгмийг бухимдуулсан, худал мэдээлэл тарааж болохгүй. Энэ нь эргээд нийгмийн асар ихээр хордуулж, хувьсгал гарахад хүргэж байсан жишээ ч олон улсад бий. Тиймээс төрийн бодлогоор үүнийг цэгцлэх цаг нь болсон. 

Төрийн үйлчилгээг бага багаар цахим болгож эхэлж байна. “Цахим бодлогын түр хороо” байгуулагдсанаар энэ алхам хэр ахих вэ? 

Төрийн үйлчилгээг нэг цэгийн болгож, мэдээлэл авах боломж олгох тал дээр анхаарч байна. Иргэд элдэв лавлагаа, тодорхойлолт зэргийг тухайн байгууллага дээр нь хүлээж дугаарлаж авах байдал одоо ч байсаар байна. Үүнийг шуурхай, хүртээмжтэй болгох тал дээр анхаарна. 

Төрийн үйлчилгээг цахимжихаар шинэ техник, технологиуг нэвтрүүлэх шаардлага үүснэ. Тэр хэрээрээ худалдан авах төсөв нэмэгдэх үү? 

Бид эхлээд бааз сууриа бэлдэх хэрэгтэй. Хууль эрх зүйн орчиноо бэлтгэх ёстой. Тэгээд бэлэн байх үүднээс боловсон хүчнээ бэлтгэх хэрэгтэй. Тэгэж байж бид технологийн дэвшлийг хэрхэн яаж ашиглах вэ гэдэг асуудал яригдана. Тэгэхгүй энэ сайн тэр сайн гэсэн бүхнийг оруулж ирээд л байвал мэдээллийнхээ үүдийг нээчээд ашиглаж, нууцалж чадахгүй байвал улсын мэдээлэл цацагдаж, алдагдах эрсдэлтэй.

 Бид үндэсний аюулгүй байдлаа бодож дотоод сүлжээ гэдэг зүйлийг бий болгох ёстой 

Улс орон бүр өөрийн дотоод сүлжээ, өөрийн ID-тай. Түүгээр дамжуулж мэдээллээ түгээж, авч байдаг. Бид бол yahoo, mail, facebook, twitter зэрэг олон нийтийн сүлжээг л ашиглаж Монголын төр үйл ажиллагаагаа явуулж байна. Бид үндэсний аюулгүй байдлаас бодож дотоод сүлжээ гэдэг зүйлийг бий болгох ёстой юм. 

ШИНЭ МЭДЭЭ