Тайландын Вант Улсын Үндэсний Хууль Тогтоох Ассамблейн гишүүн Косол Петчсуван тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2017.05.29
Гадаад харилцаа

Тайландын Вант Улсын Үндэсний Хууль Тогтоох Ассамблейн гишүүн Косол Петчсуван тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Тайландын парламентын бүлгийн дарга Х.Болорчулуун, тус бүлгийн гишүүн Ц.Даваасүрэн, Г.Мөнхцэцэг, Н.Оюундарь нар өнөөдөр (2017.05.29) Тайландын Вант Улсын Үндэсний Хууль Тогтоох Ассамблейн гишүүн, Тайланд, Монголын парламентын бүлгийн дарга Косол Петчсуван тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд ноён Косол Петчсуван Монгол-Тайландын парламентын бүлгийн гишүүдийн урилгаар Монголд айлчилж байгаадаа талархал илэрхийлээд дагалдан яваа төлөөлөгчдөө танилцуулсан.

Тэрбээр хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйг үгийнхээ эхэнд онцолсон юм.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ноён Косол Петчсуван тэргүүтэй төлөөлөгчдийг Монголд тавтай морилохыг хүсээд хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Тэрбээр “2016 онд Тайландын ерөнхий сайд хатагтай Йинглак Чинават Монголд зохион байгуулагдсан АСЕМ-ын уулзалтад оролцсонд бид баяртай байдаг. Газар нутгийн хувьд хол ч гэлээ эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа өргөжин тэлсээр байна. Энэ харилцааг цааш өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр орны парламентын харилцаа чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Зүүн Өмнөд Азийн гол түншийн хувьд Монгол Улсыг АПЕК-т элсэхэд та бүхэн дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна” гэлээ.

Ноён Косол Петчсуван хариу хэлэхдээ “Хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 47 жил болж байна. 1997 оноос хойш тогтмол харилцан айлчлалыг хийж, хууль тогтоох байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа өргөн хүрээнд хөгжсөн. Монгол Улсыг АПЕК-т элсэн ороход бид дэмжлэг үзүүлж болно” гэдгийг тэмдэглээд энэ удаагийн айлчлалаар бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх гарц нээгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Уулзалтын төгсгөлд УИХ дахь Монгол, Тайландын парламентын бүлгийн гишүүд хоёр орны аялал жуулчлал, боловсрол, соёл, иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд ноён Косол Петчсуваныг анхаарал хандуулан ажиллахыг хүслээ 

ШИНЭ МЭДЭЭ