МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Сарангэрэл: Зарим эмийг 30-80 хувь хөнгөлнө
2017.12.15
Эрүүл мэнд

Д.Сарангэрэл: Зарим эмийг 30-80 хувь хөнгөлнө

Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг байгуулах шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс дараах тодруулгыг авлаа. 

-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг бие даан ажиллуулах шийдвэр гарлаа. Бие дааснаар ямар ач холбогдолтой вэ?

-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар бие даан ажиллахаар боллоо. Энэ бол МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан асуудал юм. Энэ газрыг бие даалгаснаар төрийн данхар бүтцийг бий болгож байгаа зүйл огтхон ч биш.

Өөрөөр хэлбэл, ЭМД-ын санд мөнгөө төлж байгаа иргэд эрүүл мэндийн үйлчилгээгээ бүрэн авдаг болоход чиглэж ажиллана. Өнөөдөр өндөр өртөгтэй эмнэлгийн тусламж үйлчилгээнээс болж ард иргэдийн нуруун дээр томоохон ачаалал ирж байна. Энэ ачааллыг хөнгөлөх нь тус газрын үндсэн үүрэг болох юм. Хоёрдугаарт, эмийн үнэ тэнгэрт хадсан байна.

Бид Ази тивдээ 3-5 дахин өндөр үнэтэй эм хэрэглэж байгаа. Тиймээс нийтлэг хэрэглэгддэг эмийн үнийг 30-80 хувь хөнгөлөх юм. Үүнээс гадна анхан шатны эмнэлгийн үйлчилгээ явуулж байгаа газруудын үйл ажиллагааг дэмжинэ.

Ингэхдээ цалин мөнгөний нэмэгдэл бус эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад чиглэх юм. Тухайлбал, хэвтрийн ахмадуудад гэрээр очиж үйлчилдэг байх гэх мэт. 

-Энэ газрын үйл ажиллагааг хэн хянах юм бэ?

-ЭМД-ын сан бие даасан үндэсний зөвлөлтэй. Хяналт бодлого, зарцуулалтыг үндэсний зөвлөл хийнэ. Тиймээс иргэдийн төлж байгаа даатгалын мөнгийг дураараа зарцуулах тухай ойлголт байхгүй.

Ер нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар бие дааж байгаа нь ЭМД-ын санд хуримтлагдаж байгаа мөнгийг иргэдэд  чиглэсэн үйлчилгээ рүү ойртуулах зорилготой юм. 

-ЭМД-ын санд нэг жилд нийт хэдэн төгрөг төвлөрдөг вэ?

-Одоогоор 300 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэл байна. Мөн чөлөөт үлдэгдэл гэж байдаг. Тэр нь мөнгө угааж байгаа хэрэг биш, ЭМД-ын сангийн хуримтлал бий болгож байгаа асуудал юм. 

Т.НОМИН

ШИНЭ МЭДЭЭ