МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Төр цахим үнэмлэхтэй иргэнээс нотариатын баталгаа нэхдэг байж болохгүй"
2018.01.24
Улстөр

“Төр цахим үнэмлэхтэй иргэнээс нотариатын баталгаа нэхдэг байж болохгүй"

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа

-Улсын бүртгэлийн болон холбогдох хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэж байна. Хуулийг яаравчлан хэлэлцэхээр оруулж ирснийг сөрөг хүчин эсэргүүцэж байсан. Энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд улсын бүртгэлтэй холбоотой хуулийн төслүүдийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна уу?

-Улсын бүртгэлийн ерөнхий хууль анх 2009 онд батлагдсан. Хууль гарснаар улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо бий болсон. Бүртгэлийн байгууллагуудыг нэгтгэж, нэг иргэн нэг бүртгэлтэй байх боломжийг бүрдүүлж,  бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулна гэдэг нь нэг удаагийн хуулийн өөрчлөлтөөр хязгаарлагдахгүй. Тиймээс нийгэмд шинээр үүсэж буй харилцааг зохицуулахын тулд хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай.

Энэ үүднээс Хууль зүй, дотоод хэргийн яам Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Миний хувьд хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий хэмээн үзэж байгаа. Учир нь өнөөдрийн байдлаар иргэн, хуулийн этгээд болон эд хөрөнгийн бүртгэл цахим болсон. Төрийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй хүргэхийн тулд цахим хувилбарыг бүрэн утгаар нь ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл, иргэний бүхий л мэдээлэл цахим хэлбэрт шилжсэн байхад тухайн иргэнээс өөрийнх нь мэдээллийг дахин шаардах хэрэггүй гэсэн үг. 

Иргэн төрийн байгууллагуудаар гүйж, өөрийн мэдээллээ цуглуулах биш, төрийн байгууллагуудын мэдээлэл гүйж байх ёстой. Тухайлбал, халамж, даатгал, татвар, замын цагдаа, зэрэг байгууллагууд мэдээллийг хоорондоо солилцож, иргэнд чирэгдэл учруулах ёсгүй. Ийм л тогтолцоонд шилжихийн тулд дээрх хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага бий.

-Төрийн байгууллагууд нэгдсэн мэдээллийн төв системтэй болно гэсэн үг үү?

-Төрийн үйлчилгээ үзүүлж буй бүхий л байгууллагын мэдээлэл нэгдсэн нэг баазад цугларч мэдээлэл солилцооны төвтэй болох нь чухал. Энэхүү төвд төрийн байгууллагын аль ч ажилтан нэвтэрч мэдээлэл авдаг байх ёстой. 

Гэхдээ хаанаас хэн хэзээ холбогдож, ямар мэдээлэл авсан гэдэг нь бүртгэгдэх ёстой. Ингэснээр мэдээллийн аюулгүй байдал хангагдана. Мэдээллийг хаалттай болон нээлттэй гэж ангилах ёстой. Нээлттэй мэдээллийг зөвхөн төрийн байгууллагууд ашиглах бус банк санхүүгийн байгууллага ч ашиглах боломжийг олгох хэрэгтэй. Ийм л тогтолцоог бий болгохын төлөө төр ажиллах ёстой.

-Цахим үнэмлэхтэй болсон ч түүнийгээ ашиглаж чаддаггүй гэх шүүмжлэл их байдаг?

-Иргэдийн ихэнх үйлчилгээ улсын бүртгэлтэй холбоотой мэдээлэл байдаг. Тэгэхээр бүртгэлийн нэгдсэн систем бий болгох боломж нь бий. Харин түүнд нэвтрэх иргэний бүртгэлтэй холбоотой мэдээллийг авах эрхийг нь нээж өгөх ёстой.

 Долоон жилийн өмнө монголчууд цахим үнэмлэхтэй болсон. Энэ үнэмлэх 72 GB багтаамжтай, бүхий л мэдээлэл орох боломжтой. Гэтэл бид өнгөрсөн хугацаанд цахим үнэмлэхээ бүрэн ашиглаж чадаагүйгээс иргэдэд маш их чирэгдэл учрууллаа. Иргэн өөрийн биеэр байхад нотариатаар иргэний үнэмлэхээ баталгаажуулахыг шаарддаг байдлыг зогсоох хэрэгтэй. 

Улсын бүртгэлийн байгууллага энэ чиглэлээр санаачлагатай ажиллаж, техник, технологийн давуу талыг ашиглах бүрэн боломжтой. Зарим зүйлийг нь хуулиар зохицуулах бүрэн боломжтой.

-Ийм тогтолцоонд шилжих боломж нөхцөлийг дээрх хуулийн төсөлд тусгасан уу?

-Холбогдох зарим заалтууд төсөлд тусгагдсан ч дутуу зүйл байна. Шинээр төрсөн хүүхдийг бүртгэхэд эцэг эхийнх нь иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн баталгаа гэх мэт зүйлүүдийг тусгасан байсан. Гэтэл эцэг, эхийнх нь мэдээлэл улсын бүртгэлийн байгууллагад нэгдсэн нэг системд бүртгэгдсэн бэлэн байж байгаа. 

Төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс дахин авахгүйгээр хүндрэлийг багасгахын тулд хуульд өөрчлөлт оруулах ёстой.  

Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд засаж сайжруулах байх. Одоогоор хуулиудыг дөнгөж хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэж байгаа учраас хуулийг тодорхой заалт бүрээр нь ярих боломжгүй.  УИХ-аас ажлын хэсэг байгуулаад хуулийг сайжруулаад явах байх.

-Төрийн мэдээллийн нэгдсэн системтэй болоход хугацаа шаардагдах байх. Цахим мэдээллийн системтэй болоход хэр хугацаа шаардах бол?

-Мэдээллийн сан, мэдээлэл нь бэлэн байгаа. Нэгэнт бий болсон мэдээллийн баазыг эргэлтэд оруулах, төрийн үйлчилгээг хөнгөвчлөх ажил нь харьцангуй удаашралтай байна. Менежментийг нь ойрын хугацаанд түргэн шуурхай хийж, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, технологийн шинэчлэлээс хоцрохгүй хөгжих ёстой.

-У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад 100 дахь хоногтойгоо золгож байна.  Энэ хугацаанд Засгийн газрын хийсэн ажилд та ямар дүн тавих вэ?

-Тодорхой үр дүнтэй ажлууд бий. Нийгэмд тулгамдсан олон асуудалд анхаарал хандуулж ажиллаж байна. Тухайлбал, цэвэрлэх байгууламж болон агаарын бохирдлын асуудалд түлхүү анхаарал хандуулж, шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байгаа нь харагдаж байна. Гэхдээ улс орны эдийн засагт чухал дэмжлэг үзүүлэх томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд хэзээ оруулах нь тодорхойгүй байна.

Гэхдээ бэлтгэл ажил хангагдаж байгаа гэж ойлгож байна. Мөн Монгол Улсад шударга ёсыг тогтоох амлалтаа биелүүлэх шат дараалсан арга хэмжээг яаралтай авах ёстой. Энэ хүрээнд бодлогоо тодорхойлж, ард түмэнд ямар арга хэмжээ авахаа ил болгох хэрэгтэй гэж бодож байна. Үүнээс гадна ард иргэдийн хариулт нэхсэн олон асуудалд хариулт өгөх ёстой. 

Тиймээс Засгийн газар цаашид баримтлах бодлого, үйл ажиллагаагаа тодорхой болгож, УИХ-аар батлуулах хэрэгтэй. УИХ-ын намрын чуулган удахгүй завсарлана. Хаврын чуулганаар оруулаад ирэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ Засгийн газрын түвшинд шийдвэрлэх боломжтой олон асуудал бий. Бүх шатанд хариуцлагатай ажиллах байх гэсэн хүлээлттэй байгаа.

-Засгийн газраас авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээ олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байна. МАН 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт татвар нэмэхгүй хэмээн тусгасан ч амлалтаасаа буцаж долоон төрлийн татвар нэмсэн гэх шүүмжлэлтэй нүүр тулж байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Татварын нэмэгдлийг УИХ-ын олон гишүүн эсэргүүцсэн. Учир нь манай нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө татвар нэмэхгүй гэсэн амлалт өгч ард иргэдийн итгэлийг хүлээсэн. Гэхдээ тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байсан бөгөөд Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт зайлшгүй хамрагдах шаардлагатай байсан.

Ийм нөхцөл байдал үүссэн гэдгийг УИХ төдийгүй олон нийт ч хүлээн зөвшөөрсөн. Тиймээс УИХ-ын зарим гишүүн эсэргүүцсэн ч олонхыг шийдвэрийг дагасан.

-Татвар нэмсэн шийдвэрийг хүчингүй болгох боломж бий юү?

-Шийдвэрээ эргэж харах боломж бүрдэж байна. Учир нь Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр тодорхой үр дүнд хүрч байна. Эдийн засгийн нөхцөл байдалд эерэг дохио бий болсон тул татвар нэмсэн шийдвэрээ эргэж харах боломжтой.

 Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Монгол Улсад ажиллахаар ирж байгаа. Энэ хүрээнд дээрх шийдвэрийг буцаах талаар Засгийн газар хэлцэл хийх байх. Хэрэв хэлцэл амжилттай болбол УИХ-аар шийдэх байх гэсэн хүлээлттэй байна.

-Өнгөрсөн хугацаанд Засгийн газар төрийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгох, агаарын бохирдлыг бууруулах зэрэг түр арга хэмжээ авч байна. Гэтэл мега төслүүд,  ипотекийн зээл, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг урт хугацааны асуудлаа шийдэж чадахгүй байна гэх шүүмжлэл ч бас иргэдийн дунд байна?

-Засгийн газар том төслүүдээ хөдөлгөхийн тулд тодорхой бэлтгэл ажлаа хийж байгаа байх гэсэн хүлээлттэй байна.

Ш. ОЮУНЧИМЭГ  

ШИНЭ МЭДЭЭ