Газрын биржийн ажиллах журмыг баталлаа
2016.12.28
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Газрын биржийн ажиллах журмыг баталлаа

  Газрын биржийн үйл ажиллагааны журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн хавсралтаар баталлаа.

Газрын бирж нь:

-  Төрийн өмчийн газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах

-  Иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар бусдад шилжүүлэх, зуучлах

-  Монгол Улсын иргэний өмчилсөн газрыг худалдах

-  Газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийн сан бэрхлэх, олон нийтэд мэдээлэх үндсэн үүргийг цахим хэлбэрээр гүйцэтгэх юм.

Эдгээрийг зохион байгуулахдаа эрх бүхий Засаг даргын шийдвэрийг үндэслэх учир ажлын ямар нэгэн давхардал үүсэхгүй гэж Барилга, хот байгуулалтын яам үзжээ.

  2015 оны байдлаар улсын хэмжээнд 46693 газар өмчлөгч, 34759 эзэмшигч, ашиглагч шинээр бүртгэгдэж, 8341 газар өмчлөх эрх бусдад шилжиж, 4982 газар өмчлөх эрх бэлэглэлд, 30702 газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх барьцаанд бүртгэгдсэн байна.

  Мөн 67 газар эзэмшигч, өмчлөгч бусдад газраа ашиглуулж, 5521 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших эрхээ бусдад шилжүүлсэн бөгөөд санхүүгийн эргэлтийн хэмжээ 524 тэрбум төгрөг байна.

ШИНЭ МЭДЭЭ