МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Ганбаатар: Хувь хүний орлогын албан татвар нэмэгдэж байгаа нь буруу
2018.01.19
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Хувь хүний орлогын албан татвар нэмэгдэж байгаа нь буруу

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.
-Он гарсаар татвар, бензин, шатахууны үнэ нэмэгдэж иргэдийг бухимдууллаа. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь гэж байна. Энэ бүхэн дээр УИХ, Засгийн газар ямар нэгэн гарц шийдэл олохгүй бол иргэд “ууртай” байна л даа. Татвар нэгэнт нэмэгдсэн юм чинь иргэдийг ажлын байртай болгох, орлоготой болгох шаардлагатай байна. Ямар гарц байгаа бол?

-Би бизнес эрхэлж байгаад УИХ-ын гишүүн болсон. Тиймээс энэ замыг дамжаад ирсэн гэдэг утгаараа жижиг, дунд үйлдвэрлэл болон өрхийн аж ахуй эрхлэх байдлыг өдөөх ёстой гэж үздэг хүн. Түүнээс биш бүх хүн фэйсбүүкт орж бүгдийг шүүмжилж, гудамжинд гарч жагсаад, бүх зүйл улс төрөөс хамааралтай байгаад байвал бидний амьдрал дээшлэхгүй. Хэрэв тийм байгаа бол бид буруу зам руугаа явж байна гэсэн үг. Бид улс төрөөс үл хамааралтай амьдрах ёстой.

Ялангуяа УИХ-ын гишүүдийн юу хэлж ярьж байгаа нь хэвлэлээр гараад байх шаардлага ч байхгүй. Ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид харин юу хийж бүтээж байна вэ гэдэгт бид илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Сүүлийн 20 гаруй жил улс төрчдөөс бүх зүйл хараат байж, гудамжны амьдралаас эхлээд айл өрхийн хөргөгчний амьдрал ч хамааралтай байж ирсэн. Ийм байж болохгүй. Японд Засгийн газар огцорлоо гэхэд улс төр хийгээд эдийн засагт нь тийм ч чухал биш улс төрд нь өөрчлөлт орж байгаа ч эдийн засагт нь огт хамааралгүй байдаг. Ийм болох хэрэгтэй.

-Тэгээд жижиг, дунд үйлдвэрлэлийг хэрхэн өдөөх юм бэ?

-Ядаж төр засаг нь жижиг, дунд үйлдвэрлэлийг 10 хувьд нь анхаардаг байгаасай. Монгол Улсын эдийн засаг дан ганц жижиг, дунд үйлдвэрлэлээр явахгүй. Тиймээс томоохон төсөл хөтөлбөрүүдээ 90 хувьд нь анхаараад үлдсэн 10 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэлээ анхаар гэж байгаа юм. Жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжвэл ирээдүйд эдийн засгаа солонгоруулахад маш чухал суурь болох юм.

-Ирээдүйд гэж хэзээ вэ?

-5-10 жилийн дараа. Өндөр хөгжилд хүрсэн европын орнууд болох Швейцарь, Герман, Чех, Унгар, Австриас эхлээд жижиг, дунд үйлдвэрлэл дээрээ суурилсан байдаг. Яваад очиход бүгд нэг зүйл үйлдвэрлэдэг, түүнээсээ хамааралтай байдаг л даа.

Түүнээс биш манай улс шиг дарга, даргын хамаатан, улс төрчөөс хамааралтай биш байдаг юм. Тэд би автомашины үйлдвэрт жижиг зүйл хийж өгдөг шүү гэдэг нь өөрсдийнх нь амьдралын баталгаа болдог. Гутлын үдээс, оймсны утас ээрэхээс эхлээд бүгд өөрийн оролцоог бий болгож чадсан. Ийм оролцоотой л болоосой. Саяхан 2-3 залуутай уулзлаа. Тэд яаж Алибабад бүтээгдэхүүнээ борлуулах вэ гэдгээр хэдэн залууст зөвлөгөө өгч байна лээ. Энэ бас л нэг санаа.

-Татварын нэмэгдэл дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Хувь хүний орлогын албан татвар нэмэгдэж байгаа нь буруу. Нэг жилийн өмнө би татварын нэмэгдэлтэй холбоотой яг энэ талаар ярьж байсан. Нийгмийн, хувь хүний орлогын албан татварыг нэмнэ гэхэд би эрс эсэргүүцэж байсан хүн. Харин архи, тамхины татвар нэмэгдэж байгааг нь буруутгахгүй. 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүсийн татвар нэмэгдэнэ гэдэг хүндэдсэн тоо. Таван саяас дээш ч юм уу тэр хэмжээний орлого олж байгаа хүн өндөр татвар төлөх нь хууль шүү дээ. Би 1.5 саяас дээш гэдгийг нь онцолсонгүй. Ихээхэн хэмжээний ашиг олж байгаа бол бизнесээ эхлүүлж байгаа бусад хүмүүстээ тусалдаг байх хэрэгтэй.

Япон, Казахстан жижиг, дунд үйлдвэрлэлийнхээ корпораци хэлбэрээр ажилладаг. Өндөр хэмжээний ашиг олж байгаа компаниуд буцалтгүй тусламж үзүүлж төрөөс нь 50 хувийн санхүүжилтийг нь оруулж корпораци хэлбэрээр бизнес эрхлэх сонирхлыг нь дээшлүүлдэг. Зээл хайгаадолдохгүй, тайлан баланс байхгүй, барьцаа хөрөнгөгүй бизнес хийх гээд яваа хүмүүст маш бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг өгдөг. Энэ санааг бид оруулж ирэх ёстой. Бид шүүмжлээд байж болохгүй. Бодитой санааг оруулж ирэх шаардлагатай. Миний хувьд манайхан хэт их шүүмжлэгч болчхож гэж харж байгаа. Бодитой байх ёстой.

-Ойрын хугацаанд бид эдийн засгаа өсгөхийн тулд яг юун дээр анхаарах ёстой вэ?

-Удахгүй хууль өргөн баригдах гэж байна. Хуулинд эрх барьж буй МАН-ын болон 2020 он хүртэл хийгдэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан жижиг, дунд үйлдвэрлэгчдийн орлогын албан татварын 10 хувийг нэг хувь болгоно гэж амласан. Энэ амлалтаа биелүүлэх ёстой.

Ер нь тайлан баланс гаргаж өгнө гэдэг нь дөрвөн хүнтэй аж ахуйн нэгж байлаа гэхэд нэг нь нягтлан, нөгөөх нь нягтлангийн туслах гээд хэрэггүй албан тушаалтныг бий болгодог. Жилдээ дөрвөн удаа тайлан баланс гаргаж өгдөг. Ашигтай байсан ч ялгаагүй, ашиггүй байсан ч ялгаагүй үргүй зардлыг жижиг, дунд үйлдвэрлэгчээс шаардаад байгаа юм.

Бид ойрын үед 10 хувийн татварыг нэг хувь болгон бууруулах ёстой.

Үүнийг хэрэгжүүлж чадвал бодит өгөөжөө зургаан сараас нэг жилийн дараа өгнө. Мөн бүсчилсэн хөгжлийг хуулинд зайлшгүй оруулж өгөх хэрэгтэй. Төр дотооддоо үйлдвэрлэсэн барааг худалдан авах ёстой. Одоо бол гадаадад үйлдвэрлэсэн барааг худалдан авч байгаагаа төрийн худалдан авалт гэж байгаа. Энэ буруу. Ойрын үед энэ хэрэгжинэ.

 Ярилцсан. Э.Энх

ШИНЭ МЭДЭЭ