МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөгжил бол зохион байгуулалт, сэтгэл, зүтгэл...
Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь
2016.01.11
Улстөр

Хөгжил бол зохион байгуулалт, сэтгэл, зүтгэл...

"Бүх зүйл эерэг, сайхан байна. Хүмүүсийн сэтгэл санаа тайван, залуус нь орон нутаг руугаа тэмүүлсэн, эндээ амьдралаа зохиож байна" гэсэн энгийн жишээгээр Сүхбаатар аймгийн хөгжлийг Ж.Батсуурь тодорхойлж байна. Тэр өөдрөг үзэлтэй. Энэхүү өөдрөг үзэл, хичээл зүтгэлээрээ төрөлх аймаг, орон нутгаа хөгжүүлж иржээ.

Тиймээс ч бид түүнтэй түүний ажлын замнал, хөгжлийн асуудлаарх үзэл бодол, байр суурийг сонсохын зэрэгцээ түүний ямар хүн болохыг мэдэхийг оролдсон юм. Дэлгэрэнгүй атлаа нуршсан зүйлгүй ярилцлагыг шимтэн уншина уу. 

Та өөрийгөө Сүхбаатар аймагт хэр хүлээн зөвшөөрөгдсөн гэж үздэг вэ?

Сүхбаатар аймаг байгуулагдаад 73 жил болж байна. Энэ хугацаанд 15 хүн энэ аймгийг удирдаж иржээ. Би 2008-2012, 2012-2016 онуудад хоёр бүрэн эрхийн хугацаанд Сүхбаатар аймгийн иргэдтэйгээ ажиллалаа.

2008 онд анх ажлаа авахад нутгийн иргэд эдгээр залуус юм хийж чадах болов уу гэж их л голонгуй ханддаг байсан нь анзаарагддаг байлаа.

Манай багийнхан бүгд Сүхбаатар аймгийн уугуул учраас төрсөн нутаг усаа хөгжүүлэхээр чадахаа амлаж, амласнаа биелүүлнэ гэж өөрсдөдөө их л итгэлтэй ханцуй шамлан ажилдаа орсон. Одоог хүртэл аймаг, орон нутгаа аймгийн дайтай аймаг болгочих юмсан гэсэн чин хүсэл, эрмэлзлэлтэй ажилласаар байна.

Нутгийн иргэдэд амьдрах таатай орчин бий болгох хүрээнд томоохон ажлуудыг 2008 оноос хийж хэрэгжүүлж, бодит ажил болгосон учраас 2012 онд бидэнд дахин итгэл хүлээлгэсэн болов уу гэж боддог. Манай засаг даргын тамгын газрынхан ч маш их урам зоригтой ажилласан.

"...Ажиллаад, зүтгээд байвал ард түмэн ойлгодог, хардаг юм байна гэдгийг энэ л жилүүдэд ойлгож, одоо илүү өргөн, том бодлогоор ажиллах нь зүйтэй гэж үзсэн..."
Сүхбаатарчууд бид нэг зүг рүү харж, хөгжин урагшилж байна.   

Энэ бүхний үр дүнд аймгийн 73 жилийн түүхэн дэх хамгийн эерэг дээд амжилтыг гаргасан гэж ойлгож болно. Одоогоор Сүхбаатар аймгийн хүн амын тоо 60 мянгад хүрч, 20-иод мянган өрхтэй өнөр өтгөн айл болжээ. Зам, харилцаа сайжирсан, цэвэр цэмцгэр болсон, иргэдийн амьдрах таатай нөхцлийг бүрдүүлж чадсан гэж үзэж байна.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгаагаар өмнө нь улсын хэмжээнд 17, 18 дугаарт жагсаж байсан бол одоо Орхон, Дархан-Уул аймгийн дараа 3 дугаар жагсаж байна. Засаглалын тогтолцоогоороо улсдаа нэгдүгээрт орлоо.

Нутгийн залуус заавал төрийн алба гэлтгүй орон нутагтаа хэрэгтэй, зах зээлээ мэдэрсэн бизнес эрхэлж байна. 

Түүний зорилго бол хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөх, эс зөвшөөрөгдөх тухай асуудал биш...

Аймгийн Засаг даргын эрх мэдэл, албан тушаал орон нутгаа хангалттай хэмжээнд хөгжүүлэхэд хүрэлцдэг үү?

Аливаа албан тушаал бол эрх мэдэл, зэргээрээ тухайн ажлыг хийхэд хангалттай хүрэлцдэг гэж боддог. Энэ ч утгаараа аймгийн Засаг даргаар ажиллахад эрх мэдэл хүрэлцэхгүй, албан тушаал дутаж байна гэсэн асуудал байхгүй.

“Хийе гэвэл арга нь олддог, хийхгүй гэвэл шалтаг олддог”.

Хэрэв эрх мэдэл хүрэлцэхгүй байна гэж үзэх хэн нэгэн байгаа бол ажлаа хийж чадахгүй байгаа нэгний хэлэх үг байх.  

Төрийн албан хаагч, ялангуяа төрийн өндөр дээд албан тушаалтнууд хуулиа мэдэж, сахин биелүүлэх ёстой. Тэгвэл та хуулийн хүрээнд ажиллаж чаддаг уу? Хуулийн хүрээнд ажиллахад ямар нэгэн асуудал, саад бэрхшээл тулгардаг уу?

Асуудал өдөр тутам тулгардаг. Нэг хүн асуудлыг олон талаас нь харж чадахгүй учраас асуудлыг багаараа ярилцаж шийддэг. “Олны хүч оломгүй далай гэдэг” гэдэг утгаараа асуудлыг хамтдаа амжилттай даван туулахад хууль зөрчих шаардлага гардаггүй.  

Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар хэр хөнгөн, шуурхай үйлчилгээ үзүүлж чаддаг вэ?

Энэ бүхнийг тодорхойлох гол үзүүлэлт бол ард түмэнд бидний ажил таалагдаж байна уу, үгүй юу тухай асуудал яригдана. Бид хөнгөн шуурхай, хүнд сурталгүй, чанартай үйлчилгээ үзүүлж байгаа учраас ард түмэн манай баг, хамт олонд онц дүн тавьж, ажлаа үргэлжлүүлэн хийх боломжоор хангаж байна гэж ойлгодог.

Өдөр тутамд хувь хүний ааш араншин, буруутай үйлдлээс болж нийтээрээ доргих, нэр хүнд унах тохиолдол байж болох ч том агуулгаараа зөв явж байгаа гэдгийг итгэлтэй хэлж чадна.  

Таны ажлаа хийхдээ баримталдаг гол зарчим гэвэл?
Би энгийн байхыг эрхэмлэдэг.

Энгийн шавраар хамгийн сайхан ваар хийж болдог гэдэг. Их мөнгөөр хөгжил авчирна гэдэг юу л бол. Сайн зохион байгуулалттай, ажилсаг айл баян биш байлаа ч өвлийг өнтэй давж, цэвэрхэн цэгцтэй хашаа хороотой байж чаддаг. Хичнээн баян тансаг байлаа гээд малаа зуданд их хэмжээгээр хорогдуулдаг айл байна.

Орон нутгийн хөгжлийг өндөр өндөр байгууламж,  гантиган шалаар тодорхойлж боломгүй. Гол нь айл өрх, албан байгууллага, гудамж талбай нь цэвэр цэмцгэр, хог хаягдалгүй, тэнэмэл ноходгүй гэх зэрэг энгийн зүйлээр орон нутгийн хөгжлийг хэмжих нь зүйтэй болов уу.

“...Хөгжил бол зохион байгуулалт. Хөгжил бол сэтгэл. Хөгжил бол зүтгэл...”

Сүхбаатарчууд хөгжихөд хямрал нөлөөлөхгүй гэж үздэг. Манай баг бүрэлдэхүүнийг анх ажлаа авахад олон улсын санхүүгийн хямрал нүүрлэж байсан ч бид хямраагүй.

Ард иргэдийн тодорхой хувь нь орон сууц, цалингийн зээлтэй байж болно. Гэхдээ нийтээрээ хямарсан гэж хэлэхгүй. Улс орны хэмжээнд эдийн засаг хүнд байлаа гээд хогтой, хиртэй хувцастай байж, хүнтэй муу харьцана гэсэн үг биш.

"...Өөрийнхөө хийж чадахгүй байгаа ажлыг хямрал руу чихэх хэрэггүй. Хямрал бол түр зуурынх. Би тийм л өөдрөг үзэлтэй хүн..."

Бид хүнд хэцүү дайны цаг үетэй нүүр тулгарч байлаа, социализмын үеийг ч даваад л гарсан. Тэр болгонд бидний өвөө, эмээ, аав, ээж нэр бүтэн байж, үр хүүхдээ тэжээж, сайн хүн болгон хүмүүжүүлсээр ирсэн. Одоо юу нь болохгүй байгаа гэж.

Нүүрс, зэс, алт үнэд орж, түүхий  эд экспортлогч болсноос хойш дэлхийн ашигт малтмалын үнэ ханш савлахад хямарлаа гэж ярьдаг болж. Өмнө нь 1-2 ээлжийн хувцастай байснаа одоо хэд хэдэн ээлжийн хувцас сольж өмсөх нь багассанаа хямарчихлаа гэж харж болохгүй.

Боломж хэзээд байдаг гэж үздэг.

Сүхбаатар аймгийн хөгжил хурдацтай байна гэж ойлгох уу? Эсвэл алгуур, аажуу гэхдээ тогтвортой байна уу?
Сүүлийн жилүүдэд Сүхбаатар аймаг маш хурдацтай хөгжиж байна гэж ойлгож болно.

Бидний баг бүрэлдэхүүн 2008 онд ажлаа авсны дараа Сүхбаатар аймгийн төвд 5 км зам тавьсан. Өнгөрсөн найман жилийн хугацаанд 40 гаруй км зам тавиад байна.

Түүнээс өмнөх 66 жилийн хугацаанд 6 км тавьсантай харьцуулахад асар хурцадтай гэж ойлгож болно. 1990-ээд онд Сүхбаатарчуудын дундаж наслалт 64 байсан бол 2008 онд 67, одоо дундаж наслалт 72 болсон байна. Хүмүүний гол зорилго бол хорвоод сайхан амьдрах, урт наслах шүү дээ.

Энэ бүх ажлыг хийсэн нь цаг хугацааны тохироо бүрдсэн гэж тайлбарлаж болох уу?

Бид тэгж бодохгүй байна. Боломж бол аль ч цаг үед байдаг. Боломж бол бэлэг, сонголт бол тавилан гэж боддог. Хүн боломжоо хэзээнээс ашиглаж эхэлсэн нь чухал.

Сүхбаатарчууд 2008 оноос эхлэн боломжоо ашиглаж ирсэн гэж үзэж байна. Цаг хугацаааны тохироо бүрдэнэ гэж ямар ч асуудалд байхгүй. Бидний эргэн тойронд аль ч цаг хугацаанд боломж дүүрэн байдаг.

Та Сүхбаатар аймгийн ууган хүү учраас аймаг, орон нутагтаа хийж, хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудыг мэддэг гэдэг утгаараа давуу талтай байдаг уу?
Өнгөрсөн жилүүдэд аймагтаа шинээр хэдэн мянган ажил хийсэн.

Нийслэлтэй авто замаар холболоо. Орон нутгийн дахин төлөвлөлтийн ажил өрнүүлж, 800 гаруй айл өрх, байгууллагууд ямар нэгэн байдлаар сууринаасаа хөдөлж, эдгээр суурин дээр бага, дунд орлоготой иргэдийн орон сууц, нийтийн орон сууц, хаус орон сууц барьсан.

Монгол Улсын хэмжээнд урьд өмнө нь байгаагүй төлөвлөлт Баруун-Урт сумын хэмжээнд хийсэн гэж үздэг. Хүн ам цөөн, алслагдсан суманд томоохон дэд бүтцийн ажил хийж, бусад сумтайгаа тойрог замуудаар холбогдсон. Тэдгээрийн хооронд 20, 30 га талбайд цогцолбор байгуулж, сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, цагдаа, нийгмийн халамж зэрэг үйлчилгээг нэг дор төвлөрүүлж чадсан.

Монгол Улсын ирээдүйн хөгжлийг авч явах, өөртөө итгэлтэй хойч үеэ хөгжүүлэх нилээд ажил хийсэн. Тэр дундаа Сүхбаатар аймгийн залуус цана, ролик, тэшүүр, гар бөмбөг, хүндийн өргөлт, сагсан бөмбөг, хөлбөмбөгийн спортоор хичээллэж байна. Аймгийн хэмжээнд “Математик” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Боловсролын түвшнээр улсдаа 20 дугаарт жагсаж байсныг урагшлуулахад анхаарсны хүчинд элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн үзүүлэлтээр улсын хэмжээнд 3 дугаарт жагслаа.

"...Ингээд харахад хөгжил нь хүмүүсийн сэтгэхүйг өөрчилдөг. Сэтгэхүй өөрчлөгдөхөд итгэл нэмэгдэнэ. Итгэл нэмэгдэхээр зүтгэдэг. Энэ болгоны үр дүнд бүх салбар жигд хөгжихөд нөлөөлж байна..."

Бидний хийж чадсан хамгийн том ажил бол Сүхбаатарчуудын сэтгэхүй, хандлагыг 100, 200 хувиар өөрчилж чадсанд байгаа юм.  

Тэгвэл нийт Сүхбаатарчууд нэг зорилго зорилго дор нэгдэж чадсан уу? Та бүхний гол зорилго юу вэ? Хотын иргэдтэй харьцуулахад хэр боломж, нөхцөлд ажиллаж, амьдарч байна?

Сүхбаатар аймгийн иргэд хотын иргэдтэй ижил, тэгш боломж нөхцөлд амьдарч, аж төрж байна гэж ойлгодог.

Аймгийн нийт нутаг дэвсгэрт амьдарч буй хүмүүсийн хувьд амьжиргааны түвшин, ажиллах амьдрах нөхцлийн хувьд ялгаа харьцангуй бага гэхэд болно. Улаанбаатар хотод ажиллаж, амьдрахаас харьцангуй өртөг багатай.

Бидний бодлоор аймгийн төв бүрийг хотын статустай болгож, улс орны хэмжээнд хавтгайруулан өгч буй нийгмийн халамжийг орон нутгийн хөгжилд зарцуулах нь зүйтэй гэж үздэг. Хэрэв ингэвэл Улаанбаатар хотод төвлөрсөн тодорхой тооны айл өрх орон нутаг руу шилжиж, орон нутаг, улс орны хөгжилд нэмэртэй гэж боддог.

Төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх бодлого хэр зөв зүй, үр өгөөжтэй байна?

Зөв бодлого боловч хэрэгждэггүй. Зөвхөн 2013 онд л хэрэгжсэн. Анхны ярьсан жилээ л санхүүжилт орж ирсэн. Бид орон нутгийг хөгжүүлэх маш том боломж гэж харж, хүлээлттэй байлаа.

2014 онд төсвийн тодотголд тусгагдсан боловч орон нутагт төсөв хуваарилагдаагүй. Орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүд маш хүлээлттэй байснаас амьдрал ахуйгаа дээшлүүлэх, бизнесээ өргөжүүлэх зорилгоор зээл авсан. Ингээд бодлого хэрэгжихгүй байгаагаас болж өрөнд орж байна. Зөв гэвэл маш зөв бодлого. Гэхдээ хэрэгжихгүй байгаа болохоор буцаад хүндрэлтэй байдал үүсгэж байна гэж хэлнэ.  

Тэр маш эрт "гэрээ зассан" гэж үздэг.

Саяхныг хүртэл яриа Сүхбаатар аймгийн тухай байлаа. Одоо Ж.Батсуурь гэж ямар хүн болох талаар ярилцъя. Чин сэтгэлээр орон нутагтаа ажиллах сэтгэлгээг танд хэн, юу суулгаж өгөв?

Би малчин хүний хүү. Намайг бага байхад манайх алслагдсан аймагт тооцогддог байлаа. Жинд явахад нэг талдаа сар гаруй явдаг байсан. Энд л үе, үеийн буурлууд, аав ээж минь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлсээр ирсэн.

"...Би айлын бага хүү. Тиймээс миний аав, ээж хөлийг минь дөрөөнд, гарыг минь ганзганд хүрэхийн тулд 60 гаруй жил идээшсэн нутаг уснаасаа холдож, төв рүү шилжсэн..."

Одоо бодохнээ тэдний хувьд маш том шийдвэр, хэцүү сонголт байжээ. Аймгийн төвөөс 10 км зайтай газарт аав ээжийн хамт, хэдэн малтайгаа ирж, оюутан болсон.

Оюутан болсон анхны жил ардчилсан хувьсгалын анхны цуглаан, жагсаал болсон. Хичээлийнхээ хажуугаар тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байлаа. Манай сургуулийн захирлаар одоогийн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ажиллаж, Буянгийн Жагаа, Төрийн соёрхолт Д.Сосорбарам нар бидэнтэй санал бодлоо солилцдог байлаа.

Сүхбаатарчууд, нийт Монголчууд сайхан амьдраасай гэсэн бодолд хөтлөгдөж, улс төрд орсон.

Нийгмийн шинэ тогтолцоотой нүүр тулгарч байсан үе л дээ. Энэ агуулгаараа шинэ нийгэмд хүч сорих боломж олдсон. Аав ээжийн ач буян, гэр бүлийн хүмүүжил, мэдлэг боловсролдоо тулгуурлан биеийн амрыг харж байсангүй. Улаанбаатар хотод амьдрах, гадаад улсад сурах, ажиллах боломж байсан уу гэвэл байсан. Гэхдээ хүн нэг л амьдрахдаа утга учиртай, бусдын төлөө амьдрах нь зүйтэй гэж ойлгож, хувиа хичээхийг хүсээгүй.

Би өнөөдөр аймгийн Засаг дарга биш байсан бол эдгээр дурдсан тодорхой, том ажлуудыг хийж чадахгүй байсан. Цаашид УИХ-ын сонгуульд нэр дэвшиж улмаар УИХ-ын гишүүн боллоо гэхэд энэ нь надад улс эх орныхоо төлөө ажиллах том боломж гэж хардаг.

“Биеэ засаад, гэрээ зас. Гэрээ засаад төр зас” гэдгийн адилаар та хэр төлөвшсөн, бие даасан хүн бэ?

Би маш эрт гэрээ зассан гэж боддог. Монголын Хөрөнгийн бирж байгуулагдахад анхны диллерээр ажиллаж эхэлсэн. Хувийн бизнес эрхэлж байсан. Одоогийн ХААН банк анх Хөдөө аж ахуйн банк байхад нилээн дээгүүр хувь нийлүүлэгч залуу явлаа. Харамсалтай банкны үйл ажиллагаа доголдож, бидний оруулсан хөрөнгө оруулалт үр ашгаа өгөөгүй.

Зах зээлийн эдийн засагт шилжиж, анхны бизнесүүдэд бүгдэд нь оролцсон. Тэр чинээгээрээ гэр бүл, санхүүгийн асуудлаа зах зээлийн эхэн үед цэгцэлчихсэн гэж ойлгож болно.

1995 он гэхэд бие даах хэмжээнд хүрсэн. 1996 он хүртэл Ардчилсан намын тууштай дэмжигч байснаа 1996 онд АН-д элсэж, улс төрд хөл тавьсан. Одоо 20 жил болж байна.

Улс төрд яагаад татагдав?

Улс төрд орох нь ажил хийх боломж гэж хардаг. Хэрэв улс төрд ороогүй байсан бол хувь хүний дуу хоолойгоо бусдын адил янз бүрийн хэлбэрээр илэрхийлэх байсан. Сайхан зүйл ярих, сайхан зүйл хийх хоёр алганы ар, өвөр хоёр шиг эсрэг зүйл. Сайхан зүйл ярих амархан, сайхан зүйл хийх хэцүү.

“...Сайхан зүйл хийхэд сайн баг, алсын хараа, зорилго хэрэгтэй. Сайн баг, судалгаа төлөвлөгөө гэдэг бол нэг үгээр нам юм. Намынхаа үзэл баримтлал, үнэт зүйлд чин үнэнч байх ёстой...”
Улс төрд орсноор та эвдэрсэн үү? Таны үзэл бодол, аливааг харах өнцөг өөрчлөгдсөн үү? Сайн ажиллаж байна гэсэн сайшаал магтаал булагдаж эсвэл тодорхой эрх мэдэлд хүрчихээд эвдрэх хүн та мөн үү?

Би улс төрд ороод өөрчлөгдөөгүй. Орон нутагт хөгжлийн гараанаас хамт эхэлж, хамтран ажиллаж, анхнаасаа намайг ямар хүн болохыг мэдэх хүмүүсийн дүгнэлтээр бол би зан харьцаа, ёс суртахууны хувьд өөрчлөгдөөгүй.

Ард түмэн яаж ч сайшааж магтаж, яаж ч унагааж чадах хүчтэй. Тиймээс олигархи, дээрэнгүй шинж бидэнд байдаггүй болохоор ард түмний итгэлийг хүлээсэн хэвээрээ байна гэж ойлгодог.  

Өнөөдөр хүмүүс ардчилсан үзлээс ухраад байх шиг? Та хэр үнэнч байж чадах вэ? Аливаа нөхцөл байдлаас хамаарч сонголтоо өөрчлөх болов уу?

Нийт сонгогчдын сонголтын нийлбэр нь одоогийн УИХ-ын 76 гишүүн. Тиймээс бид тэднийг одоо муулаад, шүүмжлээд хэрэггүй байх. Дэлхийн дийлэнх орон нээлттэй, чөлөөтэй тогтолцоо, ардчилсан баримжаагаар явж байна. Ардчилсан намын бодлого, чиглэлийг би туйлын зөв гэж боддог. Хамгийн гол нь хийж хэрэгжүүлэх боломж байна уу гэдэг асуудал.

Өнөөдрийн төр засаг хүчтэй байх боломжгүй байна. Ардчилсан нам дуртайдаа хүчгүй байгаа юм биш. Энэ бол ард түмний сонголт. Дор хаяж парламентад 39 суудалтай байж, зоригтой бодлого явуулж чадна. Ардчилсан хүчнийг муу юу, сайн уу гэж томоор нь харахыг хүсвэл ажиллах хангалттай боломжийг нь бүрдүүлж өгөөсэй гэж хүсдэг. Ирэх жил ард түмэн дүнгээ тавина. Гэхдээ бид дүнгийн төлөө хөөцөлдөхгүй, чанарыг урьдал болгоно.  

Тэр улс төрд ороод эвдрээгүй...

 

Ярилцахад таатай байлаа. Баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ