МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүд ахмадын баяраар тойргийнхоо ахмадуудад хүндэтгэл үзүүлжээ
2017.10.03
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

УИХ-ын гишүүд ахмадын баяраар тойргийнхоо ахмадуудад хүндэтгэл үзүүлжээ

Манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 20 жил болжээ. Төрийн түшээд тус баярын өдөрт зориулан тойргийнхоо ахмадуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Орхон аймгийн тойргийнхоо 250 гаруй ахмад настанг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлжээ. Тэр дундаа аж үйлдвэрийн гавьяат ажилтан, гавьяат эмч, ахмад дайчин хэмээх алдар цолтой, гавьяа зүтгэлтэй ахмадууд хүрэлцэн ирсэн бөгөөд ахмадууд дотроосоо баярын мэндчилгээ урлагийн номер тоглосон байна.. О.Баасанхүү гишүүн тойргийнхоо ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ тойрогтоо нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулжээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймгийн намын хорооны ахмадуудын баярт оролцжээ.  “Та бүхнийхээ бүтээж бий болгож, өнөөдрийн бидэнд хүлээлгэн өгсөн эх орон, тусгаар тогтнол, бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, ололт амжилт бүхнийг нэр төртэй үргэлжлүүлж, улам сайжруулж, сайн сайхан болгох нь бидний үүрэг билээ.Та бүхэндээ урт насалж, удаан жаргахыг хүсэн ерөөе” хэмээн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэндчилгээ дэвшүүлсэн байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Нийслэлийн Баянгол дүүргийнхээ ахмадуудад хүндэтгэл үзүүлэх баярын арга хэмжээг “Улаанбаатар Палас”-ын концертын их танхимд зохион байгуулсан байна. Тус концертод нийт 3500 ахмад буурлууд хүрэлцэн ирж, баяраа тэмдэглэжээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн 800 орчим ахмадыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. “Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө залуу халуун насаа зориулсан алдар гавьяаны эзэд болсон азай буурлууд, ахмадууд та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: " Монгол орны хоймор нутаг Хөвсгөл аймгийнхаа нийт азай буурлууддаа ахмадын баярын мэндийг хүргэе. Эх орныхоо тусгаар тогтнол, бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, эрдэм мэдлэг, хүч чадал, бүтээлч хөдөлмөрөө зориулсан эрхэм хүндэт Та бүхэндээ эрүүл энх, аз жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье." хэмээн фэйсбүүз хуудаснаа ахмадууддаа зориулж мэндчилгээ дэвшүүлжээ.



ШИНЭ МЭДЭЭ