Засгийн газар огцруулах асуудлаар сайдууд юу гэж хэлэв?
2017.09.08
Улстөр

Засгийн газар огцруулах асуудлаар сайдууд юу гэж хэлэв?

УИХ-ын ээлжит бус чуулган 2 өдөр хуралдсаны эцэст нь засгаа огцрууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 57,5 хувь нь Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн юм. 

Хуулиар бол дараагийн Засгийн газрыг 30 хоногийн дотор байгуулах ёстой бөгөөд тэр болтол одоогийн Засгийн газар үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм. 

Мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын засгийн газар нийт 16 сайдтай бөгөөд үүнээс 8 нь УИХ-ын гишүүн, сайдын албыг давхар хашдаг билээ. 

УИХ-ын чуулган дээр эдгээр сайдуудаас 6 нь өөрсдийн байр сууриа  илэрхийлсэнийг тоймлон хүргэж байна. 

УИХ-ын гишүүн, ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ:

БИД 65-УУЛАА БУЮУ ХЭТ ОЛУУЛАА БАЙЖ ӨЛДӨХИЙН ЗОВЛОНГОО ДАВЖ ЧАДАХГҮЙ ӨРӨӨЛИЙН ТОГЛООМД ОРЖ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ

Ардчилсан парламентын засаглалтай оронд Засгийн газрыг огцруулах нь хэвийн үзэгдэл хэдий ч сайн үйлийг хүртэл хэм хэмжээнээс нь хэтрүүлвэл хор хохирол болдог.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улс 13 Засгийн газартай, нэг Засгийн газрын ажиллах дундаж хугацаа 1.7 жил орчим байсан гэдгээс гүйцэтгэх засаглалыг огцруулах нь хариуцлага тооцох эерэг механизм гэхээсээ илүүтэй улс орны хөгжлийг гацааж, эдийн засгаа хорлодог буруу жишиг хэмээн би үзэж байна.

Өнөөдөр эдийн засаг сэргэж эхэлсэн болохоос хямрал дуусаагүй байна. Хүндхэн цаг үеийн амаргүй ачаа та бидний нуруун дээр байсаар байна.

Монголыг, Монголын төрийг дэлхийд муухай харагдуулж байгаа авлигыг цэгцлэх, бизнес дэх төрийн оролцоог хумих, эрүүл мэнд, боловсролын салбарт дорвитой шинэчлэл хийх, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх гээд олон ажил бидний хүлээж байна. Жишээ нь,  иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ гэхээр бид цалин, тэтгэврийг мөнгөн дүнгээр нь нэмэгдүүлэх л арга хэмжээ авч ирсэн.

Харин манай Засгийн газар хувь хүний худалдан авах чадварыг нэмэгдүүлэх замаар иргэдийнхээ орлогыг өсгөх хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Ихийн хэрээр ажил хийхийн хүслэн байхад, түүнийг эхлүүлэх, хийж дуусгах цаг хугацаа бага үлдсэн хяслан бас байна.  Хэлсэн үгийг бүрэн эхээр нь үзнэ үү.

УИХ-ын гишүүн, БОАЖ-ЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ:

СҮҮЛИЙН 3 ЖИЛД АНХ УДАА ГҮЙЦЭТГЭЛ НЬ ТӨСВӨӨСӨӨ ДАВЖ БИЕЛСЭН

Монгол Улс эдийн засгийн хувьд дампуурсан улс орон гэж зарлуулах хэмжээнд хүрсэн байсан. Энэ эдийн засгийг 65 суудалтай нам яаж залруулах талаар ярьж байсан өдөр саяхан.

Бид төсвийн шинжтэй боловч төсвөөс гадуур зарцуулагдаж ирснийг зангидаж, санхүүгийн сахилга батыг чангатгаж, эмх замбараанд нь оруулж, эдийн засгийн өсөлтийг тодорхой хэмжээнд авч ирсэн.

Монгол Улс сүүлийн 3 жилд анх удаа гүйцэтгэл нь төсвөөсөө тодорхой хэмжээнд давж биелсэн. Бидэнд алдаж, оносон зүйл байгаа боловч 1,2 жилийн хугацаанд хийсэн алын үр дүнг дарж болохгүй.

Бүх юмыг хараар будаж, муу амлаж болохгүй. Бид хувийн хэвшлээ дэмжиж, импортыг орлох нэр бүхий 4 салбарын аж, ахуйн нэгжүүдийг 1 хувийн албан татвартай болгосон. Төсвийн орлогыг нэмэгдүүлж, зардлыг бууруулах чиглэлээр олон нийтэд таалагдахгүй хүнд шийдвэрийг гаргасан. 14 сарын хугацаанд УИХ, Засгийн газар хамтарч олон олон шийдвэр гаргаж, хууль баталсан. Энэ хийсэн ололт, амжилт бүхэн бид 65-ынх байсан. Бидэнд эв нэгдэлтэй байж, хамтарч ажиллах шаардлага байсан.

Бид өөрсдийнхөө явцуу эрх ашгийг хойш нь тавиад, улсынхаа ирээдүй болсон улстөрчдийн үл ойлголцлыг зогсоогоод, хамтарч ажиллах ёстой.

УИХ-ын гишүүн, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ

МАШ ХУРДТАЙ УНАСАН ЭДИЙН ЗАСГИЙГ ТОГТВОРЖУУЛАХЫН ТӨЛӨӨ ЗАСГИЙН ГАЗАР ХИЧЭЭЖ АЖИЛЛАСАН

Би та бүхнийхээ итгэлийг хүлээгээд батлан хамгаалах салбарыг тэргүүлээд нэг жилийн хугацаанд ажилласан.

Олон салбаруудад сахилга, хариуцлага суларсан байна. Энэ бол ганц хоёр жилийн дотор бий болсон нөхцөл байдал биш. Олон жилийн хугацаанд хуримтлагдсан асуудал. Тиймээс ч би хаалттай чуулган дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг мэдээлэл хийх үеэр зэвсэгт хүчний салбарт бий болоод байгаа асуудлыг хөндөж байсан.

Хуулиараа улстөрийн дээд удирдлагыг хэрэгжүүлдэг байгууллага бол УИХ. 2016 оны хууль эрхзүйн зохицуулалтаар Зэвсэгт хүчний бүх хамаарал Ерөнхийлөгчид очсон. Шинэ хуулиар сайдын эрх мэдэлд байсан бүх түвшний томилгооны ажил байхгүй болсон. Удирдлагын томилгоог хийж байж бодлогоо хэрэгжүүлдэг, хяналтаа тавьдаг. Ийм боломж үнэхээр хязгаарлагдмал болсон.

Улс орны эдийн засаг маш хурдтай унасныг бид мэднэ. Энэ уналтыг зогсоох, тогтворжуулах, өсөлт бий болгохын төлөө Засгийн газар их ажилласан. Авч хэрэгжүүлсэн тодорхой зөв бодлогын үр дүнд эерэг өөрчлөлтүүд мэдрэгдэж байгаа. Засгийн газрын ажилд алдаа дутагдал байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ улс орны ирээдүйн том зургаар харвал нилээн эгзэгтэй цаг үе ирсэн учраас Засгийн газрыг унагаах асуудалд УИХ нухацтай, бодитойгоор хандах зайлшгүй шаардлагатай.

УИХ-ын гишүүн, ХУУЛЬ ЗҮЙН САЙД С.БЯМБАЦОГТ

ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ, ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЭГҮЙ, ЯМАР НЭГЭН СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛ ГАРГААГҮЙ ГЭДГЭЭ ШАЛГУУЛЖ НОТЛУУЛНА

Хагацашгүй сайн нөхөддөө  марташгүй муу үгийг бүү хэл ээ гэж ардын үг бий. Би өөрийнхөө ажлыг өгч байгаад концесиийн гэрээний асуудлыг шалгуулж хууль зөрчөөгүй, гэмт хэрэг үйлдээгүй, ямар нэг сонирхлын зөрчил гаргаагүй гэдгээ нотлуулна.

Ийм байдлаар бид цааш цаашдаа зөвхөн зорилгодоо хүрэхийн тулд  бие биеэ харлуулах, гутаах үйлдэл битгий хийдэг байгаасай. Өнөөдрийн энэ бие биедээ шидэж байгаа хатуу үг, гүтгэлэг чинь 2020 оны сонгуулиар эцэстээ бидний эсрэг ашиглагдана.

Тийм учраас улстөр хийж болно, тодорхой зорилго тавьж болно. Сэтгэл санаанд чинь нийцэхгүй байж болно.  Хамгийн гол нь хатуу хүтүү гүжир гүтгэлэг тарааж журмын нөхдөө битгий харлуулж байгаасай гэж журмын нөхдөөсөө хүсэх байна.

УИХ-ын гишүүн, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Н.НОМТОЙБАЯР:

ЭДИЙН ЗАСАГТ ҮР ӨГӨӨЖӨӨ ӨГӨӨД ЭХЭЛСЭН ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ ЯРИХГҮЙ БАЙНА

Ганц нэг улсуудын эрх мэдлийн төлөөх улс төрийн увайгүй үйлдэл мундаг байна. Буруутгах зүйлгүй. Бид ч бас цөөнх байхдаа эрх барьж байсан АН-д хариуцлага тооцож энэ мэт улс төрийн нүүдэл хийж л байсан.

Засгийн газрыг огцруулах 3 үндэслэл байгаа. Хүүхдийн мөнгө бүх зүйл хуулийн дагуу явагдаж, хүүхэд бүрт мөнгийг өгсөн. Хоёрдугаар концессын асуудал. Энэ асуудалд миний нэр удаа дараа давтагдаж ярьж байгаа учраас тайлбар хийх нь зүйтэй.

Энэ концессын гэрээ байгуулагдсан нь үнэн. Өнөөдрөөс 13 жилийн өмнө буюу 2004 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд байх үед хамгийн анхны шийдвэр гараад 5 Засгийн газар дамжиж дэс дараалалтай шийдээд явсан. Би Засгийн газрын гишүүн байхдаа энэ концессыг батлалцахад байлаа гэж бодож байна. 20 гаруй жилийн хугацаанд бизнесийн үйл ажиллагаа явуулж, 1000 гаруй ажилчидтай, 100 гаруй ААН компаниудтай хамтын ажиллагааны гэрээтэй улсад сүүлийн 10-аад жил 130 орчим тэрбум төгрөгөөр Эрдэнэт, MCS-ийн араас татвар төлөлтөөрөө тэргүүлж байна. Ийм компанийн гэрээг би Засгийн газрын гишүүн болсноороо хаах ёстой байсан юм уу?

УИХ-ын гишүүн САНГИЙН САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН:

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ОЛГОХДОО ЯМАР Ч ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ

Концессыг их улстөржүүлж байна. Манай Засгийн газар байгуулагдахад 41 гэрээгээр 2,1 их наяд төгрөгийн концессын гэрээ байгуулсан.

Хүүхдийн мөнгийг огцруулах үндэслэл болгож тавьж байна. Хүүхдийн мөнгийг 4 сарын 14-нд баталсан. 161 тэрбум 520 сая төгрөгөөр баталж өгсөн. Засгийн газар ямар ч хууль зөрчөөгүй. УИХ-ын бүрэн эрхд халдаагүй, та бүхний баталж өгсөн хугацааны хүрээнд хүүхдийн мөнгийг баталсан.

Манай Засгийн газар 2016 оны гуравдугаар улиралд -1.6 хувьд хүрч унаад байсан Монгол Улсын эдийн засгийг 2017 оны эхний хагас жилд 5.3 хувиар өсгөж чадлаа.

Эдийн засгийн бодит өсөлт 5.3 хувьд хүрэхэд худалдааны салбар 18.5 хувиар, боловсруулах үйлдвэрлэл 23.5 хувиар, тээврийн үйл ажиллагааны салбар 13.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Энэ нь Засгийн газрын хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт, бизнесийн тогтвортой орчин бүрдүүлэх, экспортыг нэмэгдүүлж, орлого бий болгох замаар нийт эдийн засгийг идэвхжүүлэх бодлого үр дүнтэй хэрэгжиж байгааг харуулж байна. Унаж байсан эдийн засгийг 3 улирлын дотор дундаж өсөлт рүү буцаан авчирч чадлаа.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ЫН ДАРГА Ж.МӨНХБАТ:

ЗАСГИЙН ГАЗАР УНАГАХ 3 ҮНДЭСЛЭЛ БОЛ ЗҮГЭЭР ШАЛТАГ ЮМ

Манай нам олонх болсон үедээ засгаа огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа түүх анхных нь энэ болж байна.

Түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээчихээд хариуцлагаа Засгийн газартайгаа ярих гэж байна. Мөн манай намын хэсэг нөхөд АН-ынхны тусламжтайгаар Засгийн газраа огцруулах гэж байна.

Өнөөдөр Засгийн газар монголын бүх хүүхдийн мөнгийг алагчилгүй өгснийхөө төлөө огцрох дээрээ туллаа. Мөн концессын асуудлыг их ярьж байна. Концессын асуудалд хууль зөрчсөн юм байхгүй. Манай гэр бүлийн хүнтэй хамаатай гэсэн концесс бий.

Ж.Мөнхбат гэдэг хүнд нэг ч компани байдаггүй. 2009 оноос хойш 100-аад сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд улсын төсөвт 50 тэрбум төгрөг төвлөрүүлээд явж байгаа компанид концессын гэрээ өгсөн юм билээ. Тэр компанитай холбоотой хүнийг манай эхнэрийн хамаатан. Түүнтэй холбож байна.

Би бүлгийн хурал дээр тэр компанийн концессыг цуцал гэж хэлсэн. Энэ Засгийн газрыг огцруулах чинь шалтгаан гэхээсээ илүүтэй шалтаг юм биш үү. Тогоон дотроо ярилцах асуудлыг Засгийн газар дээр авчирч, төрийн зовлон болгож байна. Унаж босох уруудах сэхэх зүйл олон л бий. Сайдын суудал мөнх биш.

ШИНЭ МЭДЭЭ