УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
2017.01.11

Л.Оюун-Эрдэнэ: Хандив нэртэй авлигын сүлжээг хянах систем алга байна шүү дээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар /2017.01.10/ Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ санал хэлсэн юм.  

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

Их хэмжээний хандив түүнээс улбаалсан томилгоо зэргээс төр тэр чигтээ буруу эргэлтэд орж, сульдах байдалд орж байна. Нэг хэсэг авлигалын тайлан мэдээлэлд Гаалийн салбар хамгийн их авлигатай холбогддог байсан.

Сүүлийн үед улс төрийн намууд хамгийн их авлигалын сүлжээг бий болгож байгааг хаа хаанаа ярих болж. Мянганы сорилтын сангийнхантай уулзаж байхад танай улс төрийн намууд чинь авлигад бүрэн автчихсан байна.

Ийм нөхцөлд шийдвэр гаргагчид яаж авлигатай тэмцэж чадах билээ гэж байсан.  Энэ асуудалд хариулт өгөх болсон гэж бодож байна. 50 сая төгрөгийн хандивын лимит тогтоолоо гэхэд 500 саяын хандив авсан байхыг илэрүүлэх систем байхгүй байгаа шүү дээ.

Хэн нэгнээс 5 сая төгрөг авах байсан ч 10-20 эсвэл 100 саяыг ч аваад байгаа юм уу гэдгийг хянах систем нь алга. Эдийн засгийн энэ хүнд үед Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Нэр дэвшигчид төрөөс  мөнгө авна дээр нь хандивын мөнгө хамаагүй авна.

Үүнийг хэн ч хянаж чадахгүй учраас энэ саналыг хуучин хэвээр нь явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой гүйцэтгэх засаглал, шүүх засаглалтай холбоотой олон асуудлыг бид томоор харж хяналтын системийг хуульчилж өгөхгүй бол сонгуулиар томоохон компаниуд, бизнес эрхлэгчдээс хандив авах эрсдэл тулгараад байна.

Сонгуулийн хуулийг бид ер нь заавал сонгууль  дөхүүлж байж шийдвэрлэх ёстой юм шиг жишиг тогтож байх шиг байна. Энэ буруу. Тиймээс энэ буруу жишгийг халах цаг нь болсон гэж үзэж байна. 

ШИНЭ МЭДЭЭ