Л.Энх-Амгалан: Улстөрчдийн хэрүүлээс болж Монгол Улсад мега төслүүд хэрэгжих ямар ч боломж алга
2018.02.02
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Л.Энх-Амгалан: Улстөрчдийн хэрүүлээс болж Монгол Улсад мега төслүүд хэрэгжих ямар ч боломж алга

Өнөөдөр /2018.02.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ.

Тэрээр: Энэ хуулийн төсөл 2012 оноос эхлэн яригдаж байна. Бидний нэг буруу сэтгэлгээ байна. Азийн хөгжлийн банк гэдэг бол өөрөө олон улсын байгууллага. Ямар төсөлд санхүүжилт олгож хэрэгжүүлэх нь өөрийнх нь дотоод журмаар явдаг. Азийн хөгжлийн банкаар яригдаж байгаа төсөл 3-5 жилийн хугацаа зарцуулдаг.

УИХ солигдох тутам, Засгийн газар солигдох тутам Азийн хөгжлийн банктай хийсэн хэлэлцээрүүдээ дураараа өөрчилдөг буруу сэтгэлгээ байгаа учраас ямар ч төсөл Монголд хэрэгжих боломжгүй байна.

Өчигдөр БНСУ-ын төслийг ярьж байхад 200 сая долларыг 8 жил хэрэлдээд авч чадсангүй. Усан цахилгаан станцууд зэрэг мега төслүүд Монгол Улсад яагаад хэрэгжиж чаддаггүй вэ гэвэл улстөрчд хэрэлдсээр байгаад нэг ч төсөл босгож чаддаггүй гашуун сургамж байна. Төрийн залгамж бодлого гэж огт байхгүй. Өнөөдөр бид 38 сая долларыг тойрч хэрэлдэж байна.

Би бол Л.Оюун-Эрдэнэ гишүүний дэмжиж байгаа. Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэх маш том бодит саналуудыг гаргаж байгаа. Хэнтий, Архангай аймаг руу түүхэн аялал жуулчлал хөгжих ёстой. Хөвсгөл аймаг руу байгалийн аялал жуулчлал хөгжих ёстой. Азийн хөгжлийн банктай Засгийн газар нь хэлэлцээрээ хийгээд, тавьдаг шаардлагыг нь ТЭЗҮ-г нь боловсруулаад, бэлэн ТЭЗҮ дээр нь Засгийн газар хэлэлцээр хийгээд явахад нь УИХ дэмжээд явах ёстой. Сүүлдээ Засгийн газрын хийсэн хэлэлцээрийг УИХ-д татаж оруулж ирээд, УИХ нь хуваарилдаг буруу жишиг тогтох гэж байна.

Бид олон улсын дүрмээр соёлтой тоглох ёстой.

Азийн хөгжлийн банкныхан сүүлийн 2 өдрийн маргааныг хараад инээж байгаа. Мэдээж томоохон төслүүд ороход тодорхой цаг хугацаа шаарддаг учраас бие биенийгээ ойлгож хандах ёстой. 

Хөвсгөл нуурын төсөл нь 38 км замыг хатуу хучилттай болгох, цэвэрлэх байгууламж барих, хогны байгууламжаа барих, ажлын байрыг бий болгох, 1000 машины зогсоол барих төсөл. 3 жил Азийн хөгжлийн банкныхан зөвлөхүүдээ авчирч, техникийн туслалцаа гэж 3 сая доллар зарцуулсан. Үүн дээрээ үндэслээд 4 Засгийн газартай хэлэлцээр хийсэн. Өнөөдөр 5 дахь Засгийн газар нь болж байна.

Гэтэл УИХ дээрээ татаж авчираад, энэ хэлэлцээрийн төсвийг хуваарилах сэтгэлгээрээр хандаж байгаад би үнэхээр харамсаж байна. Азийн хөгжлийн банк нь аргаа бараад бүгдийг нь хэрэгжүүлье, 38 биш 70 сая доллар өгье. Хамгийн гол нь бид технизийн зөвлөхийг явуулж, та нарын хүсээд байгаа төслүүд дээр ТЭЗҮ боловсруулъя гэсэн байна. 

Бид аман дээрээ Хөвсгөл нуураа хамгаална гэж ярьдаг.

Монгол Улсын цэвэр усны нөөцийн 70 хувь, дэлхийн цэвэр усны нөөцийн 1 хувь, Азийн цэвэр усны нөөцийн 10 хувийг хадгалж байгаа энэ нуур өнөөдөр жинхэнэ утгаараа цаазын тавцан дээр очсон байна.

Аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа нэрээр хэдэн нүхэн жорлон барьчихаад сууж байж болохгүй.

ШИНЭ МЭДЭЭ