Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (ЕСБХБ) дэд ерөнхийлөгч Филип Беннетыг хүлээн авч уулзлаа.
ЕСБХБ манай улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 10 жилийн ой энэ онд тохиож байна. Тус банк нь Монгол Улсын хувийн хэвшлийн олон салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж 1,4 тэрбум гаруй ам.долларын урт хугацааны шууд хөрөнгө оруулалт хийсэнд Ерөнхий сайд талархаж, цаашид хамтын ажиллагаагаа дараагийн шатанд оруулах тухайлбал, Засгийн газрын зээл болон баталгаатай зээлийн төсөл хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийллээ. Түүнчлэн ЕСБХБ-наас Оюутолгой төслийг дэмжиж, санхүүжилт олгож байгаад талархал илэрхийллээ.
УИХ-ын сонгуулийн үр дүнгээр шинэ Засгийн газар байгуулагдаж, үйл ажиллагааны хөтөлбөрөө УИХ-аар батлуулсан, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг боловсруулж, УИХ-аар батлуулахаар ажиллаж байгааг Ерөнхий сайд хэлээд хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллана гэлээ.
Энэ хөтөлбөр нь эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг сайжруулах, дунд хугацаанд өрийн дарамтыг багасгах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хэт хамааралтай байдлыг бууруулах суурийг тавих зорилготой гэдгийг тэмдэглэлээ.
ЕСБХБ Монгол Улстай хамтын ажиллагааны хүрээнд Монголд хэрэгжүүлэх дэд бүтцийн төслийн жагсаалт гаргаж, судалгааны баг ажиллаж байгааг тус банкны дэд ерөнхийлөгч Филип Беннет хэллээ.
ЕСБХБ-наас Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн багц ДНБ-ий 12 хувьтай тэнцэж байгаа нь тус банкны гишүүн орнууд дунд хамгийн өндөрт орж байна. Тус банкнаас нийт 82 төслийг уул уурхай, уул уурхайн бэлтгэн нийлүүлэлт, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, аж үйлдвэр, ноолуур, жижиглэнгийн худалдаа, банк санхүүгийн болон бусад үйлдвэрлэл үйлчилгээний салбарт хэрэгжүүлээд байна