МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Тойргийнхоо хүүхдүүдэд парк байгуулж өглөө
2011.10.27

Тойргийнхоо хүүхдүүдэд парк байгуулж өглөө

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг,  Ч.Сайханбилэг нар Баянзүрх дүүргийн гэр хорооллын бяцхан жаалуудад зориулан Хүүхдийн бичил парк байгуулснаа өчигдөр хүлээлгэн өглөө. Улаанбаатар хотын дүүргүүдээс хүн амынхаа тогоор хамгийн олонтойд тооцогдох Баянзүрх дүүрэг 265 мянга гаруй хүн амтай бөгөөд үүнээс бага насны хүүхэд 27.3 хувийг эзэлдэг байна. Ялангуяа хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд ихтэй ажилгүйдлийн тоогоор ч өндөр үзүүлэлттэй тус дүүргийн гэр хорооллын оршин суугчдын хувьд хүүхдийн сургууль цэцэрлэг хүрэлцээ бага, хүүхдийн тоглож наадах орчин ахуй нөхцөл байхгүй зэргээс шалтгаалан эрхэм гишүүд энэ удаад гэр хорооллыг түшиглэсэн хүүхдийн паркийг 470 сая төгрөгөөр байгуулжээ. Хүүхдийн парк Баянзүрх дүүргийн Ботаникийн хүрээлэнд байрлах бөгөөд 8-9 төрлийн тоглоомтой хүүхдийн тоглох аюулгүй орчныг дээд зэргээр хангасан зэргээрээ давуу талтай юм.

Гэр хорооллын дунд баригдсан энэ парк Улаанбаатар хотын дүүрэгт байгуулагдаж байгаа 2 дахь бичил парк юм. Өмнө нь Сонгинохайрхан дүүрэгт Тэргүүн шадар сайд Н. Алтанхуяг, Кекшүзан Д. Батбаяр нар мөн ийм паркийг байгуулсан нь дүүргийнхээ иргэдийн талархлыг хүлээгээд байсан юм. Юутай ч гэр хорооллын бяцхан жаалууд очих газартай, бас маш хямд буюу 400-800 төгрөгөөр тоглох өөрийн гэсэн парктай болж гэр хорооллын бяцхан иргэдийн нар нь гарч байна. Харин энэ ажлыг үргэлжлүүлэн авч явах ажил дүүргийн эрх мэдэлд шилжих бөгөөд одоохондоо хүүхдүүд ээлж дарааллын дагуу үнэгүй тоглох бөгөөд ирэх жилээс дээрх тарифийг мөрдөж эхлэх юм байна.

ШИНЭ МЭДЭЭ