МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүүхдийн мөнгийг ялгавартай олгох нь хууль зөрчсөн үйлдэл
2016.10.03
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хүүхдийн мөнгийг ялгавартай олгох нь хууль зөрчсөн үйлдэл

УИХ-ын тогтоол, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулиар хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохгүй болсон. Тиймээс үүнийг эсэргүүцэн, Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн асан С.Одонтуяагаас тодрууллаа.

-Хүүхдийн мөнгөний асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?

УИХ-ын өнгөрсөн есдүгээр сарын 07-ны өдрийн 38 дугаар тогтоолын холбогдох хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандад байна. УИХ-аас баталсан 38 дугаар тогтоолын дагуу амьжиргааны төвшний 1-10 дугаар бүлэгт орсон айлын хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг бэлнээр олгохоор, уг бүлэгт хамаарахгүй бол хүүхдийн мөнгийг хадгаламж хэлбэрээр байршуулж, 2019 оноос бэлнээр авч болохоор заасан.

Дээрх тогтоолын дагуу нийт хүүхдийн 60 хувь нь 20 мянган төгрөгийг бэлнээр авах бол үлдэж байгаа 40 хувь нь 2019 оноос бэлнээр авах эрх үүсэх юм. Энэ нь дараах хуулиудыг зөрчиж байгаа. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэснийг, Хоёрдугаар бүлгийн 14 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг зөрчиж байна.

Мөн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хүнийг үндэс, угсаа, хэл арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхан үл болно.

Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэснийг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 1.1-д “Хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх” гэснийг зөрчиж буй. Түүнчлэн “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ын хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Оролцогч улсууд хүүхдийн, түүний эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагчийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс угсаа, нийгмийн гарал, эд хөрөнгө, эрүүл мэнд, төрсөн болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчлахгүй” гэснийг зөрчлөө.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль дээдлэх, олон улсын гэрээгээ хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх зарчмыг уландаа гишгэсэн хариуцлагагүй үйлдэл. Монгол Улс 1992 онд Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцод нэгдэж орсон. Энэ конвенцоор Монгол Улсын хүлээсэн үүрэг бол хүүхдийг аливаа нэгэн байдлаар ялгаварлан гадуурхахыг хориглосон.

УИХ хүүхдийн мөнгийг эцэг, эхийнх нь орлогоос хамаарч олгохоор ангилсан нь иргэдээ орлогоор нь ялгаварласан хэрэг боллоо. Олон улсын өмнө хүлээсэн гэрээ, Үндсэн хуулийн зарчмаасаа ухарлаа. Засгийн газар мөнгөгүй байж болно. Гэхдээ нийгмийн үнэт зүйл болсон иргэдийнхээ халаас руу гараа дүрж, хүүхдийн мөнгө, ахмадын тэтгэмжийг багасгаж байгаа нь увайгүй үйлдэл гэж үзэж байна.

-Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгож, үлдсэн 40 хувийнх нь мөнгийг 2019 онд өгнө гэж байгаа. Тиймээс ч үүнийгээ тэгш байдлыг хангаж байгаа хэмээн тайлбарлаад байгаа шүү дээ?

Төсөв байхгүй учраас энэ хуулийг хэрэгжүүлэхгүй, байх юм бол хэрэгжүүлнэ гэдэг зүйл хуульд байдаггүй. Үүнийг УИХ, Засгийн газрын гишүүд бүгд л мэдэж байгаа. Хамгийн гол нь энэ бол алагчлал. 2016, 2017, 2018 онд уул уурхайн орлогоос иргэдэд тэгш хүртээх ёстой байтал алагчилж хүртээж байна.

Нэг хэсэг нь 2016 онд авч байхад нөгөө хэсэг нь 2019 онд авна гэдэг бол алагчлал. Эсвэл бүгдэд нь тэгш хүртээ, эсвэл бүгдэд нь өгөхөө боль. Ялгаварлал, алагчлал хэрэггүй. Иргэдийн амьжиргааг судалж, арван бүлэгт хувааж байна. Ийм судалгаа хийж болохоос биш судалгаагаараа иргэдийг алагчилж, тэгш хүртээх ёстой мөнгийг заримд нь олгож болохгүй.

Судалгааг нь үзэхээр хүүхдийн ээж аавын боловсрол, монгол гэрийн ханын тоо, эд хогшлын тоо, цалинг хүртэл заасан. Иргэдээ ялгаварласан энэ судалгааг баримталж хуулийг хэрэглэж байгаа нь болохгүй.

-Ахмадуудад ч ялгавартай мөнгө олгохоор болоод байгаа.  “Насны хишиг” нэртэй хууль санаачилж батлуулна гэж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

Хамтын тэтгэврийн тухай хуулийг санаачилж батлуулсан хүнийх нь нэг би. Энэ хууль хоёр үндсэн зарчмыг баталгаажуулсан. Одоо амьдарч байгаа манай ахмадууд социализмын бүтээн байгуулалтад зүтгээд, өөртөө хадгаламжгүй, эд хогшилгүй байгаа. Ийм учраас бүтээн байгуулалтынхаа үр шимийг нь хүртэх боломжийг бүрдүүлж ач санах шаардлагатай. Хоёрдугаарт, гэр бүлийг бат бөх байлгахад энэ хууль маш чухал.

Өөрөөр хэлбэл, гэр бүл 15-аас дээш жил тогтвортой амьдарсан байх ёстой гэх мэт шаардлага тавьсан байсан. Гэтэл одоо биеэ оторлож байгаад 70 нас хүрсэн ч насны хишиг авна гэж байна. Дахиад насаар нь ялгаварласан хууль болчихлоо.

Өчигдөр /өнгөрсөн пүрэв гарагт/ Эрүүл мэндийн яам “Ахмад настныг насаар нь ялгаварлахыг зогсооё” гэсэн аян өрнүүлж байна. Би үүнийг нь дэмжиж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ